Ц.Сосорбарам: 2017 он гэхэд нийслэлийн газрын гүний усны нөөц шавхагдана
- schedule 2014 оны 3 сарын 24
- chat_bubble 0
Дэлхий нийтээрээ өнгөрсөн бямба гарагт “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жил НҮБ-аас эл өдрийг “Ус ба эрчим хүч” уриан дор тэмдэглэв. “Монгол ус” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал, усны зөвлөх инженер, доктор Ц.Сосорбарамыг энэ талаар ярилцлаа.
-Энэ жил НҮБ-аас “Дэлхийн усны өдөр”-ийг “Ус ба эрчим хүч” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Манай улс уснаас эрчим хүч гаргаж авах тухай олон жил ярьсан.Харамсалтай нь энэ ажил үе үеийн Засгийн газрын сонорт хүрдэг ч биелэлээ олсон нь үгүй. Энэ талаар яриагаа эхлүүлье?
-НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарласан. Манай улсад өмнө нь “Усны аж ахуйн ажилтны баярын өдөр” гэж есдүгээр сарын эхний долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг байсан.Харин Усны аж ахуйн яам татан буугдсанаас хойш энэ баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээ больж НҮБ-аас зарласан өдрийг “Дэлхийн усны өдөр” хэмээн тэмдэглэх болсон. НҮБ-аас өнгөрсөн оны гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны арван жил” хэмээн зарлаж, “Ус хөгжил, түншлэл” уриан дор зарлагдсан байдаг. Харин энэ жилийг НҮБ “Ус ба эрчим хүч” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.Хүн төрөлхтний өмнө тулгамдаж байгаа асуудлын нэг нь ус, нөгөө нь эрчим хүч.Энэ хоёр том асуудлыг холбож, уриалга дэвшүүллээ.Өнөөдөр дэлхийд цэвэр усны асуудал харанга цохиж байна.Нөгөө нэг нь эрчим хүчний эх үүсвэр.Европын холбооны улсууд эрчим хүчний асуудлаа шийдэхийн тулд маргаантай байгаа.Тэд эрчим хүчний асуудлаа ус, цөмийн энергиэр шийдэх эсэхэд анхаарал хандуулж, гарах гарц хайж байна.Сүүлийн үеийн техник технологийн хөгжил устөрөгч рүү түлхүү хөгжиж байгаа.Энэ байдалд зарим улс бэлтгэж, хөдөлгүүрээ устөрөгчийн эрчим хүч рүү чиглүүлж эхэллээ.Ингэснээр газ, нефтийн хэрэглээ багасах талтай.Усны асуудал нь манай улсын өмнө тулгамдаж байгаа анхаарал хандуулах асуудлын нэгдүгээрт ордог.Манай улс нь усны нөөц багатай орны тоонд ордог.Монголын усны нөөцийн 80 гаруй хувийг гадаргын ус эзэлдэг.Үлдсэн цөөн хувийг газрын гүний ус эзэлж байна. Гэтэл хэрэглээний усны 85 хувийг газрын гүнээс татаж хэрэглэж байх юм. Энэ бол гаж тогтолцоо.Ийм тогтолцоотой улс манайхаас өөр дэлхий дээр байхгүй. Гадаргын ус нь эргээд сэргээгдэх боломж харьцангуй өндөр.Ядаж л хур борооны уснаас гадаргын ус нөхөгдөнө.Гэтэл тэр нөхөгдөх боломжтой уснаас худлаа хэлэх хүнд нэг ч дусал ус хэрэглэхгүй байгаа.Газрын гадарга дээрх усыг хэрэглэх тал дээр олон бодлого, чиглэл байдаг ч дорвитой үр дүн гарахгүй газрын гүний усаа шавхаж сууна.Бид бараг 30 гаруй жил Эгийн голын усан цахилгаан станцын тухай ярьлаа.Мөн Туул голын усан цогцолбор барих тухай ярьсан.Энэ асуудлуудыг ЗХУ-ын олон байгууллага, хүрээлэн судалж, боломжтой хэд хэдэн хувилбарыг санал болгодог ч цөөн хэдэн хүний эсэргүүцлээс болж өдий хүрсэн.Өнөөдөр манай улс эрчим хүчний байнгын хэн нэгний хараанд байна.Ялангуяа сэрүүний улиралд эрчим хүчний найдвартай эх үүсвэрүүд үүргээ гүйцэтгэх тал дээр хангалтгүй байдаг.Гэтэл өнөөдөр уснаас эрчим хүч гаргаж болно гээд хэдэн зуун улс үр дүнг нь харж, мэдэрч сууна.
-Усан цахилгаан станц гэхээр их нүсэр төсөөлөгддөг. Энэ станц баригдлаа гэхэд давуу тал нь юу вэ?
-Дулааны цахилгаан станцын дулааны энергийг хадгалж болдоггүй. Харин усан цахилгаан станц нь дулааныг хадгалах чадамж өндөртэй байдаг. Энэ байдлаар эрчим хүчний оргил үеийг даван туулдаг.Энэ мэт боломжийг бид 30 жилийн турш алдлаа.Харин одооноос усан цахилгаан станцын тухай нухацтай ярилцах боллоо.Мөн энэ жил НҮБ-аас “Ус ба эрчим хүч” гэсэн уриалга гаргасантай холбогдуулж олон жил ширээн дээр байсан асуудлыг хөрсөнд буулгахад анхаарч, хөдөлгөөнд оруулах гэж байна.Эгийн гол болон Сэлэнгэ мөрөн дээр Шүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн ажил дуусч, техник, эдийн засгийн үндэслэлийг судалж байна.Мөн Орхон гол дээр усан цогцолбор барих ажил эрчимтэй явж байгаа бөгөөд Азийн банкны санхүүжилтээр урьдчилсан байдлаар төслийн ажил үргэлжилж байна.Эгийн голын усан цахилгаан станцын өмнө боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэлийг сэргээн шинэчлэх ажил явагдаж байгаа.Мөн Туул гол дээр усан цогцолбор барих ажлыг концессоор оруулах ажил шийдэгдэж, ойрын хугацаанд хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж, нийслэлийн удирдлагууд эцсийн шийдвэрийг гаргавал ажил эхлүүлнэ.Ингэснээр царцсан усан цахилгаан станцын ажил энэ оноос эхлэн эрчимтэй явагдана.Харин 30 гаруй жил яригдсан энэ асуудлыг хаа нэгтэй гацаахгүйн тулд төр, хувийн хэвшил хамтран ажиллах учиртай.
-Сүүлийн үед усны нөөц дуусч байна гэх болсон. Усны нөөцийн хомсдол үүсэх шалтгаан юу байсан бэ?
-Цэнхэр гарагт цөөн хэдэн жилийн өмнө хоёр тэрбум гаруй хүн амьдардаг байлаа. Энэ үед дэлхий дээр нэг тэрбум 440 сая километр.куб усны нөөц байсан.Тэр үед энэ их усны зөвхөн нэг хувийг ашиглаж байсан гэдэг.Харин өнөөдөр долоон тэрбумуулаа энэ хэмжээний усыг хувааж, хэрэглэж байна.Үүнийг л усны гачигдал, хомсдол гэж нэрлэдэг юм.Ус нь байгалийн хуулиар эргэлтэд орж, нөхөгддөг эрдэс.Ул мөргүй алга болохгүй. Гагцхүү усны хэрэглээ нэмэгдсэн нь хомсдол үүсэх шалтгаан, нөхцөл боллоо.Газрын гүний усыг ашиглаж олон жилийг үдлээ.Харин өнөөдөр газрын гүний усны нөөцөд хязгаарлалт орж эхэлсэн.2017 он гэхэд нийслэлд ундны усны хомсдол нүүрлэх дээрээ тулсан.Энэ бол судалгаан дээр үндэслэж гарсан зүйл.Нийслэлийн хүн амын тоо 2017 он гэхэд 1.7 сая хүрэх магадлалтай байгаа.Мөн өнгөрсөн жил хүртэл Монгол Улс хөгжлийнхөө түүхэнд 100 мянган айлын орон сууц барьсан байна.Өнгөрсөн жил гэхэд 20 мянган орон сууц шинээр ашиглалтад орсон.Харин энэ жил мөн ийм тооны орон сууц ашиглалтад орно гэсэн судалгаа гарсан.Энэ тоолонд усны хэрэглээ нэмэгдэнэ.Харин газрын гүний усны нөөц энэ байдлыг хангаж чадахгүй. Өнөөдөр гэр хороололд амьдарч буй нэг хүн хоногт зургаа орчим литр ус хэрэглэж байна.Гэтэл орон сууцанд амьдарч буй нэг хүн 240-300 литр ус хэрэглэж байна.Гэтэл өнөөдөр ийм олон орон сууц ашиглалтад ороход төдий хэмжээний усны хэрэгцээ тулгарна.Тиймээс хүссэн ч хүсээгүй ч усны асуудлыг ярих шаардлага гарч байна.Мөн ярих гэхээс илүүтэй усны хомсдлоос гарахын тулд олон ажлыг эхлүүлэх ёстой.
-Усыг дахин ашиглах боломжийн тухай эрдэмтэд ярьдаг ч бас л орхигдсон. Гэтэл Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна.Ямар учраас энэ хууль хэрэгжихгүй байгаа юм бэ?
-Саарал ус гэж миний мэдэхээр 20 гаруй жил ярьлаа. Үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарч буй бохир усыг саарал ус гэж нэрлээд байгаа.Өнөөдөр ахуйн бохир усыг сайтар цэвэршүүлж, хөдөө аж ахуйд ашиглах бүрэн боломжтой гэдэг.Энэ тухай ч олон жил ярьсан. Яриад яриад ямар нэг хүсэл эрмэлзэл, санхүүжилт хийсэнгүй. Гэхдээ сүүлийн үед хонгилын үзүүрт гэгээ тусах болж, 2012 тавдугаар сарын 15-ны өдөр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас тогтоол гаргах асуудал хэлэлцэгдэх шатандаа явж байна.Хууль хэрэгжиж эхэлснээр иргэн, аж ахуй нэгжээс гарч буй бохир усанд төлбөр ногдуулж эхэлнэ.Гэхдээ төлбөрийг тодорхой заасан стандартаас илүү хэмжээний бохирдуулсан байна уу, үгүй юу гэдгийг сайтар нягтлаж байж нөхөн төлбөр авна.Нөхөн төлбөрийг тооцохдоо үндсэн дүнг гурав дахин үржүүлж тооцно.Ингэснээр аж ахуй нэгжүүд бохир усыг дахин ашиглах дадалд суралцах боломж бүрдэнэ.Түүнийг дагаж шинэ технологи нэвтэрнэ.Эдийн засгийн хөшүүрэг ч болох боломжтой.Өнөөдөр аж ахуй нэгжүүд газрын гүний цэнгэг, цэвэр усыг шууд замаар ашиглаж байгаа.Хамгийн ойрын жишээ гэвэл автомашин угаалгын төв.Тэд ямар ч хяналтгүйгээр цэвэр ус ашиглаж, бохирдуулдаг.Мөн арьс, ширний үйлдвэрүүд байна.Бохир усыг технологийн аргаар цэвэрлэлгүй шууд цэвэрлэх байгууламж руу нийлүүлж сууна.
-Уг нь усыг улстөржүүлж болохгүй гэдэг. Гэтэл манайхан үүний эсрэг, бүр мэргэжлийнхний хэлснээс тэс өөр зүйл яриад суугаад байдаг.Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Улстөржих дуртай хүн манай нийгэмд олон байна. Хэдийгээр бид чөлөөт нийгэмд амьдарч байгаа ч гэсэн эмзэг сэдвээрээ шоудах учиргүй.Үүний тод жишээ ус, агаар, хөрс.Амтай болгон энэ тухай ярьдаг.Гэтэл энэ бол мэргэжлийн үүднээс хандах асуудал гэдгийг мартаж болохгүй. Усаар хэзээ ч шоудаж болохгүй. Маш нарийн шинжлэх ухаан.Гэтэл манайхан бүгд шахуу газрын гүний ус ашигласнаас болж хөрсөн дээрх ус ширгэлээ гэх утга бүхий зүйл ярьдаг.Мөн уул уурхайн компаниуд усаар тоглож сууна гэдэг.Үүнийг зогсоох ёстой гэсэн үзэлтэй байдаг.Нийгмийн хандлага ч тэр тал руу хэвийсэн харагддаг.Энэ бол буруу зүйл биш.Хүн бүр усыг чухалчлах ёстой.Гэхдээ эцсийн үр дүнг мэргэжлийн хүмүүс л судалж байж гаргана шүү дээ.Усыг зүгээр нэг амны зугаа болгож УИХ-ын индэр дээрээс яриад орхих сэдэв биш.
-Нийслэлийн үе үеийн удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас болж ундны эх үүсвэрийн тоо цөөрсөн. Бүр сүүлдээ нийслэлийн ойр орчимд ундны эх үүсвэргүй болсон гэх болсон.Энэ хэр үнэн мэдээлэл вэ?
-Нийслэлийн хэмжээнд цэвэр усны дөрвөн эх үүсвэр бий. Цэвэр усны эх үүсвэрийг дээд, нэг, үйлдвэр, толгойтынх гэж ангилдаг. Цэвэр усны эх үүсвэрт ариун цэврийг дээд зэргээр ахих ёстой. Харамсалтай нь өнгөрсөн 20 жилийн түүхэнд энэхүү цэвэр усны эх үүсвэрт газар олгож, ариун цэврийн асуудлыг орхигдуулсан.Нийслэлийн газар нутгийг нэмэгдүүлэх зорилгоор цэвэр усны эх үүсвэр болох Туул, Яармагийн гүүр орчимд газар олгосон.Үүнээс болж дээрх усны эх үүсвэрийг хасахад хүрсэн.Гэхдээ саарал усны түвшинд дүйцүүлэн ашиглах боломжтой.Тийм учраас газрын гадарга дээрх усыг ашиглах тал дээр түлхүү анхаарах хэрэгтэй байна.
-Усыг хэмнэж сурахгүй бол гурван жилийн дараа цэвэр усны хомсдолд орох нь гэсэн таагүй мэдээ дуулгалаа. Усыг ариг гамтай хэрэглэж заншихын тулд бид юу хийх хэрэгтэй вэ?
-Ус гэдэг эрдсийг монголчууд эрт үеэс ариг гамтай хэрэглэх дадалд суралцсан. Гэвч сүүлийн үед үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Тэр хэмжээгээр усны зохистой хэрэглээ алдагдсан.Уг нь бид усыг хэрэглэх дусал, балгын сэтгэлгээтэй байсан.Энэ сэтгэлгээ алдагдсанаас болж өнөөдөр усгүйдэхийн ирмэг дээр ирлээ.Усгүйдлээ гэж устөржих ямар ч хэрэг байхгүй. Түүний оронд усыг ашигтай байдлаар сурталчлан таниулах хэрэгтэй.Ус хаана ч үнэ цэнэтэй байх ёстой.Гэтэл өнөөдөр цахилгааныг үнэ цэнэтэй гэж ойлгох юм.Гарч, орох тоолонд гэрлээ унтрааж байна.Гэтэл цоргоноос дусал ус дусахад хоногт хэдэн литр ус үргүй урсахыг тооцдоггүй. Энэ байдлыг халахын тулд усыг зах зээлийн системд шилжүүлэх хэрэгтэй.Өөрөөр хэлбэл, усны төлбөрийг нэмэх.Ингэж байж усны зохистой хэрэглээтэй болно.Гамнаж сурна. Гэхдээ монголчуудад амьдралын түвшний ялгаа их болж. Бүх зүйл гэрэл, сүүдрээр хэмжигдэж байна.Үүний илрэл нь гэр хорооллын иргэд усыг өндөр үнээр худалдаж авдаг.Харин орон сууцныхан бага үнээр ус худалдан авч, ариглан гамнана гэдгийг мэдэхгүй сууна.Үүнийг тэнцвэржүүлэх шаардлагатай.Өнгөрсөн хугацаанд усны үнийг хөдөлгөж үзсэн.Ойролцоогоор хоёр дахин нэмсэн.Гэхдээ л энэ үнийн нэмэгдэл усны ашиглалтыг хязгаарлаж чадаагүй. Өнөөдөр цахилгааныг ямар ч эх үүсвэрээс гаргаж болно.Харин ус үгүй болбол дахин сэргээгдэнэ гэж байхгүй. 2011 онд гарсан Экологийн эдийн засгийн үнэлгээний суурьд тулгуурлан Монгол орны сав газруудад үнэлгээ тогтоосон.Үүнд тулгуурлан үнэ тогтоосон.Уул уурхайн компаниудын ашиглаж буй усны хэрэглээний төлбөрийг дээрх үнэлгээний журмаар тооцдог болсон. -Нийслэлийн ойр орчимд ундны эх үүсвэр олдох боломж хэр байна вэ? -Гачууртад шинээр цэвэр усны эх үүсвэр бий болох гэж байна. Энэ эх үүсвэрийг Японы “Жайка” олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар усны эх үүсвэрийн хайгуул хийж, 22 орчим худаг шинээр барьж эхэлсэн.Мөн Яармагт БНСУ-ын “Койка”-гийн тусламжаар хоногт 20 мянган метр.куб ус гаргах хүчин чадалтай нөөц тогтоосон.Энэ эх үүсвэрүүд эхнээсээ ашиглалтад орох шатандаа явж байна.Сүүлд тогтоосон цэвэр усны эх үүсвэрээр нийслэлийн усны эх үүсвэр дуусч байгаа.Гэхдээ нийслэлийн газар нутгийг тойруулан 1986 оноос эхлэн ус хайх судалгаа хийсэн.ЗХУ-ын судлаачдын тусламжаар Туул гол орчим гурван эх үүсвэрийг заалгаж өнөөдрийг хүртэл ашиглаж байна.Мөн хоёр усны нөөц бүхий газар бий ч хэтэрхий алслагдсан байгаа нь ашиглах боломжгүйд хүргэсэн.Нийслэл орчимд 1991 оны үед “Жайка” олон улсын байгууллагын шинжээчид судалгаа хийсэн.1991-1994 оны хооронд нийслэлд хийсэн судалгаагаар ундны эх үүсвэр болохуйц усны нөөц байхгүй гэсэн дүгнэлт гарсан.Тиймээс дахин нийслэлийн ойр орчим газарт ундны усны эх үүсвэр байхгүй болж 2017 он гэхэд газрын гүний усны нөөц шавхдана.Тиймээс нэн богино хугацаанд Туул голыг түшиглэж ундны эх үүсвэр бий болгох хэрэгтэй.
М.АРИУНТУУЛ
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...