Дэлхийн хамгийн том зочид буудлууд
- schedule 2013 оны 10 сарын 13
- chat_bubble 0
12. Bellagio Las Vegas: Өрөөний тоо: 3,993.
АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо байрлах “MGM Resorts International” компани 1998 онд тансаг зэрэглэлийн “Bellagio” буудал нээжээ. Энэхүү орчин үеийн шинэ буудал казиног хуучин Дунас хэмээх зочид буудал казиног нурааж шинээр барьсан байна. Энэ буудлын хөгжмийн аяар бүжиглэх усан оргилуур нь дэлхийд алдартай ба Италийн Тоскани нутгийн үзэсгэлэнт Беллагио нуурын эрэгт байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр загвар дизайныг нь хийжээ.
Тус буудал казино нь 36 давхар 151м өндөр, 33 давхар 139 м өндөр хоёр барилга бүхий 3,993 зочдын өрөө, 10,800 ам метр тоглоомын талбайтай 2 жилийн дотор 1,6 тэрбум ам.долларын өртгөөр босчээ. Нээлтийн баяр ёслолын арга хэмжээнд 88 сая ам.доллар зарцуулсан байдаг гэнэ.
11. Aria Resort & Casino Las Vegas: Өрөөний тоо: 4,004.
Лас Вегасын “Aria Resort & Casino” нь “MGM Resorts International, Infinity World Development групп”-ийн хамтын эзэмшил бөгөөд 2009 онд нээгдсэн шинэ зочид буудал казино юм. 370,000 ам метр талбай бүхий 180 м өндөр, 61 давхар зочдын 4,004 өрөөтэй, тоглоомын тайлбай нь 14,000 ам метр, 16 зоогийн газар, 10 баар шөнийн клуб, театр, бассейн гээд бусад Лас Вегасын буудал казиногийн адил бүх юм байгаа гэнэ. Харин бусдаас ялгаатай нь эрчим хүчээ барилгынхаа цонх болон гудамжны гэрэл зэргээс авах шинэ технологиор бүтээгджээ.
10. Excalibur Hotel & Casino Las Vegas: Өрөөний тоо: 4,008.
“MGM Resorts International” компанийн эзэмшил “Excalibur” (Артур хааны шидэт сэлэмний нэр) зочид буудал казино нь мөн Лас Вегас хотноо байрладаг. Янз бүрийн зугаа цэнгэл, шоу үзүүлбэр явуулдгаараа алдартай. Тус буудал казино нь 1990 онд нээлтээ хийсэн ба дундад зууны үеийн хааны шилтгээн цайз мэт шовх оройт цамхаг багануудтай, маш уран хийц дизайнтай.
Гол барилга нь өөд өөдөөсөө харсан V хэлбэртэй 28 давхар хоёр цамхаг юм байна. Зочдын 4,008 өрөө, 9,300 ам метр тоглоомын талбайтай. 2000, 2007 онуудад шинэчилж өргөтгөсөн. Лас Вегасын зочид буудал казинонуудын адил хүний сонирхол татах бүх л юм байдаг. Үйлчлүүлэгчдээ хаан, хатан мэт байхаар үйлчилдэг гэнэ.
9. Ambassador City Jomtien, Thailand: Өрөөний тоо: 4219.
Тайландын Паттаяа хотын дэргэд Жомтиен буланд байрлах “Ambassador City Jomtien” (Жомтиен хотын Элч) зочид буудал нь далайн эргийн 40 акр (162,000 м.кв) газрыг эзлэдэг. Энэ буудал нь 150-2,000 өрөө бүхий 5 барилгаас бүрддэг байна. Гол барилга нь 44 давхар юм гэнэ. Нийт 4219 өрөөтэй, есөн зоогийн газартай. Азийн хамгийн том усан бассейн энд байдаг. 2002 онд Дэлхийн скаутын 20-р жэмбрийн 14-18 насны 2,500 хүүхдүүдийн цугларалт энд болж байжээ.
8. Mandalay Bay (“THE hotel”-ынхамт): Өрөөний тоо: 4,332.
Лас Вегасын “MGM Resorts International” компанийн эзэмшил “Мандалай Бэй” зочид буудал казино нь 1999 онд нээгдсэн. 44 давхар тансаг 3309 өрөөтэй зочид буудал, 12500 ам метр талбайтай казино юм. 2003 онд нээгдсэн “The hotel” зочид буудал нь 43 давхар бүхий 1,117 өрөөтэй. Мөн зугаа цэнгэл, хурал зөвөлгөөн, спорт урлагийн арга хэмжээ явуулах 93,000 ам метр талбай бүхий “Mandalay Bay Convention Center”, 12,000 суудалтай “Mandalay Bay Events Center” гэсэн төвүүдтэй. 2002, 2007 онуудад өргөтгөж шинэчилсэн.
7. Luxor Las Vegas: Өрөөний тоо: 4,408.
Эртний Египетийг санагдуусан загвар хийцтэй. Пирамид, Скифинс гэхэд ямар ч таксины жолооч төвөггүйхэн хүргээд өгнө. Энэ буудал нь дээрхийн адил мөн л “MGM Resorts International” компанийн эзэмшил бөгөөд 1993 онд анх нээгдсэн байна. “Луксор” зочид буудал казино нь нийт зочид буудлын 4,408 өрөө, 2,000 машин, 87 ширээ бүхий 11,000 ам метр тоглоомын талбайтай, 22, 22, 30 давхар бүхий 3 барилгатай. Нээгдсэнээсээ хойш 4 удаа шинэчилж , өргөтгөсөн. Үндсэн барилга нь Египетийн пирамидтай адил загвараар баригдсан 30 давхар, 111 м өндөр барилга юм байна. “Mandalay Bay, Excalibur” зочид буудал казиногийн дунд байрладаг.
6. Wynn Las Vegas & Encore Las Vegas: Өрөөний тоо: 4,750.
Лас Вегас хотод байрлах дэлхийн хамгийн тансаг, үзэсгэлэн төгөлдөр будлуудын нэг “Wynn Las Vegas”, “Encore Las Vegas” хэмээх хос барилга бүхий зочид буудал, казино юм. Эдгээр нь 4,750 өрөөтэйгөөрөө 6-р байр эзэлжээ. Тэрбумтан Steve Wynn –ийн “Wynn Resorts Limited” компанийн эзэмшил аж. “Wynn” нь 2005 онд нээгдсэн бөгөөд 2.7 тэрбум ам.долларын өртөгтэй, 187 м өндөр, 45 давхар 2,716 өрөөтэй. “Encore” буудал нь 2008 онд нээгдэж 2.3 тэрбум ам.долларын өртөгтэй, 48 давхар бүхий 2,034 өрөөтэй гэсэн хоёр цамхагаас бүрддэг. Тоглоомын танхимын нийт хэмжээ 17,200 ам метр талбайтай.
5. Sands Cotai Central, Макао. Өрөөний тоо: 6,000.
“Hilton Worldwide”, “Inter Continental Hotels Group” компаниудын 4 тэрбум ам.долларын төсөвтэй (зарим тооцоогоор 5 тэрбум гэж байгаа) хамтын төсөл болох “Sands Cotai Central” нь Макаод байрладаг. 2012 онд нээлтээ хийсэн шинэ дөрөв болон таван одтой зочид буудал юм байна. Таван одтой “Conrad”, “Sheraton”, дөрвөн одтой “Sheraton Towers”, “Holiday Inn” гэсэн дөрвөн барилгаас бүтсэн нийт 6,000 зочдын өрөө, 9,800 ам метр тоглоомын талбайтай. Макаогийн хамгийн том зочид буудал, казино юм. Мөн дэлхийн хамгийн том “Hollyday Inn” (Амралт зугаа, цэнгэлийн газар) аж.
4. First World Hotel, Malaysia: Өрөөний тоо: 6,118.
Малайзийн Куала Лумпур хотын “Genting Highlands” хэмээх үзэсгэлэнт газар байрладаг гурван одтой “First World” зочид буудал нь 46,000 м.кв талбай эзлэн баригджээ. 6,118 өрөөтэй, 28 давхар бүхий хоёр барилгаас бүтдэг бөгөөд 2008 он хүртэл дэлхийн хамгийн том зочид буудал хэмээх хэргэмийг хүртэж байжээ. Энхүү алдраа Венец зочид буудлын “Палазо” өргөтгөл нь ашиглалтад орсоноор алджээ. Нийт өрөөний 1,669 стандарт өрөө, 3,307-люкс, 69-давхар люкс, 493- сүпер люкс гэнэ.
3. МЖМ Гранд (MGM Grand Las Vegas) Signature, Skylofts оролцуулаад: Өрөөний тоо: 6,852.
Мөн л Лас Вега хотод байрладаг 1993 онд нээгдсэн “MGM Grand” зочид буудал нь (Signature, Skylofts, Mansion-ийг оролцуулаад) олон өрөөтэйгөөрөө бус алдартай шоу, цэнгээн энтэртаймент үйл ажиллагаа явуулдгаараа дэлхийд алдартай. Алтан арслангаар хамгаалуулсан энэхүү буудал казино нь ерөнхийдөө хэрээс хэлбэрт 4 блок барилга бүхий 89 м өндөр 30 давхар, 17 зоогийн газар, нийт 6,852 өрөөтэй. “MGM Grand-Signature” зочид буудал нь тус бүр 38 давхар бүхий гурван барилга ба нийт 1,738 өрөө, 15,930 ам метр тоглоомын талбайтай. “Skylofts”, “Mansion“ нь 5 одтой салбар буудлууд нь юм байна.
2. Измайлово (Izmaylovo), Москва: Өрөөний тоо: 7,500.
ОХУ-ын Москва хотын Измайлово дүүргийн Измайлово тосгонд байрлах “Измайлово“ зочид буудал нь дэлхийн хамгийн том буудлын 2-рт орж байна. Энэхүү 30 давхар буудлыг 1979 онд 1980 оны Москвагийн зуны Олимпыг арга хэмжээнд зориулан асар түргэн хугацаанд барьсан бөгөөд Альфа, Гамма, Дельта, Вега хэмээх дөрвөн блок барилга бүхий 7,500 өрөөтэй 3 одтой буудал. Улаан талбай руу 20 минут алхаад орох зайтай.
1. Венец (The Venetian & Palazzo Megacenter), Лас Вегас: Өрөөний тоо: 8,108 (зарим тооцоогоор 7117).
Лас Вегас хотноо байрлах “The Venetian & Palazzo Megacenter” нь үнэхээр агуу том хос зочид буудал, казино юм. Энэхүү 52, 37, 14 давхар бүхий 3 том барилга бүхий зочид буудал казино нь “Лас Вегас Сандс” корпорацийн эзэмшил бөгөөд өөртөө “Венец”, “Палазо” зочид буудал, “Сандс экспо центр” худалдааны төв, “Ресорт” казино зэргийг багтаадаг юм байна. Түүний хэмжээг илэрхийлж хэлэхэд үг багадмаар.
Та тэнд буудалсан бол 19 ресторанд нарийн мэргэжлийн мастер тогооч, зургаан удаагийн “James Beard Award” (Тогооч нарын “Оскар”) шагналтай Wolfgang Puck, Emeril Lagasse, Thomas Keller нарын хоолноос сонголтой хийх гэнэ. Венец нь таван одтой 4,049 зочдын өрөө, 4,059 бусад өрөө, 11,000 ам метр талбай бүхий казинотой.
...”MGM Resorts International” компани нь Лас Вегас хотно төвлөрдөг казино, зугаа цэнгэл, шоу энтэртаймент, аялал жуулчлалын компани. Тоглоом, энтэртаймент чиглэлээрээ дэлхий хоёр дахь том компани юм. 2011 онд 27.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, 66,800 ажилчинтай, бөгөөд мон онд 7.8 тэрбум орлоготой, 3.1 тэрбум ам.долларын ашигтай ажилласан. Америк, Араб, Макао зэрэг газар 40 гаруй компани (зочид буудал казино) дангаараа буюу хамтаар эзэмшдэг. Лас Вегаст гэхэд дангаараа 14, хамтын эзэмшлээр 7 зочид буудал, казино эзэмшдэг.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...