УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Цэцэд хандлаа
- schedule 2013 оны 10 сарын 25
- chat_bubble 0
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын хоёроос илүүгүй байнгын хороонд харъяалагддаг, харин олонхыг бүрдүүлж буй нам, эвслийн бүлгийн гишүүд гурван байнгын хороонд харъяалагдаж байгаа нь парламентат ёсыг гажуудуулж байна гэдэг үндэслэлээр МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, бүлгийн Ажлын албаны дарга Д.Батбаатар, намын даргын зөвлөх Б.Энхбаяр нар Үндсэн хуулийн Цэцэд хандсан гэдгээ хэллээ.
Байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо нам, эвслийн бүлгийн УИХ дахь суудлын тоо, олонх, цөөнхийн харьцаа зэргийг харгалзахгүйгээр АН-ын гишүүд гурван байнгын хороонд, харин МАН-ын бүлгийн гишүүд нэг, хоёр байнгын хороонд харъялагдаж байгаа нь УИХ-ын гишүүдийн дунд эрх зүйн ялгаврлыг бий болголоо гэж өргөдөл гаргагчид үзэж байгаа аж.
Мөн тэрээр ард түмний төлөөллийг хэрхэн тэгш хангаж байна вэ гэдэг нь ардчилсан ёсны чухал шалгуур юм. Гэтэл нэг хэсэг ард түмний төлөөлөл нь хууль тогтоох үйл ажиллагаанд илүү давуу боломж эдэлдэг, нөгөө хэсэг нь түүнээс бага буюу хязгаарлагдмал боломж эдэлдэг бүтэц, зохион байгуулалт нь парламентат ёсны мөн чанарыг эвдээд зогсохгүй хууль тогтоох байгууллагын ардчилсан ёсны зарчмаар шийдвэр гаргах нөхцөлийг үгүй хийж байна гэж үзэж байгаагаа хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...