НИШИНО МИЗУХО: ШҮДНИЙ ЦООРЛЫГ ЗОГСООХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХАР ТҮРХЛЭГИЙГ ӨНДӨР НАСТАНД ХЭРЭГЛЭЖ БОЛНО
- schedule 2023 оны 6 сарын 20
- chat_bubble 0
-МОНГОЛ ХҮҮХДҮҮД ӨНӨӨДӨР ЯМАР Ч ШҮДНИЙ ӨВЧИНГҮЙ БАЙХ НЬ МИНИЙ АЗ ЖАРГАЛЫН НЭГ ХЭСЭГ ЮМ-
“Доктор” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Японы Токушима их сургууль болон АШУҮИС-ийн хүндэт профессор, хүүхдийн шүдний эмч Нишино Мизухо оролцлоо.
Нишино Мизухо эмч нь хүүхдийн шүдний цоорлыг зогсоох үйлчилгээтэй хар түрхлэг буюу "сафоройд"-ыг нээж дэлхий дахинаа өргөн нэвтрүүлсэн эрдэмтэн билээ.
-Сафоройд түрхлэгийг та хэзээ анх нээж хэрэглээнд нэвтэрсэн бэ?
-50 жилийн өмнө би хүүхдийн шүдний эмчээр төгсөөд ажиллаж байхад хүүхдийн шүдний өвчлөл маш их байдаг байсан. Би их сургуулиа төгсөөд дөрвөн жил судалгаа хийсэн. Тэгээд ялангуяа хүүхдийн сүүн шүдний цооролт хурдацтай явагддаг. Тийм учраас тэр шүдний өвчлөлийг яаж зогсоох, хурдацыг нь аль болох удаашруулах тал дээрх судалгаа хийсэн. Судалгаа хийсний үр дүнд мөнгөний ион, фтор хоёрыг нийлүүлээд “Сафоройд” гэдэг бүтээгдэхүүнийг бий болгож чадсан юм. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрснөөр түрхлэг маань дэлхий дахинд хүрсэн. Үнэхээр хүүхдийн сүүн шүдний өвчлөлийг зогсоож чадаж байна гэдгийг баталсан учраас өнөөдөр дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөн хэрэглэж ирсээн. Түүнээс хойш 50 жил өнгөрчээ. Патентийн хүчинтэй хугацаа дууссан учраас дэлхийн улс орнуудад хүүхдийн сүүн шүдний өвчлөлд ашигладаг олон төрлийн ижил төстэй мөнгөний ион, фторын найрлага бүхий бүтээгдэхүүнүүд бий болсон. Мөн 2023 оны аравдугаар сард Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас дөнгөж төрсөн болон нялх хүүхдүүдийн шүдний эмчилгээний талаар конгресс зохион байгуулах гэж байна. Тэрхүү конгрессод намайг мэргэжилтний хувьд лекц уншуулахаар урьсан байгаа.
-Таны Монголд айлчлах болсон шалтгаан юу вэ? Мөн АШУҮИС-тай хэдий хугацаанд хамтарч ажиллаж байна вэ?
-2006 оноос АШУҮИС-тай хамтарч ажиллаж эхэлсэн. Тэр үед Токушима Их сургууль, АШУҮИС-ийг ах дүү сургууль болгож хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуруулж, албан ёсны харилцаатай болгосон. Мөн тэр үеэс эхлээд Монгол Улсаас маш олон багш нар докторын зэргээ хамгаалахаар Токушима их сургуульд ирж суралцсан. Би ямагт тэр оюутнуудад анхаарал тавьж ирсэн. Одоо ч гэсэн энэ хоёр сургуулийн хамтын ажиллагаа үргэлжилж, би ч хамтын ажиллагаанд оролцоод явж байна. Манай Токушима Их сургуульд доктор хамгаалсан хүмүүс Монголдоо амжилттай ажиллаж байгааг хараад маш их сэтгэл хангалуун байдаг. АШУҮИС-д манай сургуулийн байгуулсан ажлын өрөө бий. Бид ирэхээрэ тэндээ сууж ажилладаг.
-Энэ удаагийн Монгол дахь айлчлал хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
-Бид зургаадугаар сарын 14-нд ирсэн энэ удаагийн айлчлал маань таван өдөр үргэлжилнэ. Айлчлалын гол зорилго нь ирээдүйн шүдний эрүүл ахуйч эмч нарыг бэлтгэхэд бид хувь нэмрээ оруулахаар ирсэн. Өөрсдийнхөө эмчилгээнд хэрэглэдэг арга, туршлагаасаа хуваалцаж лекц уншихаар мэргэжлийн хүмүүстэйгээ хамт ирсэн.
-Япон Улсын шүдний өвчлөл Монгол Улстай харьцуулахад ямар түвшинд байна? Монгол хүүхдүүдийн шүдний өвчлөл ямар түвшинд байна гэж та дүгнэж байна вэ?
-Япон Улсад сүүлийн үед хүүхдийн шүдний өвчлөл маш их буурсан. Харин Монголд ирээд үзэхэд хүүхдийн шүдний өвчлөл маш өндөр хувьтай байна. Тиймээс бид “Жайка”-тай хамтарсан программ хэрэгжүүлж, яаж Монгол хүүхдүүдийн шүдний өвчлөлийг багасгах тал дээр үйл ажиллагаа явууллаа.
-Шүдний өвчлөлийг багасгах талаар хамтарсан үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож болох юм байна, тийм үү?
-Тийм ээ. Хэрэгжүүлсэн төсөл дотроо бид ямар зүйлийг илүү чухалчилсан бэ гэхээр хүүхдүүдийн асран хамгаалагч ээж, аав нарт зөв ойлголт өгөх. Жаахан хүүхдүүд нэг наснаасаа шүдээ угааж эхэлдэг ч аав, ээж нарын хүүхдийнхээ шүдийг угааж өгөх тал дээр дутагдалтай байгааг бид лекцээр ойлгуулахыг хичээсэн. Мөн хамтарч хөдөө орон нутгуудаар үзлэгүүдийг хийсэн. Ер нь хүүхдийн шүд цоороод эмчлүүлэхдээ чухал биш амны хөндий эрүүл байх юм бол хүүхдийн өсөлтөд ч гэсэн маш чухал нөлөө үзүүлдэг. Мөн хүүхэд өсөх явцад өдрийн гурав хооллох нь чухал. Өглөө 10 цагт, үдээс хойш гурван цагт энэ дунд нь заавал нэг нэмэлт хоол идүүлж байх хэрэгтэй. Түүнийгээ дагаад хоол идсэнийхээ дараа заавал амны хөндийг нь зайлж байх ёстой. Хүүхдүүд шүдээ угаахдаа дутуу угаадаг учраас ээж, аав нар заавал хүүхдээ дээш нь харуулж өвөр дээрээ суулгаж байгаад шүдээ яаж угаах арга барилыг зааж өгөхөд төслийн гол санаа чиглэсэн. Бид нарын хамгийн гол анхаарах юм бол шүдийг өвчилсөн хойно нь эмчид очих биш урьдчилан сэргийлэх. Эрүүл шүдтэй байсан ч тогтмол эмнэлэгт үзүүлж байгаарай гэж зөвлөж байна. Эцэст нь миний нэг хэлэх зүйл бол эрүүл хүүхдүүд ээж, аавыгаа дагаад эмнэлэгт очдог. Харин төрөлхийн гажигтай ч юм уу, дауны синдромтой хүүхдүүд байнга шүдний эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэж зөвлөгөө авч байгаасай гэж хүсч байна.
-Хүүхдийн шүдний өвчлөл юунаас болж үүсдэг вэ? Төрөлхийн шүдний өвчлөлтөй төрнө гэж байдаг уу?
-Хөгжлийн гажиг бол шалтгаан тодорхойгүй байдаг. Тухайн эхийн амьдралын хэв маяг болон удамшлын гэх мэт янз бүрийн шалтгаанаас болоод тиймэрхүү гажигтай төрж болдог. Шүдний өвчлөл бол тухайн хүний өөрийн амьдралын хэв маягаас болно. Жишээ нь, эцэг, эх шүдээ угаахгүй бол тухайн хүүхэд ч гэсэн угаахгүй гэсэн үг. Мөн яагаад төрөлхийн гажигтай төрдөг хүүхдүүдийг шүдний эмчид ир гээд хэлээд байгаа гэхээр өөрсдөө шүдээ угааж чадахгүй, өөрсдийгөө арчлахад их хэцүү байдаг учраас бид тэр хүүхдүүдэд анхаарал тавьж байнга эмнэлгийн хяналтад байгаасай гэж хүссэнийх.
-Шүдний хар түрхлэгийг түрхэж болохгүй заалт гэж байгаа юу?
-Сафоройдыг хэрэглэж болохгүй заалт гэвэл дөнгөж сүүн шүднээсээ яг жинхэнэ шүд ургасны дараа энэхүү түрхлэгийг хэрэглэх шаардлаггүй. Яагаад гэвэл түрхлэг нь зөвхөн сүүн шүдний үеийн өвчний явцыг зогсоох зориулалттай. Сүүн шүдэнд түрхлэг түрхсэний дараа шүд нь хар харагддаг. Энэ нь эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдэнд өнгөр тогтсон, хоолны үлдэгдэл үлдсэнийг нь харахад хялбар учраас тэр. Мөн хар түрхлэг нь шүдний өвчлөлийг зогсооход нөлөөтэй бодис юм. Ийм утгаараа хүүхдийн шүдний өвчлөл буурдаг. Мөн өндөр настай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Яагаад гэвэл өндөр настай хүмүүсийн буйл нь доошоо суугаад шүд болон буйл хоёрын завсраар өвчлөл их явагддаг. Тэгэхээр тэр үед нь хэрэглэхэд маш тохиромжтой. Бас шүдний эмчилгээнд заавал өвчин намдаах тариа хийж эмчилгээ хийдэг. Энэхүү түрхлэгийг хэрэглэснээр шүдний мэдрэлд нь агшилт өгөн гурван сарын дараа эцэг, эхийн арчилгаа нь сайжраад хурдацтай явагдаж байсан өвчлөл нь буурдаг. Тэр үед нь шүдний эмчилгээ хийхэд илүү хялбар болдог. Энэ үед заавал өвчин намдаах тариа хийх шаардлагагүй болдог юм.
-Танд баярлалаа. Ярилцлага маань үүгээр өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд Монгол хүүхдүүд болон асран хамгаалж байгаа аав ээжүүдэд хандаж шүдээ эрүүл байлгах талаар зөвлөгөө өгөөч гэж хүсчбайна.
-Монгол хүүхдүүд өнөөдөр огт шүдний өвчингүйгээр бидний өөдөөс эрүүл шүдтэйгээр инээмсгэлэхийг маш их хүсч байна. Тэр бол миний аз жаргалын нэг хэсэг юм. Мөн Монгол Улсад өнөөдөр хүн ам нь маш залуу байна. Тиймээс Монголын ирээдүйг маш гэрэл гэгээтэй сайхнаар би төсөөлж байна.
АШУҮИС-ийн НАСС-ийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Батбаяр.
-Танай сургууль Японы Токушимагийн их сургуультай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-Японы Токошима Их сургуулийн профессор, хүүхдийн шүдний эмчилгээний тал дээр мэргэшсэн Дэлхийн хүүхдийн шүдний эмч нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Нишино Мизухо нь 2001 онд манай АШУҮИС-ийн НАСС-тай холбогдож хоёр жил дарааллан зочин профессороор ажилласан. Өнөөдрийг хүртэл Нишино Мизухо профессор бидний сайн мэдэх шүдний хар түрхлэг гэдгийг 50 жилийн өмнө зохиож дэлхий нийтийн хэрэглээ болгосон. Энэхүү “сафоройд” гэж нэртэй бүтээгдэхүүнийг Монгол Улсад өнөөдрийн байдлаар өргөн хэрэглэж байгаа. Мөн АШУҮИС-ийн НАСС-ийн Хүүхдийн нүүр ам судлалын урьдчилсан сэргийлэх тэнхимд өөрийн зохиосон "хүүхдийн цагаан" номыг орчуулан хэрэглэх эрхийг өгсөн. Дээрээс нь Токошимагийн их сургуультай АШУҮИС-ийг холбож олон залуучууд, багш, эмч нарыг сургаж байна. Энэ удаад Монгол Улсын шүдний өвчлөл 90 хувьтай байгаа энэ үед манай нүүр амны эрүүл ахуйч нарыг бэлтгэхэд өөрийн баг бүрэлдэхүүнтэйгээ ирж, таван хоногийн хугацаатай сургалтыг зохион байгууллаа.
-Япон Улсаас туршлага судалж, сургалт явуулсны үр дүн яаж гардаг вэ?
-Оюуны хөрөнгө оруулалтын үр дүн гэдэг бол маш өндөр л дөө. Өөрөөр хэлбэл нүүр амны эрүүл ахуйч бол яг манайд мэргэшсэн гэвэл маш цөөхөн байгаа. Манайд энэ мэргэжлээр нэг хэсэг боловсон хүчин бэлтгэж байгаад зогсоод 2020 оноос дахин элсэлт авч эхэлсэн. Гурван жилээр бэлддэг, эхний төгсөлт нь энэ жил болж байна. Яг манайд нүүр амны эрүүл ахуйч мэргэжилтэн боловсон хүчин дутагдалтай байгаа. Шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тал дээр хамгийн гол ажиллах боловсон хүчин бол нүүр амны эрүүл ахуйч нар юм. Тэгэхээр энэ дутагдалтай байдлаа арилгахын тулд бидэнд гадны хүмүүсийн туслалцаа, туршлага дэмжлэг хэрэгтэй байгаа цаг үе юм. Энэ цаг үед бид нар хамтран ажилладаг Нишино багшдаа хандаад Нүүр амны эрүүл ахуйн чиглэлээр багш, оюутнуудад тохирсон сургалт зөвлөгөөнүүдийг өглөө. Энэ чиглэлээр зөвлөмж, зөвлөгөө аваад хамтын ажиллагаа болон туршлага солилцсоноор манай багш нар сургалтаа явуулахдаа хоёроос гурван шат ахисан ийм арга барилаар ажиллах, хичээлийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулах боломж бас нээгдэж байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...