Хятад улсын “XIV таван жилийн төлөвлөгөө”: ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИ ИННОВАЦИЙН САЛБАР
- schedule 2021 оны 9 сарын 29
- chat_bubble 0

Хятад судлаач, Боловсролын ухааны доктор (Ph.D), Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн багш Т.Чулуун-Эрдэнэ
Эдүгээс 68 жилийн өмнө буюу 1953 онд Хятад улс их удирдагч, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энлай-гаар удирдуулан, анхдугаар таван жилийн төлөвлөгөөг эхлүүлж байсан бол энэ оны 3 сард 14 дэх удаагийн таван жилийн төлөвлөгөөгөө баталлаа. Энэ удаагийн ээлжит төлөвлөгөө нь Хятад улсын “дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах” явдлаас “орчин үеийн социалист улсыг иж бүрэн байгуулах” зорилт өөд алхан орж буй түүхэн чухал цаг үед тохиож буйгаараа онцлог юм.
Миний бие уг нийтлэлээр БНХАУ-ын “XIV таван жилийн төлөвлөгөө” болон “2035 оны хэтийн зорилт”, түүнээс шинжлэх ухаан технологи инноваци, судалгаа хөгжүүлэлтийн салбарын зорилт, бодлогын талаар өгүүлэх ба бусад чиглэлүүдийг цаашид цувралаар танилцуулна.
XIV таван жилийн төлөвлөгөө ба 2035 оны хэтийн зорилт
Энэ удаагийн таван жилийн төлөвлөгөөнд Хятад улсын ирэх 15 жилийн буюу 2035 он хүртэлх хэтийн зорилтыг давхар тусгаж өгсөн юм. Энэхүү хэтийн зорилтод эдийн засгийн нийт хэмжээ, хот хөдөөгийн иргэдийн дундаж орлогыг нэмэгдүүлэх, зангилаа цөм болсон технологийн шинэ чухал амжилтуудыг бий болгох, инновацлаг улс орнуудын эгнээнд шилжих, шинэ аж үйлдвэржилт, мэдээлэлжилт, хотжилт, хөдөө аж ахуйн орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлж, орчин үеийн эдийн засгийн тогтолцоог байгуулах, ногоон үйлдвэрлэлийн амьдралын загварыг өргөнөөр бий болгох, хүлэмжийн хийн ялгаруулалт оргил үедээ хүрсний дараа аажим буулгах, экологийн орчинг сайжруулах, гадагшаа нээлттэй шинэ нөхцөл байдлыг бүрдүүлэх, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа болон өрсөлдөөнд оролцох шинэ давуу талыг нэмэгдүүлэх, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг дунд зэргийн хөгжингүй орны түвшинд хүргэж, дундаж орлого бүхий бүлгийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх зэрэг ирэх 15 жилийн зорилтуудыг дэвшүүлж, хөгжлийн тоон өсөлтөөс илүүтэй чанарын өсөлтийг чухалчлахаа онцлон тэмдэглэв. Дээрх зорилтуудаас Хятад улс төлөвлөгөөт хугацаанд шинжлэх ухаан технологийн салбарыг урагшлуулах, эко хөгжлийг дэлгэрүүлэх, орчин үеийн нээлттэй эдийн засгийн тогтолцоог бий болгох, иргэдийн амьжиргааны түвшинг улам нэмэгдүүлэх чиглэлд илүүтэй анхаарахаар харагдаж байна.
“XIV таван жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан зарим онцлох бодлогыг дурдвал:
- Жил бүрийн ДНБ-ий өсөлтийг зохист хэмжээнд барихын зэрэгцээ нөхцөл байдалд үндэслэн төлөвлөж, дэвшүүлэх;
- Жил бүрийн хөдөлмөрийн бүтээмж ДНБ-ий өсөлтөөс их байлгах;
- 2025 он гэхэд хотжилтын эзлэх хувийг 65%-д хүргэх;
- Инновацийн чадамжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, жил бүрийн нийгмийн судалгаа хөгжүүлэлтийн зардалд оруулах хөрөнгө оруулалтыг 7%-иар нэмэгдүүлэн, хөрөнгө оруулалтын эрчийг өнгөрсөн таван жилийн төлөвлөгөөний үеийнхээс өндөр байлгах;
- 2025 оны дижитал эдийн засгийн цөм үйлдвэрлэлийн өсөлтийн дүнгийн ДНБ-д эзлэх хувийн жинг 10%-д хүргэх;
- Жил бүрийн нэг хүнд ногдох ашиглах боломжтой орлогын өсөлт нь ДНБ-ий нийт хэмжээний өсөлттэй үндсэндээ зэрэгцэх;
- Хот суурин газрын ажилгүйдлийг жилд дунджаар 5.5%-иас багад барих;
- Нэгж ДНБ-ий эрчим хүчний зарцуулалт болон нүүрс төрөгчийн давхар исэл ялгаруулалтыг 5 жилийн хугацаанд 13.5% болон 18%-иар тус тус бууруулах [1] зэрэг.
“XIV таван жилийн төлөвлөгөө”-г нягтлан уншвал Хятадын засгийн газар ирэх 5 жилд эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч, эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд шинжлэх ухаан технологи инноваци, зах зээлийн өөрчлөлт шинэчлэлт, эко хөгжил, хүний нөөц болон нийгмийн тэнцвэртэй хөгжил зэрэг үндсэн таван чиглэлд түлхүү анхаарахаар харагдаж байна.
Шинжлэх ухаан технологи, судалгаа хөгжүүлэлт инновацийн салбар
“XIV таван жилийн төлөвлөгөө”-нд “Манай улсын орчин үеийн бүтээн байгуулалтын эд эс бүхэнд инновац нь цөм байр суурь эзлэх явдлыг баримталж, шинжлэх ухаан технологиор бие даан хүчирхэгжихийг улс орны хөгжлийн стратегийн тулгуур болгон, дэлхийн шинжлэх ухаан технологийн тэргүүн шугамыг хараалж, эдийн засгийн гол талбарыг онилж......үндэсний инновацийн тогтолцоог сайжруулан, шинжлэх ухаан технологийн хүчирхэг гүрэн байгуулах явдлыг түргэтгэнэ” [1] хэмээн ирэх таван жилийн хөгжилд шинжлэх ухаан инновацийн тэргүүлэх үүргийг тодотгожээ. Мөн тус төлөвлөгөөнд “Үндэсний стратегийн шинжтэй эрэлт хэрэгцээнд тулгуурласан инновацийн тогтолцоог бий болгох, үндэсний лабораторийг түүчээ болгосон шинжлэх ухаан технологийн хүчин чадлыг бүрдүүлнэ. Үүнд квантын мэдээлэл, фотон болон микро-нано электрон, AI, био анагаах ухаан, орчин цагийн эрчим хүчний систем зэрэг инновацийн томоохон салбаруудад төвлөрч, үндэсний хэд хэдэн лабораториудыг эмхлэн байгуулж, бүтцийн хувьд тохиромжтой, өндөр бүтээмжтэй ажиллах лабораторийн тогтолцоог байгуулна” гэсэн зорилтуудыг багтаажээ. Өнөөдөр Хятад улсын хэмжээнд үндэсний лаборатор 4 (Хөфэй, бээжин, Ланжоу, Чиндао хотуудад), голлох лаборатори (重点实验室, key laboratory) 253, үндэсний судалгааны төв 6, салбар судалгааны төвийг багтаасан үндэсний инженерчлэлийн технологи судалгааны төв 356 [2] тус тус байна.

Хөфэй хотын үндэсний лаборатори. Эх сурвалж: http://www.gamebaike.com/new/32b3923cb8d1487693f46d870fb869d1
Өнөөдөр Хятад улс шинжлэх ухаан технологи инновацийн салбаруудад томоохон амжилтуудыг ээлж дараалан гаргасаар. Гэвч хятадын мэргэжилтэн судлаачдын хэлж буйгаар шинжлэх ухаан технологийн хувьд бие даан хүчирхэгжиж, дэлхийд технологиор тэргүүлэгч их гүрнийг байгуулах зорилгод хүрэхэд тус улсын судалгаа хөгжүүлэлтэд оруулж буй хөрөнгө оруулалт хангалттай бус буюу хөгжингүй улс орнуудынхаас 15%-20% -аар бага байна [3] гэдгийг онцолсоор ирсэн. Харин Хятадын засгийн газар 2021-2025 онд суурь судалгаанд зарцуулах хөрөнгө оруулалтыг 10.6%-иар нэмэгдүүлж, "аж ахуйн нэгжийн судалгаа хөгжүүлэлтийн зардлын татварыг 75% хүртэл хөнгөлөх", "үйлдвэрлэлийн аж ахуйн салбарт энэхүү татварыг 100% хүртэл хөнгөлөх" бодлогыг үргэлжлүүлэх болно [4] гэдгээ мэдэгдэв. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн инноваци хөгжүүлэлтийг идэвхижүүлж, үйл ажиллагаа өргөжин тэлэхэд боломжоор хангах юм. Эдгээр арга хэмжээ нь дэлхийн томоохон эдийн засгуудын технологийн эргэн тойронд өрнөж буй өрсөлдөөнд Хятадыг гадаад зах зээлээс технологийн хараат байх эрсдлийг бууруулах, бие даан ажиллах чадвартай технологи, үйлдвэрлэлийн хүчийг бий болгох зорилтоо биелүүлэхэд өндөр ач холбогдолтой аж.
Өнөөдөр дэлхий даяар цахим эдийн засгийн цар хүрээ өргөжин тэлсээр байна. Энэ удаагийн таван жилийн төлөвлөгөөнд “цахим эдийн засаг, цахим нийгэм, цахим засгийн газар байгуулах явдлыг хурдасгана” хэмээн заажээ. 2020 онд Хятадын ДНБ-д цахим эдийн засгийн цөм үйлдвэрлэлийн өсөлтийн эзлэх хувийн жин 7.8% байсан бол 2025 онд үүнийг 10% болж өснө гэсэн тооцоолол хийсэн байна. Түүнчлэн Бээжин хот улсынхаа нийт хүн амын 56%-ийг 5G сүлжээнд хамруулахаар зорино, мөн 2025 он гэхэд дижитал эдийн засгийг тус улсын шинээр нэмэгдсэн эдийн засгийн бүтээгдэхүүний 10 орчим хувьд хүргэх амлалт дэвшүүлэв [5]. Энэ нь манай өмнөд хөрш технологийн хэрэглээ болон шинэ дэд бүтцэд тулгуурлан цахим эдийн засгийг цаашид улам хурдтайгаар хөгжүүлж, дижитал нийгмийн нэгэн шинэ өндөрлөгт хүрэхээр зорьж буйг харуулж байна.
“XIV таван жилийн төлөвлөгөө”-нд:
- Суурь судалгааны зардлын судалгаа хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтад эзлэх хувийн жинг 8%-иас дээш болгон нэмэгдүүлэх;
- Бээжин, Шанхай, Гуандун- Хонконг-Макао Грэйт Бэй Бүс (GBA)-д олон улсын шинжлэх ухаан технологи инновацийн төв бий болгох ажлыг урагшлуулах;
- Дэвшилтэт үйлдвэрлэлийн бөөгнөрлийг бий болгож, цахилгааны шугамыг нэгтгэх, сансар судлал, хөлөг онгоц болон далайн инженерчлэлийн тоног төхөөрөмж, робот, дэвшилтэт зам тээврийн тоног төхөөрөмж болон эрчим хүчний тоног төхөөрөмж, инженерчлэлийн тоног төхөрөөмж, дээд зэрэглэлийн тоон хяналтын суурь машин, эм эмнэлгийн тоног төхөрөөмж зэрэг үйлдвэрлэлийн инновацийн хөгжлийг урагшлуулах;
- Стратегийн шинжтэй шинэ тутам хөгжиж буй үйлдвэрлэлийн нэгдэл, бөөгнөрөл, экологийн хөгжлийг түргэтгэж, ДНБ-д стратегийн шинжтэй шинэ тутам хөгжиж буй үйлдвэрлэлийн өсөлтийн эзлэх хувийн жинг 17%-иас давуулах;
- Шинжлэх ухаан технологи инновацийн төслийн зардлын тооцоолол төсвийн төлөвлөлтийг хялбаршуулан, судалгаа шинжилгээний зардлын ашиглалтын бие даан удирдах эрхийг нэмэгдүүлж, засгийн газар шинжлэх ухааны байгууллагуудын судалгаа шинжилгээний үр бүтээмжийг сайжруулах гэх мэт шинжлэх ухаан технологи инновацийн салбарт дэвшүүлсэн бусад онцлох зорилтууд багтжээ.
Дүгнэлт
Бүх Хятадын Ардын Хурлын төлөөлөгч, Төрийн Зөвлөлийн Хөгжлийн Судалгааны Төвийн эрдэмтэн Люй Вэй (吕薇): “Энэ жилийн засгийн газрын ажлын тайланд ДНБ-ий өсөлтийг 6%-иас дээш байхаар төлөвлөсөн, харин “XIV таван жилийн төлөвлөгөө”-нд нийгмийн судалгаа хөгжүүлэлтийн зардлын хөрөнгө оруулалтыг жилд 7%-иас дээш нэмэгдүүлэх шаардлагыг дэвшүүлсэн нь судалгаа хөгжүүлэлтийн зардлын өсөлт ДНБ-ий өсөлтөөс доош буухгүйг харуулж байна. Энэ нь тус салбарын хөрөнгө оруулалтыг ДНБ-ий савлалтад өртөхөөс урьдчилан сэргийлэх юм” гэж онцлон тэмдэглэв [6]. Ийнхүү эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн зардлыг өсгөн, үйлдвэрлэлийн эрч хүчийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь Хятадын засгийн газар эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болох инновацийн үүргийг цаашид улам чухалчлахыг илэрхийлж байна. Мөн Хятад улс “2035 он гэхэд тэргүүлэгч инновацлаг орон болох" зорилтыг тууштай хэрэгжүүлэхийн тулд шинжлэх ухаан технологийг хүчирхэгжүүлэх, инновацийн чадамжийг дээшлүүлэх, судлаач эрдэмтдийн шинийг бүтээх эрч хүчийг өдөөн дэмжих, шинжлэх ухаан технологи инновацийн шинэ тогтолцоо механизмыг төгөлдөржүүлэх ерөнхий төлөвлөгөөг ийнхүү тус таван жилийн төлөвлөгөөндөө тодорхой дэвшүүлжээ. Энэ бүгдээс дүгнэхэд Хятад улсын шинжлэх ухааны салбарын бодит хүчин чадал, өрсөлдөх чадвар ирэх таван жилд улам өсөхөөр байна.
Ашигласан эх сурвалж:
[1]中华人民共和国国民经济和社会发展第十四个五年规划和2035年远景目标纲要http://www.gov.cn/xinwen/2021-03/13/content_5592681.htm
[2] 中国首批国家实验室两会曝光 四大实验室对标美国使命有变
[3] “十四五”科研经费年增 7%以上 http://finance.people.com.cn/n1/2021/0401/c1004-32067045.html
[4] China spending on research and development to rise 7% per year in push for major tech breakthroughs https://www.cnbc.com/2021/03/05/china-to-boost-research-and-development-spend-in-push-for-tech-breakthroughs.html
[5] China’s 14th five-years plan (2021-2025) and its impact on your intellectual property portfolio. https://www.jdsupra.com/legalnews/china-s-14th-five-year-plan-2021-2025-7673093
[6] “十四五”规划绘就中国创新发展画卷 http://www.xinhuanet.com/tech/2021-03/15/c_1127210535.htm
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...