Ууланд амьдардаг өндөр настан Л.Рэнцэндорж
- schedule 2021 оны 3 сарын 4
- chat_bubble 0
2021 оны гуравдугаар сарын 03.Ууланд амьдардаг өндөр настан Л.Рэнцэндорж Миний хувьд өөрийн гэсэн орон гэргүй хүн. Тиймээс уул хадаар орогдож байна. Хэцүү тал нь даарч хөрсөнөөс ханиад томоо ихтэй тусах юм. Гэлээ гээд аль хэцүүг тэр гэх вэ. Би 1992 онд Төв аймгийн Зуунмод сумаас гарсан. Энэ ууланд зургаа долоон жил амьдарч байна. Энд амьдрахаас өмнө шашин талын сүм хийд, халамжийн газраар нэлээд явсан. Эцэст нь ууланд амьдрах сонголтыг хийсэн. Эрх чөлөөтэй амьдрахыг хүссэн юм.
Залуу насанд олон ажил хийж явсан. Уурын зуухны галч, ачигч гээд... 1990 онд нийгэм солигдоход ажлаасаа хөөгдөж туугдаад хотод ирсэн дээ. Ажлаасаа гараад нийтийн байранд нэг хэсэг байсан. Дараа нь гудамжинд гарсан. Гэр бүл зохиолгүй өдийг хүрсэн. Миний хувьд ингэж амьдрах нь сонирхолтой. Адал явдал талаасаа. Хотын төвд амьдрахад айж түгших зүйл байдаг. Ямар хүн ирээд зодох бол хаанаас юу гарч ирэх бол гээд. Харин ууланд айх зүйл байхгүй.
Зундаа сайхан унтчихаад өглөө нь лааз, шилээ түүчихнэ. Урд нь лааз, шил түүдэг над шиг хүмүүс зөндөө л байдаг байсан. Одоо ч гэсэн байгаа л байх. Миний хувьд хог түүдэг хүн. Янз бүрийн хог хаягдал түүж авчираад эндээ нөөцөлдөг. Гэтэл олсон хоолноос хугасладаг амьтан байна. Зэрлэг гахай хоолны үнэрээр ирдэг байсан. Бас золбин нохойнууд ирж хоол иддэг. Одоо болжмор, алаг шаазгайны хоолыг бэлдээд байж байна. Илүү гарсан холноосоо шувуудад өгдөг. Ийм л адал явдалтай нохой, шувуутай хоолоо хувааж идээд л амьдарч байна даа.
Дуртай дуу шүлэг байхгүй ээ. Би нээх дуу хөгжим сонирхдоггүй. Хэдэн ээжийн тухай дуу мэддэг байсан нь санаанд орж ирэхгүй л байна. “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гээд дуу байдаг даа. Төрийн дууллаа санахгүй байна. Санаж бодох юм байхгүй уул хаданд бүгээд байж байна. Иймэрхүү л өвгөн. Яаж шуухан амьдарч явахаа төдийлөн шийдэж чадахгүй л явна. Би одоо 74 настай. Эр хүн худлаа хэлж, хулгай хийхгүй зөв л явах хэрэгтэй гэж боддог.
Би чинь 1964 онд сумандаа дөрөвдүгээр анги төгсөөд, 1967 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд долдугаар ангиа төгссөн. Долдугаар ангиа төгсөөд Дархан-Уул аймгийн ТМС-д хуваарь аваад хоёр жил суралцаж, ирээд аймагтаа гурван жил слесарь хийж байгаад цэрэгт явсан. Цэргийн албаа 1970-1973 онд хаасан. Халагдаж ирээд Төв аймагтаа слесарь мэргэжлээрээ 1992 он хүртэл ажилласан.
Хотод ирээд хийсэн зүйлгүй амьдралаа дэмий өнгөрөөж өндөр насыг зооглоод байна. Буруу явсан бол тэр нарсанд нь орох л байсан байх. Хэрэг төвөгт оролцож байгаагүй ээ. Эцсийн эцэст нарны амьдралыг сонгож аваад ууланд нараа дагаад байгаль эхдээ амьдарч байна. Өглөө гараад өдөр л ирдэг, олсон ч олоогүй ч хөдөлж л байвал амьд, хөдлөхгүй байвал би үхсэнтэй адил гэж боддог.
Наргүй өдөр л хөдлөж чадахгүй бээрээд хөлдөх гээд байна. Ганцаараа байх нь дадал болчихсон доо. Би цаг хугацааг маш үр ашиггүй өнгөрөөсөн. Тэрний үр дүн нь өнөөдөр ирж байна. Цагийг хий дэмий өнгөрөөнө гэдэг хор уршигтай аж. Эцсийн эцэст үхлийн цаг гэж юм байна. Эрлэгийн хаан хэзээ аваад явах бол гээд хүлээж байна. Хүлээсэн хүлээгээгүй аваад л явах байх. Тэр хүртэл хөдлөөд л явж байяа. Залуучууддаа хандаж хэлэхэд цагийн үнэ цэнийг мэддэг байх хэрэгтэй, цаг хугацаа эргэж ирэхгүй.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...