Жолооч Та хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнийг санаарай!
- schedule 2017 оны 10 сарын 27
- chat_bubble 0
2017 оны нэгдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг болж, нэмэгдсэн. Ийнхүү нэмэгдсэнээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан торгуулиудын хэмжээ өсч байна гэсэн үг юм.
2016 оны есдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх болсон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд торгуулийн мөнгөний хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/-тэй уялдуулан тооцохоор заасан байгаа.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ихсэх тусам торгуулийн мөнгөн дүн нэмэгдэх юм.
Мөн энэ хуулинд замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэхийг хориглосон байгаа. Жишээ нь, Тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөг буюу 12 000 төгрөгөөр торгоно. /Өмнө нь 9600 төгрөг байсан/
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хот суурин газар 60 км цагийн хурдтай явахыг зөвшөөрдөг. Зөвшөөрөгдсөн хурдны дээд хэмжээг 50 хүртэлх хувиар хэтрүүлсэн бол эрх хасахгүй, торгуулийн арга хэмжээ авдаг. Харин тавиас дээш хувиар хурд хэтрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх / 60 000/ төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэж байгаа. Эрх хасах нь хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, эсрэг урсгал сөрөх гэх мэт тохиолдлуудад заагдсан байдаг.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол ХХДХ-ний 25% буюу 60 000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10% буюу 24 000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ гэж заажээ. Жолооч нарыг хэдэн цагт анх ажилд гарсан, хэдэн цаг тасралтгүй жолоо барьснаар нь үүнийг тооцох аж. Жолооч замын хуудсан дээр ажилд гарсан цаг минутыг нь зааж өгсөн байдаг тул ингэж зохицуулах аж. Ялангуяа хот хоорондын, хүн болон ачаа тээвэрт, бас урд болон хойд хөршөөс орж ирж байгаа транзит тээвэр хийж байгаа жолооч нарыг шалгах ингэж шалгана. Гэхдээ энэ нь бүх тээврийн хэрэгсэлд хамаатай.
Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол сонгох заалтгүйгээр 2 жилээр эрхийг нь хасч, 1 сая төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Ингэхдээ согтууруугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 480 000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасах юм.
Түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувь буюу 96 мянган төгрөгөөр торгоно. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 480-960 мянган төгрөгөөр торгож, 7-30 хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэнэ. Хэрэв энэ зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаатай баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах юм.
1992 онд баталсан Захиргааны хариуцлагын тухай хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд ямар нэгэн байдлаар торгох шийтгэл байдаггүй байлаа. Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөг буюу 12 000 төгрөгөөр торгоно.
Тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувь буюу 60 мянган төгрөгөөр торгох юм. Харин баримт бичиггүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх буюу 24 000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.
Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслийн /түргэн тусламж, гал унтраах, аврах алба, цагдаагийн албаныхаас бусад/ жолоочид замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх төгрөгөөр /24 000 төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Тодруулбал, 12 000 төгрөгөөр торгуулна. Бас мотоцикль, мопедын жолооч болон мотоциклоор зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол мөн адил хэмжээний торгуулийн шийтгэл хүлээх юм.
Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх төгрөгөөр торгох буюу 24 000 төгрөгөөр торгуулах шийтгэл хүлээлгэнэ.
Харин явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувьтай тэнцэх буюу 60 мянган төгрөгөөр торгоно. Мөн Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар буюу явган хүний зам, хөвөөгөөр явсан, эсвэл цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн буюу жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарсан, тэдний хооронд байр эзэлсэн бол дээр хэлсэнчлэн торгуулна.
Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50% буюу 140 000 торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.
Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэрэг шалтгаанаар үзэгдэх байдал нь муудсан, эсвэл дугаараа буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг нь хураана.
Иргэнийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25% тэнцэх хэмжээ буюу 60 000, хуулийн этгээдийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240 000 төгрөгөөр торгох шийтгэлтэй.
Харин Улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50% тэнцэх хэмжээ буюу 120 000 төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480 000 төгрөгөөр торгоно.
Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 240 000 төгрөгөөр торгоно. Мөн 1 жилийн хугацаагаар эрхийг нь хасах, хуулийн этгээдийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1 200 000 төгрөгөөр торгохоор болжээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...