Өнөөдрөөс эхлэн МИАТ компани “Улаанбаатар-Пусан” чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
- schedule 2017 оны 6 сарын 22
- chat_bubble 0
МИАТ компани Бээжин, Токио, Хонконг, Москва, Берлин, Франкфурт гэсэн долоон чиглэлд олон улсын нислэг үйлддэг билээ. Өнөөдөр өглөөний 06:05 цагт БНСУ-ын хоёр дахь том хот болох Пусан руу чиглэсэн шууд нислэгийн нээлтээ хийлээ. Ингэснээр МИАТ компани долоон чиглэлд шууд нислэг үйлддэг болж байна.
“Улаанбаатар-Пусан” чиглэлийн шинэ нислэг нээгдсэнээр хоёр улсын иргэд харилцан зорчиход таатай нөхцөл бүрдэхийн зэрэгцээ худалдаа наймаа, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсролын салбарын хүрээнд БНСУ-ын өмнөд хэсэгтэй харилцаа идэвхжих өндөр ач холбогдолтой юм.
Цаашид Улаанбаатар-Пусан чиглэлд долоо хоногийг Пүрэв, Ням гаригуудад тогтмол нислэг үйлдэх аж. Шинэ чиглэлийн нээлтийн ёслолын үеэр МИАТ компани нислэгийн сүлжээндээ хязгаарлагдан, зөвхөн нэг цэгээс нөгөө цэг рүү шууд нислэг үйлддэг хэлбэрээсээ гадны агаарын тээврийн компаниудтай аяллын дугаар хамтран эзэмшиж, нислэгийн сүлжээгээ өргөтгөхөөр ажиллаж буйгаа тодотгож байлаа.
Өнөөдрийн “Улаанбаатар-Пусан” чиглэлд үйлдэх анхны нислэгийн нээлтийн ёслолд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тамир, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны холбогдох мэргэжилтэн тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.
Нээлтийн ёслолын үеэр Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “2016-2020 онд хүртэл төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогод тулгуурлан, орон нутаг болон олон улсын нислэгийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар үнэ тарифыг бууруулах зорилт тусгаж өгсөн билээ. Энэ хүрээнд МИАТ компани хоёр шинэ чиглэл нээхээр төлөвлөн ажиллаж байгаагийн нэг нь Улаанбатар-Пусан чиглэл юм” хэмээн тодотголоо.
МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тамир:
-МИАК компанийн хувьд өнөөдөр түүхэн ач холбогдолтой сайхан өдөр болж байна. Бид БНСУ-ын чиглэлд хоёр дахь том хот руу нь нислэг үйлдэхээр болж, зорчигчдоо суулгаж эхлээд байна. Цаашид үнээ тогтворжуулах, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллана. Ойрын хугацаанд Монгол Улс, БНСУ-ын хооронд агаарын харилцааны хэлэлцээр хийгдэх юм. Хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хоорондох агаарын урсгалын давтамж болон багтаамжийн талаар ярилцана. Үүнтэй холбогдуулан тийзний үнэ буурах, нислэгийн давтамж нэмэгдүүлэх чиглэлд тодорхой шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байна. Хоёр талын хооронд хийгдсэн өмнөх хэлэлцээрүүдийн үр дүнгээр БНСУ-д илүү давуу тал бий болгож чадсан байдаг. Үүн дээр МИАТ компани анхааран ажиллаж, эрх тэгш өрсөлдөөний зарчим дээр тулгуурласан байдлаар үйл ажиллагаа явуулах чиглэлд цаашдын хэлэлцээрүүдээ хийхээр төлөвлөж байна.
Ер нь шинэ зам, шинэ чиглэл нээнэ гэдэг амар ажил биш. Ялангуяа эдийн засгийн хямралтай үед шинэ чиглэл нээхэд нэлээд хүндрэлтэй байдаг. Гэхдээ МИАТ компанийн ашиг орлого, үйл ажиллагаа идэвхжиж буй талаасаа жилд хоёр чиглэл шинээр нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2014-2017 оны хоорондох бизнес төлөвлөгөөнд БНСУ-ын Пусан хот, Тайландын Бангкок хот руу шууд нислэг үйлдэхээр тусгаж өгөөд байсан. Энэ дагуу холбогдох бэлтгэлүүдээ хангаад явж байна. Оны сүүлээр Бангкок хот руу шууд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөсөн байгаа.
Үнэ тарифын хувьд бид хямд тарифтай авиа компанитай өрсөлдөх шаардлага үүсч байгаа. Тиймээс тарифаа тус компанийн үнэтэй дүйцэхүйц байдлаар хөнгөлөөд явна. Эхний гурван удаагийн нислэг хямдралтай үнээр үйлчлэх юм. Цаашид арилжааны банкуудтай хамтран зорчигчдод тийзнийхээ төлбөрийг хуваан төлөх боломж нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. МИАТ кредит картыг зах зээлд нэвтрүүлснээр иргэд цалингийн болон бусад төрлийн зээлээр тасалбараа захиалах боломж бүрдэх юм. Энэ ажил ирэх сараас хэрэгжээд эхэлнэ гэлээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...