Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
- schedule 2016 оны 12 сарын 20
- chat_bubble 0
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан дууссаны дараа үргэлжлүүлэн Эдийн засгийн байнгын хороо хуралдав. Хоёр асуудал хэлэлцэхээр тогтсон энэ өдрийн /2016.12.20/ хуралдаан 11 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Г.Мөнхцэцэг, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа, Н.Энхболд нар 2016 оны аравдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг анх 1991 онд баталсан бөгөөд 1995, 1997, 2002 онд нэмэлт өөрчлөлт, 2003 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан байна. Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч дорвитой өөрчлөгдөөгүйгээс зах зээлийн эдийн засгийн хөгжлийн явцад шинээр бий болсон нийгмийн харилцааг зохицуулахад эрх зүйн орчин дутагдаж байгааг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах төрийн бус байгууллагын чиг үүргийг тодорхой заасан байна. Төрийн бус байгууллагын дэргэд эвлэрүүлэн зуучлах тогтолцоо бий болгож, байнгын ажиллагаа бүхий арбитр ажиллуулах, итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийж, дүгнэлт гаргах зохицуулалтыг тусгажээ.
Мөн хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг эхлээд аж ахуй эрхлэгч шийдвэрлэхээр, улмаар арбитр, төрийн захиргааны байгууллага, эцэст нь шүүхээр шийдвэрлүүлдэг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ танилцууллаа.
Түүнчлэн зах зээлийн харилцаанд шинээр үүсэн гарч буй харилцааг зохицуулах шаардлагаар урамшуулал, сугалаат худалдаа, интернэт худалдаа болон явуулын худалдаа, үйлчилгээний явцад хэрэглэгчийг хохироохыг хориглосон зохицуулалтыг бий болгосон гэв.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, тогтоомжийг зөрчсөн этгээдэд ногдуулах торгуулийн хэмжээг зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулах, хэрэглэгчид учруулсан хохирлыг тогтоож, хохирлыг барагдуулах, аж ахуй эрхлэгчийн хууль бусаар олсон орлого, эд зүйлсийг хураах, үйл ажиллагааг нь түр зогсоох хүртэл арга хэмжээ авах зэргээр хууль зөрчcөн аж ахуй эрхлэгчид хүлээлгэх хариуцлагыг цаг үеийн нөхцөл байдалтай нийцүүлэн өөрчилсөн болохыг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм.
Төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодруулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Ц.Даваасүрэн нар Монгол Улсын 3 сая хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Ажлын хэсэг байгуулах саналыг хэлж байв.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Энх-Амгалан, Б.Ундармаа нар хямралтай байгаа энэ үед эдийн засгаа сэргээх үүднээс иргэн бүрийг бизнес эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа явуулж буй бизнесийн байгууллагуудыг тогтвортой ажиллах бололцоог хангах нь төрийн үүрэг.
Бизнесийн орчинг сайжруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах талаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байхад аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэх эрсдэлтэй энэ хуулийн төслийг хэлэлцэх нь тохиромжгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн энэ төсөл батлагдвал бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд хэр хүндрэл үүсгэх талаар судалсан эсэхийг тодрууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан бөгөөд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Үндэсний хөтөлбөр 2”-ыг баталсан. Энэ хүрээнд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэх зорилт дэвшүүлсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан хэллээ. Нийт 9 бүлэг, 54 зүйл бүхий шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны бодит байдал, хүндрэл бэрхшээл, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй эрхлэгчдийн оролцоотой зохион байгуулагдсан олон удаагийн хэлэлцүүлэг, түүнчлэн Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх нь” төслийн санал, зөвлөмжийг тусгасан гэдгийг онцлов. Засгийн газар аж ахуй эрхлэгчдийг зүй бус дарамт шахалтаас ангижруулах, бизнесийн эрүүл орчинг төлөвшүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд хэлэлцэж буй хуулийн төсөлд аж ахуй эрхлэгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой зохицуулалтууд тусгагдсан болохыг тайлбарлалаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлдэг байна. Шинэчилсэн найруулгын төсөлд одоо мөрдөгдөж буй эрх, үүргийн хэмжээг өөрчлөөгүй гэдгийг тодотгов. Эдийн засгийн хямралын шалтгаан нь хариуцлагагүй байдал хэмээн үзэж буйгаа төсөл санаачлагч дурдаад “Энэ утгаараа бүх түвшинд хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Хуулийн төсөл батлагдаад хэрэгжих бол аж ахуйн нэгжүүдээс ямар нэг нэмэлт зардал гарахгүй. Хуулийг зөрчихгүйгөөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой хэмээн үзэж байна. Хариуцлагын санкцыг өндөр байхаар тусгасан нь торгохын тулд биш хариуцлагатай байлгах зорилготой” хэмээн хариулт өгсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулууны тодруулсны дагуу ОХУ, БНХАУ болон Европын Холбооны улс орнуудын стандарт, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг туршлагыг судалсан хэмээн хариулт өгсөн.
Ийнхүү хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүд 80 хувийн саналаар дэмжлээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...