Маргааш МҮЭСТО-д элэгний вирусын шинжилгээ, оношилогоонд хөнгөлөлттэй хамрагдах эрхийн бичиг тараана
- schedule 2016 оны 7 сарын 27
- chat_bubble 0
“Дэлхийн хепатитын өдөр” маргааш буюу энэ сарын 28-ны өдөр тохионо. Вируст хепатит нь элгийг сонгомолоор гэмтээдэг халдварт өвчин. Дэлхий дээр 12 хүн тутмын нэг нь архаг вируст хепатиттэй амьдарч байгаа аж. Манай улс энэ өвчний тархалт өндөртэй орны тоонд ордог байна.
Маргааш элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг Чингисийн талбайд 10:00 цагт иргэдэд үзүүлэх юм байна. Тодруулбал, элэгний эмч, эмнэлгийн ажилтан, эмийн үйлчилгээ эрхлэгч нар иргэдэд В, С вирусын эм, эмчилгээ, шинжилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх юм.
Мөн элэгний вирусын эмчилгээний нэг цэгийн үйлчилгээний төв ажиллуулахаар болжээ. Энэхүү нэг цэгийн үйлчилгээгээр иргэд эрүүл мэндийн даатгалын мөнгөө хэрхэн буцааж авах, групп тогтоолгох, өвчинтэйгээ хэрхэн тэмцэх талаар зөвлөгөө өгнө. Түүнчлэн элэгний эмчилгээний үнэ өртөг, худалдаж буй байршил зэрэг бүх талын мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг олон талын үйл ажиллагаа зохиогдоно.
МҮЭСТО-д 12:00 цагаас өдөрлөгийн албан ёсны нээлт болно. Нээлтийн дараа Элэгний төвийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах 500 ширхэг эрхийн бичиг өгөх бөгөөд элэгний вирустэй өвчтөнд нэн шаардлагатай шинжилгээ болох Фиброскан оношлогоонд хөнгөлөлттэй хамрагдах 1000 ширхэг эрхийн бичгийг иргэдэд үнэ төлбөргүй тараах юм байна.
Монгол Улсад элэгний В, С вирусын халдвартай 750 мянга, В вирусын халдвартай 300 мянга, С вирусын халдвартай 450 мянган хүн бий гэсэн тооцоо гаргажээ. Нарийвчилбал, С вирусын архаг халдвартай 150 мянган хүн, В вирусын дан халдвартай 65 мянган хүн байдаг аж.
Элэгний өвчлөлийн тархалт өндөртэй учраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. 2020 он гэхэд С вирустэй 150 мянга, В вирустэй 65 мянган хүнийг бүрэн эмчлэх зорилго тавьсан байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд элэгний В, С вирусын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмүүдийг оруулж ирсэн. Тухайлбал, элэгний В вирусын эсрэг үйлчилгээтэй Ламивудин, Тенофовир, Телбивудин, Рибавирин, Интерферон гэдэг таван нэр төрлийн эмийг иргэд 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр эмийн сангуудаас авах боломжтой болсон. Мөн элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг оруулж ирснээр иргэдийн бие сайжирч эхэлж байгаа талаар “Оном” сангийнхан мэдээллээ.
Түүнчлэн элэгний С вирусын эсрэг “Харвони” эмтэй адил үйлчилгээтэй хэд хэдэн эмийг Энэтхэг улсаас Монголд оруулж ирсэн. Тэгвэл Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн "Ледвир", "Ледифос", "Вирпас", "Хепсинат" эмүүд “Харвони” эмээс 600-аад мянган төгрөгөөр хямд боловч яг ижил үйлчилгээтэй, баталгаатай гэдгийг иргэдэд хэллээ.
Цаашид Монгол Улсад нэн шаардлагатай уг хөтөлбөрт шинэ Засгийн газар ч дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт найдаж буйгаа хэлсэн юм.
Монгол Улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд элэгний хорт хавдар, хатуурлаар нас баралтыг 50 хувиар бууруулна хэмээн тэд үзэж байгаа аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...