Михаил Ходорковскийн амьдралыг үзэх үзлээс
- schedule 2016 оны 4 сарын 18
- chat_bubble 0
Нийтлэлч: Дмитрий Голубовский
Орчуулсан: Я.Жанчив
ЮКОС-ын эзэн асан, 52 настай.
Хэд мушгиж чадах вэ гэж үү? Үзээд алдъя... 70-н удаа.
Шорон бол засан хүмүүжүүлэхээс хэцүү. Нүдний өмнө дөрвөн хана, юуг ч, хэнийг ч сонсохгүй. Адилхан л хагас жил, жилийн ялтай хоёр, гурван хөрш. Нар ч үгүй, салхи ч үгүй, баймгай л нэг үнэр танар... Зугааллаа гэхэд “дээвэр дор”. Чи гав ганцаараа, чамайг мартсан гэсэн орхигдож хаягдсан мэдрэмж аажим аажмаар төрнө. Энэ нь чухамдаа сэтгэл зүйн дарамт, шахалт болох нь мэдээж.
Ямарч хамаагүй шинэ мэдээг би үзэхэд бэлхэн. Шал хэрэггүй юмсаас шаардлагатайг барьж авахад зөвлөлт туршлага минь хэрэг болно.
Энд, шоронд жилээр биш юмаа гэхэд хэдэн долоо хоногоор, заримдаа хэдэн сараар ч хоцорч мэдээлэл авна. Тэгэх нь мэдээж, ойлгомжтой байх. Би дуртай мэдээллээ авч болох ч ихээхэн хүндрэлтэй. Тухайлбал, радио, ТВ нь ганц ганцхан сувагтай, сонин гурван сараар хоцорч ирнэ. Шоронд телевизор маш чухал-ертөнцийг харах цонх. Харин хуаранд 150 хүнд нэг байдаг болохоор би түүнийг бараг үзэхгүй.
Хамгийн сайн нь гэж байгаад Губерман хэлэхдээ: “Шорон бол мэдээж харанхуй хар ангал. Газрын энэ тамд аймшиг бол адгийн гай руу хөтлөгч солих аргагүй чиглүүлэгч” гэжээ. Ер нь бол бүү итгэ, бүү ай. Гуйж болох ч ихэнхдээ тусална. Заримдаа хуурна.
Гол төлөв худал чалчицгааж байдаг. Гэсэн ч би итгэхийг хичээдэг. Ихэнхдээ л үнэнийг ярьдаг биз дээ.
Хамгийн сүүлд ямар кино үзсэн, гэж үү? Аль хэдийн мартжээ. Магадгүй жил гаруйн өмнө байх. Ерөнхийд нь гэх юм бол Белорусийг эзэлсэн тухай Элема Климовын 1985 онд хийсэн “Яв даа, үз дээ”( «Иди и смотри») гэдэг цорын ганц кино толгойд минь шууд бууж байна. Өөр бусад нь гэвэл «Иван Васильевич...» юм уу, эсвэл Гибновын “Хүсэл” («Страсти») зэрэг үнэхээр гайхалтай бүтээлүүд санаанд минь хожуу орж ирж байна. Киноны тухай асуухад 30 жилийн өмнө үзэж ч дуусгаагүй “Яв даа, үз дээ” гэдэг кино толгойд шууд бууж байгаа нь өөрт минь сонин байна.
Энд албан тушаал ахихын тулд тогших хэрэгтэй. Хянагчийн албан тушаалыг сонирхож байвал шүү дээ. Харин өөр албан тушаал энд байдаггүй юм.
Байнга бичиж байна. Голдуу өөртөө зориулж, бодлоо цэгцэлж байна. Нийтлэх хэрэгтэй гэсэн бүхнээ нийтэлнэ. Заримдаа хэрэггүй юм ч нийтлэгддэг.
Засан хүмүүжүүлэхэд бүх л өдрүүд нэг маягаар үргэлжилнэ. 06.00 цагт босч, 10 минутад хувцаслана. Ороо хураана, сахлаа авна, дасгал хийнэ, бие засна, жагсана, цайнд орно. “Кашанд” 10-15 минут зарцуулна. Босоцгооно. Ажил руугаа жагсаалаар явна. Цаашдаа эдийн засгийн үүднээс авч үзвэл утга учиргүй хөдөлмөрийн үйл ажиллагаа явагдана. Холбооны Шийдвэр гүйцэтгэлийн алба санаа тавьж “Хоригдогсдод хөдөлмөрийн дадал олгож, тэднийг эрх чөлөөтэй болсны дараа амьжиргаагаа залгуулахад” нь хуулийн дагуу туслахад сургаж байгааг шүүн тунгааваас эсвэл би Хятадад цагаачлах гэж байгаа юм уу, эсвэл Хятад нь Орост цагаачлах юм уу гэмээр. Үдийн хоолондоо жагсана. 20 минут “кашдана” Ажлын байр руугаа маршлана. 16.30-д байрандаа эргэж ирнэ. Уншина, бичнэ. Зургаан цагт оройн хоолны “аянд” гарна, дараа нь уншина, эсвэл өмгөөлөгчтэйгээ уулзана. Арван цагт унтах дохио хангинана. Энэ бүхэн өдөр бүр давтагдана.
Энд хүмүүс гол төлөв хааяа нэг л сахлаа хусдагч би тэгж дадаагүй юм.
Би юунаас их айж байв. Гэр бүлийнхнийхээ төлөө айна, нэр хүндгүй үхчих вий гэж айна, ач тусыг нь хариулалгүй өнгөрчих вий гэж айна. Эмч нараас ялангуяа шүдний эмчээс айна.
Хоёр дахь шүүн таслах ажиллагааны үед шүүгч Данилкин, прокурор Ковалихин нарыг ажиглах нь хамгийн зугаатай байлаа. Тэд тийм ч мангуу биш, амьд хүмүүс. Царайны хувирал протоколд ордоггүй болохоор болж байгаа үйл явдалд тэд хэрхэн хандаж байгаагаа илэрхийлэхээс тэгтлээ ичихгүй. Хамгийн тод, ойлгомжтой нь прокурор Гульчахра Ибрагимова. Тэр шууд л “Найдахгүй байж болно, бид бодсон бүхнээ л хийнэ шүү” гэж мэдэгддэг байлаа. Ядаж л шудрага байгаа биз дээ. Хайрлам нэгэн бол мэдээж Лахтин. Түүнийг ярьж эхлэхэд би өмгөөлөгчдөөсөө дуугаа нам хураахыг шаарддаг байв. Ердийн шүүхэд ганцхан Лахтин л хажуугийн хэн нэгний тусламжгүйгээр шүүн таслах ажиллагааг нураачихаж мэдэх хүн билээ. Үгүй ядахнаа л “шүүгдэгчид нь үйлдвэрлэлээ өргөтгөх замаар ашгаа нэмэгдүүлэх гэмт хэргийн санаархалтай байсан учраас хулгайлснаа компанийхаа хөгжилд оруулцгаасан байна” гэж хөгжөөх жишээтэй.
Цооногоос зөвхөн цэвэр нефть л олзворлодог гэж прокурорууд тулгана. Харин цооногт бас шингэн байдгийг тэд бидний бодож олсон зүйл гэж үзнэ. Бид тодорхой ордоос авсан нефть ба цооногийн шингэнийг танхимд авч ирэхэд гаднаас нь хараад л ялгаатай нь мэдэгдэж минут хиртэй нам жим болно. Дараа нь шүүгч биет нотолгоог танхимаас зайлуулж, дахиж оруулж ирэхгүй байхыг шаардахад, сэргэсэн Лахтин энэ бол юу ч биш хэмээн мэдэгдэж байсан юм.
218 сая тонн нефть гэдэг бол маш их хэмжээ (мөрдөн байцаалтаар Ходорковский, Платон Лебедев нар болон “зохион байгуулалттай бүлэглэлүүд” төдий хэмжээнийхийг хулгайлцгаасан гэдэг). Орос дахь нефтийн сисчээрүүд, савнуудаас ч хавьгүй их хэмжээ. Яаж түүнийг хулгайлах юм бэ? Үүнд шүүгчид, прокуроруудын хэн ч ойлгомжтой хариу өгч чадаагүй асуудал. Яахаараа ийм тэнэг зүйл бичсэнийг ч мэдэх юм алга. Хамгийн ихдээ 50 мянгатын дөрвөн резервуар нефтийг Транснефтийн бааз дээр харж байлаа. Хэрэв тэр савнууд дүүрэн байсан бол 200 мянга орчим тонн болно. Рзервуарууд нь дэндүүгээс дэндүү том л доо. Нефтийг “амьдаар” нь аваар болсон үед л харж болно. 300-400 тонн нефть асгарсан байсныг үзэж байлаа. Харахын аргагүй муухай байсан.
Амьдрал зарчмуудыг өөрчилдөг. Гэвч бүгдийг нь биш.
Таны хэргийг Дрейфусийн хэрэгтэй адилтгаж болох уу? Янз бүрийн адилтгалд доголдолтой зүйл байдаг хэдий ч, тэгж адилтгах эрх нь байгаа байх л даа. Миний мэдэж байгаачлан жишээ нь, Дрейфусийн хэргийн золиос болоогүй, шоронд суугаагүй хүмүүсийг үхлээр эсвэл бүх насаар нь шоронд хатаахаар айлган сүрдүүлж, гүтгэлэг хийхийг шаардсан байдаг. Тэр бүү хэл хуурамч нотолгоонд оролцогчдын нэг нь баривчлагдаж, шоронд амиа хорлосон байдаг. Дрейфусын мөрдөгчид түүний нэр төр, эрх чөлөөнд нь халдсан ч, түүний өмч хөрөнгийн тухайд бол тонож сүйтгэх ажиллагаа явуулаагүй юм. Түүнчлэн тэр үеийн Францын ерөнхийлөгчийн Дрейфуст хандах хувийн хандлага нь Путин надад хандаж байсан шиг тийм чанга байгаагүй гэдгээр дэнчин тавъя. Тийм байгаагүй бол Дрейфус Засгийн газрынхаа өргөн мэдүүлснээр ямар нэг “гэмшлийн” шаардлагагүйгээр, түүгээрч барахгүй энэ тухай хувиараа ч хүсэлт гаргалгүйгээр баривчлагдсанаасаа хойш таван жилийн дараа өршөөгдөх байсан нь юу л бол.
Эр хүн хамгаалж чадалгүй үхүүлсэн нэгнийхээ хойноос уйлж чадна.
Миний зөв эсэх нь шүүхэд падлийгүй. Тэд ердөө л даргынхаа тушаалыг гүйцэтгэгчид. Ийм л шалтгаанаар тэдний ялын тогтоол надад ялгаагүй. Миний хугацаа “онцгой дэглэмийн өмнөх” шүү дээ. Байдлыг шүүн тунгаавал, прокурор зүгээр л цаас руугаа нулимаад, 14 жилийг хүсэх юм байна гэж би “сүүлчийн үгэндээ” хэлсэн юм. “Шүүгч” цааш нь ялын тогтоолоо өөрөө бичнэ. Ийнхүү Михаил Ходорковскийн эсрэг хэргийн тоо хэмжээ, түүний эрх чөлөөтэй байхаас хэр зэрэг болгоомжлох зэрэг нь Путиний сэтгэл хөдлөлөөс гагцхүү хамаарна.
Би улс төр рүү юм уу, тэр тусмаа хувийн арцалдагч Путин руу хэзээ ч тэмүүлж байсангүй. Харин хамгийн сайн ойлгодог эдийн засгаа, аж үйлдвэрээ, үйлдвэрлэлээ л сонирхож, эрхэлж ирсэн. Харин тэр өөрөө л (Путинг хэлж байна. Орч) яагаад ч юм намайг үүндээ онилчих юм даа. Би өнөөг хүртэл ингэж үздэг юм. Яая гэхэв “бие хүн” болохгүй байхыг өнөөдрийг хүртэл хичээсээр ирсэн ч, харгалзаж үзэх л болох нь дээ. Уг нь тэгж хүмүүжээгүй л юм сан.
Нийгэмд эрх чөлөөтэй байгаа бидний эх орон нэгтнүүдийн дийлэнх хэсэг нь яг л шоронгийн дэвсгэр нутагт, “хувийн” амьдралд байдаг шиг биеэ даасан биш, “удирдлагаас” хамааралтай байна. Энд ч, тэнд ч хязгааргүй эрх зүй. Хэдийгээр хүнд бөгөөд аюултай ч энд ч, тэнд ч эрхээ хамгаалж болно. Гэвч эрх чөлөөгөө эдэлж байгаа хүн бол бүрмөсөн юм уу, эсвэл түр цагаачлах боломжтой . Шоронд бол тийм боломжгүй.
Захиргаадалтын дэглэм нь үүсгэн байгуулагчдаа болон даган баясагчдаа эвдэж нураадаг. Энэ бүхнийг бид зөвлөлтийн үед үзлээ шүү дээ. Тэгэхдээ “долоож” байсных нь ч, “долоолгож” байсных нь ч ертөнцийг үзэх ойлголт нурдаг л даа.
Пол Потын үеийн, хуучин Кампучийн үеийн төрийг хүчтэй байсан гэж хэлж болох уу? Тэрээр хүн амынхаа 20%-ийг устгачихаад улс орноо ядуурлаас гаргаж чадаагүй юм шүү дээ. Тийм төрийг хүчтэй төр гэж болохгүй хэмээн би үздэг. Бүгдийг эзэрхийлэн захирах харгис дарангуйлал л болохоос, хүчтэй биш. Уур хилэн нь оволзож ёс суртахууны зарчмуудаа бүрэн гээсэн хүнийг хүчтэй гэвэл орос хэлэнд огт дүйхгүй. “Хүчтэй хүн”, түүнчлэн “хүчтэй төр” гэдэг нь өгөөмөр сэтгэлтэй, хүмүүст тусламтгай ч гэх юм уу, ямар нэг том зүйлийг тодорхойлсон үг юм.
Оросын төр нь түүхийн ихэнх үед асар их эрх мэдэлтэй, хэмжээгүй эрхтэй байсан ч сулхан төр байжээ. Өнөөдөр ч тийм хэвээрээ л байна.
Гадны цагаачдын цуваа, хар тамхичид, янз бүрийн хор, аюул дагуулсан нууц бараа товар нэвтэрч байдаг дэлхийн хуурай газрын хамгийн урт хилийнхээ хамгаалалтын асуудлыг олон нийтийн санаачилгын замаар шийдэж болох уу? Үгүй, болохгүй.
Тив нэгт амаргүй хөршүүдтэй Орос орныг цөмийн зэвсэггүйгээр, эсвэл түүнийг бүх нийгмээ төлөөлж үл чадах олон нийтийн бүтэц рүү шилжүүлж болох уу? Үгүй, болохгүй.
Газар нутгийнх нь 70% хүн амьдрахад таагүй байгаль цаг уурын бүсэд оршдог оронд, тэнд амьдардаг хүн амыг болзошгүй аюулын даатгалд хамруулах асуудлыг нийгмийн бүхий л нөөцөд үйлчилдэг механимзмгүйгээр шийдэж болох уу? Үгүй, болохгүй. Том орны хувьд иймэрхүү маягийн цорын ганц механизм нь төр мөн. Үүнээс өөрийг хүн төрөлхтөн бодож олоогүй байна.
Дуулж бол би чадна. Тэгэхдээ зөвхөн нилээд балгасан үедээ шүү. Залуудаа бол байсаан. Санах ой минь тэр аймшгийг хадгалсангүй дээ.
Хамгийн сүүлд 1987 онд би зодолдож байсан юм байна. Сүүлд бодоход ирээдүйн эхнэрээсээ болсон байдаг юм.
СССР (Зөвлөлт, Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс. Орч) бол миний эх орон. Би тэнд төрж, 30 нас хүртлээ амьдарсан. Харин би “зөвлөлт”-ийг тэгтлээ санагалздаггүй, “зөвлөлт” үед сайхан байжээ гэсэн яриаг сонсоод хачин болдог. Тэр бүү хэл Путин ч энэ тухайд хээл хахуульд идэгдсэн хүнд сурталтнуудтайгаа хамт муухай харагдаад байдаггүй. Гэсэн хэдий ч өөрсдийгөө дээд язгуур угсаатай гэж үздэг ”зөвлөлтүүдэд” үлдсэн чухамхүү ганц гол зүйл нь хүнд суртал. Бүдүүлэг, хариуцлагагүй, даргад үйлчилдэг, эх орон нэгт бусдыгаа хавчиж хяхдаг хүнд суртал.
Би шаналж суух дургүй. Ойр дотныхныгоо өрөвдөж байна. Өрөө дуустал нь бас дарж чадаагүй ээ. Үхэл гэж байхгүй, айх ч үгүй. Дурсах юм байна, яваад өгөхөд эмээх зүйлгүй.
Хүмүүс урмыг минь хугалаагүй ээ. Магадгүй, зүгээр л аз дайрсан юм болов уу?
М.Ходорковкий: Би чинь ЮКОС-г удирдахаас өмнө авьяаслаг химич байсан хүн. Шинжлэх ухааны салбартаа буцаж очихыг хүсдэг
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...