“Доргио” баар согтууруулах ундаагаар үйлчлэхгүй боллоо
- schedule 2013 оны 8 сарын 1
- chat_bubble 0
Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу түргэн хоолны үйлчилгээний сүлжээ газрууд 24 цагаар ажилладаг байсныг 07.00-03.00 цаг хүртэл ажиллуулахаар өөрчилсөн.
Мөн иргэдээс ирүүлсэн саналын дагуу тусгай хөтөлбөртэй шөнийн цэнгээний газруудыг пүрэв, баасан, бямба гарагт шөнийн 03.00 цаг хүртэл үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрч, ажиллах цагийг нь уртасгасан юм. Гэхдээ архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 00.00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглосон заалтыг хэвээр үлдээсэн билээ. Энэхүү захирамжийн хэрэгжилт болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас шалгалт хийжээ.
Шалгалтаар Баянзүрх дүүргийн Юу Жи Си ХХК-ийн “Метрополис”, Бишрэлт гүн ХХК-ийн “Бишрэлт гүн”, Чингис интернэшнл ХХК-ийн “Оакланд”, Чингэлтэй дүүргийн Матрикс ХХК-ийн “Face” зэрэг бар, цэнгээний газрууд уг захирамжийг зөрчин согтууруулах ундаагаар үйлчилж байсан нь илэрчээ. Мөн Чингэлтэй дүүргийн дөрөв дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Н” ХХК-ийн “Доргио” барны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон боловч хууль зөрчин ажиллаж байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Иймд холбогдох хууль тогтоомж зөрчин ажилласан дээрх дөрвөн газрын “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгожээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...