“Шинэ” Зайсан
- schedule 2014 оны 8 сарын 18
- chat_bubble 0
“Оюуны ундраа” групп Зайсан толгойн бэлд үндэсний соёл, амралтын хүрээлэн барих томоохон бүтээн байгуулалт өрнүүлж буй. Энэ ажлынхаа хүрээнд тус групп өөрийн хөрөнгөөс хоёр тэрбум орчим төгрөг гаргаж, Зайсан толгой орчмыг тохижуулж байгаа юм.
Зөвлөлтийн дайчдын хөшөө, Танктай хөшөө зэрэг тухайн орчинд байх түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлахаас гадна гэрэлт үүлэг тавьж, ногоон байгууламжтай болгон, үйлчилгээ явуулах барилга, усан оргилуур, автомашины зогсоол шинээр барьж байгаа аж. Иргэдийн амралт, зугаалгад зориулан хувийн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр хийж буй энэ ажлын явцыг бид сурвалжиллаа. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй шорлог зарахаас эхлээд бие засах газаргүй, шороо тоостой зэрэг олон асуудалтай байсан энэ орчныг тохижуулах болсон нь төрийн байгууллагын захиалга биш, тус группийн санаачилга байжээ. Үүний тулд инженерийн дэд бүтцийг нь шийдэж, ус, дулаан, цахилгаантай болгон, жилийн аль ч улиралд нээлттэй байх үйлчилгээний төв барьж, ажиллуулах боломж бүрдэж буй гэнэ.
Зайсангийн энгэрийг 1961 онд тохижуулснаас хойш 53 жилийн дараа “Оюуны ундраа” групп анх удаа иж бүрнээр нь сэргээн засварлаж буй нь энэ. Тус компани санхүүжилтийнхээ 70 хувийг нь зарцуулаад байгаа аж. Соёмбот болон Танктай хөшөөний суурь элэгдэж, муудсан байсныг сэргээн засаж, шинэ суурь хийжээ. Улаанбаатар хотын гудамж, талбайг тохижуулахдаа голдуу элс юм уу хайрга дээр чулуу дэвсдэг.
Энэ нь удалгүй эвдэрч, ховхордог тул хуулан, дахиад шинэ чулуу суурилуулахаас өөр аргагүй болох нь цөөнгүй. Тэгвэл эндхийн тохижилтод чулуу дэвсэхээс өмнө ул бетон суурь цутгасан байна. Ажлынхаа үр дүнг сайн, чанартай болгохын тулд голдуу гар ажиллагаагаар бүтээж байгаа аж. Техник хэрэгсэлд найдахын оронд бодол ухаан, гар, сэтгэлээ гаргаж хийхээр зорьж байгаа гэсэн. Монгол, хятад нийлсэн 35 хүн өдгөө энэ ажилд оролцож буй. Тэд Монголд анх удаа хөгжмийн аясаар оргилдог усан оргилуур барьж байв.
Манайд байдаг усан оргилуурууд бохирын шугамгүй тул ус нь удаан хуримтлагдан, бохирдож булингартдаг. Харин хөгжмийн аясаар оргилдог энэ усан оргилуурыг төвийн шугамтай холбосон тул ус нь дотроо хуримтлагдахгүй. Тиймээс цэвэр тунгалаг байх боломжтой. “Хэдхэн жилийн настай биш олон жилийн эдэлгээ даах ажил хийхийн тулд чанартай, эдэлгээтэй материалыг би өөрөө сонгосон. Харахад энгийн, жижиг ажил мэт ч цаад талдаа сайн бүтээн байгуулалт болгохын төлөөх нүсэр ажил” гэж тус группийн ерөнхий менежер О.Тэнүүн онцолсон.
Уг бүтээн байгуулалтын эхний хэсгийг энэ сарын 23-наас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Харин үлдсэн хэсгийг нь энэ сарын 29-нд дуусгах тул Зайсангийн энгэрийн энэ хэсэг өмнө нь ямар байсан, өдгөө ямар болсныг харьцуулж, “шинэ” Зайсан толгойг тэр үеэс харж болох нь ээ.
Зайсангийн энгэр ийм болно
Ажлын явцад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар ерөнхий менежер О.Тэнүүн “Энэ ажлыг эхлэхэд хийлгэхгүй гэж эсэргүүцэхээс эхлээд хөшөөг нураачихлаа гэж шүүмжлүүлж байсан. Гэтэл ажлаа бүтээгээд дуусах дөхсөн чинь “Бид ийм ажил хийлээ” гэж өмнөөс минь ярих хүн цөөнгүй боллоо. Үүнээс гадна Халх голын дайны ялалтын 75 жилийн ой болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин айлчлахтай холбоотойгоор төрийн байгууллагуудын ажилтнууд ээлж дараалан ирж, уялдаа холбоогүй, гүйцэтгэх боломжгүй шаардлага тавих болсон. Манайх цэцгийн мандал хийчихээд холбогдох байгууллагад нь хар шороо асгаад, цэцэг тариач гэсэн хүсэлт тавихад “Чадахгүй” гэх зэргээр тусламж, дэмжлэг үзүүлээгүй. Тэгсэн хэрнээ “Наймдугаар сарын 10-наас өмнө хашаагаа авч, ажлаа дуусга” гэсэн шаардлага тавьсан.
Мөн Зөвлөлтийн дайчдын хөшөө орчимд мэндчилгээ тавиарай гэсэн удаа ч бий. Бид төр, засгийн гар харалгүй, ийм бүтээн байгуулалт хийж байхад жижиг асуудлаа өөрсдөө шийдчихэж болдоггүй юм уу. Ингэж ажиллаж байхад үнэлэхгүй хэрнээ хийсний дараа “Бид ийм ажил хийлээ” гэж булаах гэнэ. Бид анх энд шорлог зарж байсан хүмүүсийг нүүлгэх гэж багагүй ажил болсон. Хотын захиргааныхан тухайн үедээ дэмжихгүй байсан хэрнээ өдгөө “Анхнаасаа бид дэмжиж байсан” гэж хэлж байгаа. Хуучнаар нь байлгаж болох байсан ч хувийн аж ахуйн нэгж хөрөнгө, сэтгэлээ гарган, нийслэлдээ ийм бэлэг барьж байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...