Төрийн ордонд ажиллагсдын амь насанд АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДСЭЭР БАЙХ УУ?
- schedule 2014 оны 8 сарын 12
- chat_bubble 0
Өнгөрөгч сарын сүүлээр Төрийн ордны зарим хэсэг усанд автаж, цахилгаан, эрчим хүчний хангамж нь доголдоход хүрчээ. Тодруулбал, Төрийн ордны цахилгаан, эрчим хүчний эх үүсвэр байрлаж буй зүүн жигүүрийн зоорийн давхрын зарим хэсэгт борооны ус орж, хуримтлагдсаны улмаас ийм байдал үүссэн байна. Газар дээр нь ажилласан мэргэжилтн үүд “Нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний эх үүсгүүрүүдийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын бэлэн байдал хангагдахгүй болсон” хэмээн дүгнэжээ. Хэдийгээр цаг алдалгүй шаардлагатай арга хэмжээ авсан ч “Бүх зүйл ард хоцорсон” гэсэн үг биш.
Мэргэжлийн хэллэгээр “нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгч” буюу төрийн тусгай хамгаалалт, Төрийн ордны тухай хуулиар зохицуулагддаг Төрийн ордонд төвийн, нэгдсэн системээс ирэх цахилгаан тасалдахад хэдхэн секундын дотор нөөц эх үүсгүүр нь автоматаар ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, тэрхүү нөөц эх үүсгүүрт үүссэн асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байна. Тиймээс ч мэргэжлийн байгууллагаас “Цахилгаан хуваарилах байгууламжийн кабель шугамын сувагчлалд нэвтэрч буй хөрсний усыг зайлуулах байгууламжийг буй болгох техникийн шийдлийг мэргэжлийн зураг төслийн байгууллагатай хамтран гаргаж, барьж байгуулах нь зүйтэй” гэсэн чиглэл өгсөн аж. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаас Төрийн ордны цахилгаан хангамжийн нөөц эх үүсвэрийн найдвартай байдлыг хангахад шаардлагатай 36.8 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсөн байна лээ.
Гэвч дээрх мэдээлэл асуудлын гол нь биш юм. Энэ жил бороо хур элбэг байгаа тул орон сууц, барилга байшингуудын орц, хонгил усанд автсан тухай дуудлага, гомдол цөөнгүй байгаа гэсэн. Харин Төрийн ордон хавийн газрыг цэвдэгтэй, хөрсний ус ихтэй гэж ярьж ирсэн. Нийслэлийн ИТХ-аас 270 барилгыг хуучирсан, хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасны дунд Төрийн ордон багтсан байгаа. Энэ ч бас тэгтлээ цочирдом мэдээ биш, үнэндээ. “Төрийн ордны барилга муу, нурах гэж байгаа” гэсэн яриа ойрынх биш. Ийм чухал объект Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Газар хөдлөлийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм ба дүрэм”- ийн шаардлагад нийцэхгүй байгааг хамгийн сүүлд 2010 онд мэргэжлийн байгууллагаас нэгэнт тодорхойлчихсон.
Үүнээс өмнө ч нэг бус удаа энэ мэт дүгнэлт гаргаж байсан гэсэн. Төрийн ордны эхний барилгыг 1951 онд ашиглалтад оруулж, нэгдүгээр өргөтгөлийг 1962, хоёр дахь өргөтгөлийг 1981 онд хийсэн. Тодруулбал, 1962 онд зүүн, баруун урд талын жигүүр, урд, хойд талын багана, их танхим, 1981 онд УИХ-ын хууль тогтоох тасралтгүй үйл ажиллагааг хангах гол орчин болсон туслах танхимууд тус тус нэмэгдсэн байдаг. 1951, 1962 онд ашиглалтад орсон хэсгүүд нь бидний харж, төсөөлж буй Төрийн ордны үндсэн, цөм хэсгийг бүрдүүлдэг. Гэтэл 1951, 1962 онд баригдсан хэсэгт анхнаасаа газар хөдлөлийн эсрэг хамгаалах арга хэмжээ аваагүй гэж байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн ордны 1981 онд хийсэн өргөтгөлийг эс тооцвол уг барилгад газар хөдлөлтөөс сэргийлэх, үер ус гээд байгалийн элдэв хүчин зүйлээс хамгаалах дорвитой зүйл хийгээгүй. Гэвч 1981 онд баригдсан хоёрдугаар өргөтгөлд газар хөдлөлтийн эсрэг мөрдсөн норм, дүрэм нь өнөөгийн шаардлагад бас л нийцэхгүй байгаа.
“Газар хөдлөлийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм ба дүрэм”-ийг хамгийн сүүлд 2006 онд шинэчлэн баталсан байдаг юм байна. Тиймээс ч 1951 болон 1962 онд баригдсаныг нь хэсэгчлэн буулгаж, гадна төрхийг нь өөрчлөхгүйгээр норм, дүрмийн дагуу шинэ төлөвлөлт хийх хувилбар дэвшүүлж, холбогдох тооцоо судалгаа хийгээд байгаа юм. Үүнээс гадна Парламентын ордон шинээр барих талаар яриад нэлээд удаж буй.
Одоо Төрийн ордонд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын харьяа 1000 гаруй ажилтан, албан хаагч ажиллаж буй. Тэдний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх хэдийнэ алдагдчихаад байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд Монгол Улсын ҮАБЗ-ийн гишүүд ийм аюултай орчинд ажиллаж нэг дор төвлөрөх нь улс орны аюулгүй байдалтай ямар нэг байдлаар холбоотой.
Харамсалтай нь бодит байдлыг мэдсээр байж асуудлыг улиг болтол нь уяж, санаатай болон санаандгүйгээр хойшлуулж, сэтгэл гаргахгүй байгаа нь өнөөдрийн хөндүүр сэдэв болчихоод байгаа юм. Золоор Монголд Япон шиг газар хөдөлдөггүй. Гэвч байгалийн араншин догширч, юу ч хийж мэдэхээр болсныг Архангай аймагт болсон саяхны үзэгдлээс харж болохоор байна.
Төрийн ордны барилгын асуудалтай хүссэн, хүсээгүй холбогддог сэдэв бол Парламентын шинэ ордон. “76 гишүүн тусдаа ордонд тухлах хэрэг ер нь юу байна аа” гэсэн шүүмжлэл дагуулдаг ч Төрийн ордноо хэсэгчлэн буулгаж, шинэ төлөвлөлт хийхээс илүүтэй бодитой, бас ажил хэрэгч хувилбар учраас тэр биз. Гэвч 2007 онд Парламентын ордон барихад зориулж 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх баримт бичигт Кувейт улстай гарын үсэг зурснаас хойш юу ч өөрчлөгдсөнгүй. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Парламентын ордон барих ажлыг өнг өрөгч хавраас эхлүүлэх талаар Засгийн газарт албан бичиг явуулсан ч өнөөдөр ажил хэрэг болсон нь юу л бол. Учир нь Шадар сайд Д.Тэрбишдагвын дэргэд “Парламентын шинэ ордон” төслийн нэгж байгуулагдсан гэж байгаа ч тодорхой мэдээлэл олдсонгүй.
Арваад жилийн өмнөх 12 сая ам.доллар нь өнөөдөр аманд ч үгүй, хамарт ч үгүй болсон тул нэмж шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог тус төслийн нэгжийнхэн Д.Тэрбишдагва сайдад танилцуулах үүрэгтэй. Гэтэл төслийн нэгжийнхэн албан тасалгаандаа сүүлийн сар гаруйн хугацаанд ирээгүй болохыг эх сурвалж хэлсэн бөгөөд захирал н.Баярхүүтэй утсаар холбогдох гэж хэдэн өдөр оролдоод бүтэлгүйтсэн юм.
Нөгөө талаас Парламентын ордон шинээр барьж, хууль тогтоогчид туурга тусгаарлалаа ч Төрийн ордонд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд албатуудтайгаа үлдэнэ. Энэ оны эхэнд Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгын хүрээнд зарлиг гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Тодруулбал, Төрийн ордны зүүн талд хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр яамдын нэгдсэн байртай болохоор ярьж буй. Зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд захирамж гарган, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Одоогоос таван сарын өмнө тус Ажлын хэсгийнхэн “Мэдээлэл өгөх хараахан болоогүй байна” хэмээн халгаж байсан бол өдгөө тэд бас ч гэж багагүй ажил амжуулснаа хэллээ.
Парламентын шинэ ордон, яамдын нэгдсэн байр чухам хэзээ сүндэрлэх юм бол. Эсвэл “өвгөрч”, хуучирсан Төрийн ордноо шинэчлэх үү. Аль нь ч байсан албатуудынх нь амь насанд аюулын харанга дэлдсээр.
Г.БАЙГАЛМАА: АРАВДУГААР САР ГЭХЭД ЕРӨНХИЙ ТӨСӨӨЛӨЛ ГАРЧИХНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
Яамдын нэгдсэн байрны талаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаагаас тодрууллаа.
-Яамдын нэгдсэн байрны ажил ямар түвшинд явж байна вэ?
-Энэ асуудлын хүрээнд мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Юуны түрүүнд Үндсэн чиглэлийн яамдаас бусад яамыг тэнд төвлөрүүлэх шаардлага, бодит байдлыг судалсан. Төлөвлөлт, барилгын дизайн, хөрсний даац зэрэг олон зүйлээс хамаарч одоогийн Засгийн газрын бүтцийн бүх яам тус байранд орох боломжгүй. Энэ талаар Төрийн өмчийн
хорооныхон ч судалсан. Тэд өөрийн гэсэн байранд үйл ажиллагаа явуулж байгаа яамдын талаар судалж, байршлаас нь авахуулаад хэдэн метр кв юм гэхчилэн нарийвчлан тооцсон. Нийслэлийн холбогдох байгууллагууд ч яамдын нэгдсэн байр барих газрыг нийслэлийн өмчөөс хэрхэн шилжүүлэх талаар анхааран ажиллаж байна. Яамдын нэгдсэн байр баригдвал төвлөрөл үүсэж, ачаалал ихэснэ. Тиймээс Төрийн ордонтой хонгилын системээр холбовол ямар вэ гэсэн санаа дэвшүүлж ярьсан. Гэхдээ Төрийн ордны барилга ашиглалтын шаардлага хангахгүй учраас асуудал үүсгэж байгаа. Мөн Парламентын шинэ ордонтой хэрхэн уялдах талаар ч судалсан. Өөр өөрийн чиглэл, мэргэжлийн дагуу боловсруулсан санал, дүгнэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт зангидан нэгтгэнэ. Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж, холбогдох байгууллагууд санал дүгнэлтээ танилцуулсан. Гэхдээ чухам ямар байр байх, барилгын ажлыг хэзээнээс эхлүүлэх, хөрөнгө оруулалт нь хаанаас гарах гэхчилэн олон зүйл тодорхой болоогүй байна. Ерөнхийдөө төлөвлөсөн, тооцоо, судалгааны шатанд явж байна. Эцсийн шийдвэрийг Засгийн газарт танилцуулж, хэлэлцэн баталгаажуулах ёстой. Барилга, хот байгуулалтын яамнаас уг байрны барилгын зургийн уралдааныг хоёр удаа зарлаж, дүгнэсэн.
-Яагаад хоёр удаа зарласан юм бэ?
-Зөвхөн хэвлэх үйлдвэрийн суурь байгаа зурвас газраар хязгаарлагдахгүй барилгын талбайг тэлэх боломж байна уу гэж харсны үндсэн дээр эхний уралдааныг зарласан. Дараа хэвлэх үйлдвэрийн суурь байгаа газарт баригдах байдлаар барилгын зургийн уралдаан зарласан юм. Уралдаануудад байгууллага, хувь хүмүүс идэвхтэй оролцсон.
Тухайлбал, эхний уралдаанд 10, дараагийнхад таван бүтээл ирсэн. Бид төрийн үйлчилгээ явуулах цөм байгууллага
учраас өндөр ач холбогдол өгч, тодорхой нөхцөлийн дагуу дүгнэсэн.
-Газрыг томсгох боломж байхгүй гэсэн үг үү?
-Байхгүй. Хувийн хэвшлийнхэнтэй уулзсаны үндсэн дээр ийм ойлголттой болсон. “Хас” банк, “Таван богд” гэхчилэн аж ахуйн нэгжүүд байршлаасаа нүүх, шилжих сонирхолгүй гэдгээ илэрхийлсэн. Ямар нэг байдлаар тохирч, зохицох санал тавьсан ч боломжгүй гэсэн.
-Гэхдээ ажил арай л удаан яваад байх шиг. Ямар нэг бэрхшээл байна уу?
-Мөнгө төгрөг, ашиг сонирхлоос үүдэлтэйгээр ажил удаашраагүй. Ер нь чиглэл чиглэлийнхээ дагуу тогтсон хугацаанд ногдсон үүрэг даалгавраа гүйцэтгэж байгаа.
-Хэзээ илүү тодорхой шийдэл гарах бол?
-Одоо ерөнхийдөө амралтын байдалтай байх шиг байна. Ирэх сараас ажил эрчимжих байх. Аравдугаар сар гэхэд ерөнхий зүг чиг, төсөөлөл гарчихна гэж найдаж байна.
Эх сурвалж: WWW.MONGOLNEWS.MN
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...