Дэлхийн түүхэн дэх хамгийн их борлуулалттай автомашинууд
- schedule 2013 оны 7 сарын 6
- chat_bubble 0
Дэлхийд 1885 онд анх моторт тэрэг /1914 оноос эхлэн Форд компани олноор үйлдвэрлэж эхэлжээ/ үүссэн цагаас эхлэн одоог хүртэл хичнээн улс орны, хичнээн машин үйлдвэрлэгчид хичнээн загварын автомашин хийсэн бол? Энэ тоог нарийн гаргахад маш хүндрэлтэй байх болов уу. Барагцаа тоогоор одоо амьдарч буй цаг үед /2010он/ нэг тэрбумаас илүү автомашин байгаа гэж үздэг байна. Жил болгон 70-80 сая автомашин /тээврийн хэрэгсэл/ үйлдвэрлэгдэн гардаг байна. Хятад, Энэтхэг, Бразил зэрэг улсын эдийн засаг өргөжин тэлж байгаатай холбоотойгоор энэ тоо улам эрчимтэй өсч байна. Энэ их машинуудаас ямар улсын ямар маркын автомашин хамгийн их үйлдвэрлэгдэж зарагдсан бол гэж та бодож байна уу. Тэгвэл танд бүх цаг үеийн хамгийн их тоогоор зарагдсан автомашинуудыг товч танилцуулья:
12. Chevy Impala - 14 сая гаруй
Дэлхийнд хамгийн их зарагдсан автомашины жагсаалтын 10-рт АНУ-ын Женерал Моторс компанийн 1957 онд Bel Air Impala нэртэйгээр анхны загвараа гаргаж 2013 онд 10 дахь хувилбараа гаргаж байгаа Шевролет орж байна. Энэ 60-аад жилийн хугацаанд ойролцоогоор 14 сая гаруйг дэлхийн зах зээлд нийлүүлжээ. Анхны 6 цлиндр бүхий 3,9 л багтаамжтай 3650 сс хөдөлгүүртэй хоёр хаалгатай, 3 араатай седан загвараа 2,586 ам.доллараар зарж байсан бол хамгийн сүүлийн загвар нь /2.4-3.6 л-ийн багтаамжтай V6 хөдөлгүүр бүхий 4 хаалгатай болж/ 26,725-35,770 ам.доллараар зарж байна.
11. Volkswagen Passat – 15.5 сая
Volkswagen компанийн сүүлийн үеийн Passat нь 20 мянган ам.доллараар зарагдаж байна. Анхны үйлдвэрлэл нь 1973 оноос эхэлсэн бөгөөд B1 загвар нь 4 цлиндртэй 1.3 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй, гурван хаалгатай комби загвар байжээ. Энэ загвараа1973–1981 онуудад үйлдвэрлэсэн байна. Түүнээс хойш хөгжүүлэн шинэчилж B2 – B5, B5.5, B6, B7, Passat СС, Passat Alltrack хувилбаруудаа хийжээ. 2013 оноос шинэ загвараа гаргахаар ажиллаж байгаа гэнэ. 2008 онд гаргасан Passat СС нь 3.6 л-ийн V6 хөдөлгүүртэй, 27,100-28,300 ам.долларын үнэтэй гэнэ. Хойд Америкийн зах зээлд борлуулалт сайтай байдаг байна. Хамгийн сүүлийн загвараа 2011 онд гаргасан бөгөөд энэ хугацаанд 15.5 сая Passat борлуулжээ.
10. Ford Model T – 16,5 сая
Дэлхийд хамгийн алдартай автомашинуудын нэг, анхлан бөөнөөр үйлдвэрлэсэн Ford Model T загварыг 1908 оноос худалдаалж эхэлжээ. Автомашиныг анхлан ховор, үнэтэй дээд зиндааныхан л авдаг байсан бол Форд компани Ford Model T (2.9л-ийн 4 цлиндртэй 2850сс хөдөлгүүртэй, 64-72км.цаг хурдтай) загвараас эхлэн дундаж ангийнхан авч чадахаар өртөг багатай олноор үйлдвэрлэсэн байна. Ингэснээр автомашин үйлдвэрлэлд хувьсгал хийж нийтийн хэрэгцээний бараа болгосон гэнэ. 1927 онд энэхүү загвараа үйлдвэрлэхээ зогсоосон ба тухайн үед 20-оод жилийн хугацаанд 16.5 сая автомашин борлуулна гэдэг үнэхээр гайхамшигтай амжилт юм. 1920 –оод оны үед нэг автомашинаа 260 ам.доллараар зарж байсан байна.
9. Honda Accord – 17,5 сая
1959 оноос мотоцикл хийж эхэлсэн Японы Хонда корпораци Honda Accord загвараа 1976 оноос өнөөг хүртэл үйлдвэрлэж байна. Honda Accord загвар нь сүүлийн 15 жилийн хугацаанд 26 удаа хамгийн сайн 10 машинаар тодорч янз бүрийн жагсаалтад бичигдэж байсан гэнэ. Тиймээс ч хамгийн их зарагддаг машины нэгээр шалгарах нь аргагүй. Дэлхийд хамгийн өргөн тархсан дундаж ангиллын /хэмжээ/ боломжит үнэ бүхий энэ машин нь анхны загвараас хойш 9 дэх хувилбараа /сери/ гаргаад байгаа бөгөөд энэ хугацаанд 17.5 сая ширхэг борлогджээ.
Анхны загвар нь 1976-1981 онуудад 1.6 л-ийн 4 цлиндр бүхий 1,600-1,751сс хөдөлгүүртэй, 3 болон 4 хаалгатай, 945кг жинтэй үйлдвэрлэгдэж байсан бол сүүлийн загвар нь 2013 оноос 2.4-3.6 л-ийн I4-V6 хөдөлгүүртэй, 2-4 хаалгатай, 23 -36 мянга гаруй ам.долларын үнэтэйгээр борлуулагдаж байна.
8. Opel Corsa – 18,0 сая
Германы машин үйлдвэрлэгч Опел корпораци (толгой компани нь АНУ-ын Женеарал Моторс компани – Шевролет) Corsa загвараа 1981 оноос эхлэн үйлдвэрлэсэн ба дэлхий даяар 18 сая ширхэгийг зараад байна. Опел компани нь Corsa загвараа A (1983-1993), B(1993-2000), C (2000-2006), D (2006-2014 онд) гэсэн үндсэн дөрвөн сериэр гаргасан. Тухайн загварын онцлог, өөрчлөлт, хаана үйлдвэрлэсэн, аль зах зээлд зориулсан гэдгээс шалтгаалж Buick Sail, Chevrolet Classic, Chevrolet Corsa, Chevrolet Chevy, Holden Barina, Opel Vita, Vauxhall Corsa гэх мэтээр янз бүрээр нэрлэгддэг байна.
Анхны загвар нь 3 цлиндр бүхий 998 сс хөдөлгүүртэй гарч байсан бол сүүлийн загвар нь 4 цлиндр бүхий 1,686 сс хөдөлгүүртэй гарсан эдийн засгийн хэмнэлттэй дундаж давхрагынханд зориулагдан Герман, Испани, Мексик зэрэг 6 улсад үйлдвэрлэдэг.
7. Honda Civic – 18,5 сая
Мөн Хонда корпорацийн Honda Civic загвар нь 1972 оноос, 4 цлиндр бүхий усан хөргүүртэй 1,169 сс хөдөлгүүртэй гарч байсан бол түүнээс хойш өнөөг хүртэл 9 хувилбараар /сери/ үйлдвэрлэгдэж байгаа ба энэ хугацаанд 18.5 сая ширхэг ойролцоогоор зарагдсан гэж үздэг байна. Дэлхий даяар хамгийн их өргөн дэлгэр тархсан машины нэг боловч сүүлийн үед худалдан авах явдал нь буурч байгаа гэнэ. Гэсэн ч 2013 онд сэргэлтийн жил байх болно гэж үзэж байгаа юм байна. Сүүлийн загварууд нь 20-25 мянган ам.доларын үнэтэй. Сонирхуулахад, Канадад 14 жилийн турш хамгийн их борлуулалттай автомашинаар шалгарч байгаа гэнэ.

6. Ford Escort – 20,0 сая
Форд корпораци нь Ford Escort загвараа 1968-2003 онуудад үйлдвэрлэсэн бөгөөд мөн Европт 1968-2002 онуудад Англи, Германд Ford Escort Mark нэрээр үйлдвэрлэж байжээ. Нийт зургаан цуврал гаргсан ба 40-өөд жилийн хугацаанд жижигхэн, хөнгөн, түлшинд хэмнэлттэй 20–оод сая автомашин үйлдвэрлэж Хойд Америк болон Европын дундаж ангийнхныг хөл залгуудахад үнэтэй хувь нэмрээ оруулсан гэнэ. Анхны загвар Ford Escort Mark I нь 1968-1974 оны хооронд 1.1-1.3 л-ийн багтаамжтай 4 цлиндр бүхий 936-1,994 сс хөдөлгүүртэй 2-4 хаалгатай, 767 кг хүртэл жинтэйгээр үйлдвэрлэж байжээ. Сүүлийн зургаа дахь хувилбар хүртэл хөдөлгүүрийн хүчин чадлыг нь нэг их томруулаагүй хадгалсан байна. Харин хойд Америкад 1.6-2.0л-ийн багтаамжтай арай том хөдөлгүүртэйгээр 1981-2002 онуудад 4 хувилбараар гаргасан бөгөөд 80-аад оны үед 5,500 ам.доллараар зарж байжээ. 2000-аад оны үед дундажаар 12 мянган ам.доллар байсан байна. 2000 он гаргаад борлуулалт нь муугүй байсан ч үйлдвэрлэлээ зогсоосон байна.
5. Lada – 20,0 сая гаруй
ЗХУ-ын үед 1970-аад оноос эхлэн АвтоВаз үйлдвэр Лада автомашиныг үйлдэрлэн гаргасан. Манай оронд 80-аад оны сүүлээр ихээр орж ирсэн тул Лада машины тухай мэдэх байх. Анхны загвар нь ВАЗ 2101 буюу Жигули нэртэйгээр гарснаас хойш ВАЗ 2102-07 /Лада/, 2108, 09, 2115 /Самара/, Лада 110, 11, 12, мөн ВАЗ-2110-12 /Семейство 110/, ВАЗ-2120 /Надежда/, ВАЗ-1117-19 /Калина/, зэргээр үйлдвэрлэн гаргасан. Мөн Их Британид Rivas, Канадад Signet, Германд Nova нэрээр гаргаж байжээ. Мөн дөрвөн дугуй нь хөтлөгч бүхий Лада Нива-г манайхан санаж байгаа байх. 1980 оны сүүлээр 15,0 саяаас дээш үйлдвэрлэсэн борлуулсан байдаг юм байна.
Одоо Lada Largus (Ларгус), Lada Priora (Приора), Lada Granta (Гранта) Lada Kalina (Калина), Lada Samara (Самара), Lada 4x4 Niva (Нива, Тайга) зэрэг нэртэйгээр үйлдвэрлэж байна. Сүүлийн үед үйлдвэрлэж байгаа загваруудтайгаа нийлээд ойролцоогоор 20 сая гаруй Лада үйлдвэрлэсэн гэж тоцоолдог байна. Нэг хэлбэр загварын машин үйлдвэрлэн зарсан тоогоор дэлхийд гуравдугаарт эрэмблэгддэг гэнэ.
4. Volkswagen Beetle – 23,5 сая
Volkswagen Beetle буюу Цох хорхой хэмээх нэртэй алдартай машиныг нацист Германы үед Гитлерийн тушаалаар “Ардын” машин зохион бүтээгдэж 1933 оноос олноор үйлдвэрлэж эхэлсэн юм байна. Тэр үед гарч ирснээрээ Type 1 загвар нь хүмүүсийн нүдэнд янз бүрээр хоногшиж алдаршсан бизээ. Тиймдээ ч хамгийн урт удаан хугацаанд үндсэн загвар дизайн нь өөрчлөгдөхгүйгээр одоог хүртэл үйлдвэрлэгдсээр байгаа ганц загвар. Энэ хугацаанд 23,5 сая гаруй зарагдснаас Германд 16.0 сая гаруй нь зарагдсан байдаг гэнэ. Тиймээс “Ард түмний машин” гэсэн цолтой болсон. Энэхүү эдийн засгийн асар хэмнэлттэй машин нь 1000 хүрэхгүй сс-тэй байсан боловч 100км/цагаас дээш хурдалж чаддаг байжээ. Энэ машиныг Англи, Ирланд, Бразил, Мексик, Өмнөд Африк, Автралид ммөн үйлдвэрлэдэг байна. Сүүлийн шинэ загварууд нь хүчин чадал нь өндөр болсон ба 19-31 мянган ам.долларын үнэтэй зарагддаг.
3. Volkswagen Golf – 29,0 сая
Volkswagen компани Beetle-ийн суурь бааз дээр үндэслэн 1974 онд Golf загварыг худалдаанд гаргасан нь маш амжилттай болж дэлхий даяар хамгийн их борлуулалттай Volkswagen компанийн гурван / Golf, Beetle and Passat/ машины нэг болсон байна. Энэ машин нь эдийн засгийн хэмнэлттэй найдвартай, авсаархан унаа юм байна. Анхны загвараас хойш долоон удаагийн сери гаргасан ба хамгийн сүүлд 2013 онд GTI гаргах хүртэл нийт 27.5 сая Голф зарагдсан байна. Мөн цахилгаан хөдөлгүүотэй сери бас бий.
Анхны гаргасан Golf Mk1 буюу “Туулай” хэмээх загварыг 10 жилийн турш үйлдвэрлэсэн бөгөөд 1.1-1.2 хүртлэх л-ийн багтаамжтай есөн төрлийн бензин болон дизель хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэсэн байна. Голф нь 2002 онд дэлхийн хамгийн их борлуулалттай машинаар тодорч байжээ. Сүүлийн загвар нь Golf A7/Typ 5G. Үнэ нь 17.4-27.5 ам.долллар
2. Ford F-Series – 35,0 сая
Бүх цагийн үеийн түүхэнд хамгийн их зарагдсан машины дэд байрт Форд компанийн алдартай Ford F-series –ийн пикап оржээ. Тус машиныг 1948 оноос эхлэн үйлдвэрлэж байгаа бөгөөд одоо 12 дахь сериэ үйлдвэрлэж байгаа юм байна. Дээр нь мөн тусгай 4 сери SVT lathning, Harley Davidson, SVT Raptor үйлдвэрлэсэн бөгөөд хамгийн сүүлийнх нь F-150 Platinum загвар болж байна. Ford F-series пикап нь АНУ-д тээврийн хэрэгсэлдээ 24 жилийн турш, ачааны ангилалдаа 37 жилийн турш борлуулалтаараа тэргүүлж байгаа гэнэ. Мөн Канадад тэргүүлдэг байна. Хамгийн хүчирхэг загвар нь 6.8л багтаамжтай V8, 6670 сс хөдөлгүүртэй, 3.9 тн жинтэй байдаг гэнэ. Сүүлийн загвар нь дунджаар 26-67 мянган ам.долларын үнэтэйгээр зарагддаг гэнэ.
1. Toyota Corolla – 39,0 сая
Дэлхийн бүх цаг үеийн хамгийн их борлуулагдсан машины алдрыг Toyota Corolla 39.0 сая ширхэг зарагдсан амжилтаар эзэлж байна. Тоёота корпораци 1966 оноос эхлэн 11 сери гаргасан бөгөөд Детройтын авто шоун дээр 2014 оны загвараа танилцуулсан байна. 1997 оноос Volkswagen Beetle-ийг борлуулалтаараа давж түүнээс хойш улам холдон тасарч байгаа. Энэ байдлаа алдах байдал огт харагдахгүй байгаа гэнэ. 2007 оноос bestsellingcar.com сайт нь судалгаандаа ачааны автомашинуудыг оруулдаг болсноор Ford’s F-Series пикап Toyota Corolla-ийн ард орж ирж байгаа юм гэнэ.
Corolla нь хямд, найдвартай, аюулгүй, хэмнэлттэй, тохиолог талаараа Японд ч Америкт ч бусад улсад ч нэр хүндтэй, дундаж давхаргын төгс машин тул энэ байраа цаашид хадгалах үндэс нь болж байгаа. Гэхдээ цаг хугацаа харуулах биз ээ. Анхны загвар нь 1,100 сс-тэй байсан бол сүүлийн загвар нь 1.3-1.8 л-ийн багтаамжтай 4 цлиндр бүхий хөдөлгүүртэй болсон ба үнэ нь 16-18 мянган ам.доллар.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...