МУГТ Н.Түвшинбаяр Азийн наадмын аварга боллоо
- schedule 2014 оны 9 сарын 23
- chat_bubble 0
Азийн наадамд манай жүдочид гялалзсаар. Өнөөдөр дэвжээнд гаран барилдсан таван жүдоч тавуулаа медалийн төлөө барилдлаа. Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр -100 кг-ын жингийн алтан медалийн төлөө Дэлхийн аварга, Казахстаны бөх Максим Раковтой барилдаж торгуулиар ялж, Азидаа тэргүүн бөх гэдгээ батлан Инчёны хөх тэнгэрт төрийнхөө дууллыг эгшиглүүллээ. Тэрбээр Тажикстан, БНСУ, Узбекстаны бөхчүүдийг ялан аваргалах замаа зассан юм.
Мөн +100 кг-д Ө.Дүүрэнбаяр алтан медалийн төлөө Японы бөх Ожитани Такэшитэй барилдан ялагдал хүлээн мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр Казакстан, БНСУ-ын бөхчүүдийг ялж алтан медалийн төлөө барилдах эрхээ өвөрлөсөн юм. Харин 90 кг-д хүч үзсэн Л.Отгонбаатар хагас шигшээд Узбекстаны бөх Дилшод цэвэр ялагдсан ч гэлээ хүрлийн төлөө Ираны бөх Жамали Мухаммедийг торгуулиар ялж медалийн тавцанд зогслоо. Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд Б.Мөнхтуяа , +78 кг-д О.Жавзмаа нар хүрэл медалийн төлөө барилдан учраа бөхөө баралгүй ялагдаж шагналт тавдугаар байрт шалгарав.
Ийн манай жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Азийн наадмаас гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, гурван бөх шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтаар Япон, БНСУ-ын ард гуравдугаарт байрт бичигдэж байна. Маргааш багийн төрөл болсноор жүдо бөхийн тэмцээн өндөрлөнө.
Эх сурвалж: WWW.MONGOLNEWS.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...