“ЭЗЭНГҮЙ ХОТ”
- schedule 2023 оны 4 сарын 7
- chat_bubble 0
ЧУХАЛ БАРИМТ нэвтрүүлэг эхэлж байна. Бид зөвхөн үнэн бас чухлыг мэдээлнэ. Энэ долоо хоногт болсон зарим мэдээллийг тоймлоё.
Манай хоёр дахь том нам болох Ардчилсан нам 33 нас хүрч, шинэ намын дарга нь мэндчилгээ дэвшүүллээ. Ардчилсан намын дарга Лувсаннямын ГАНТӨМӨР “Эе эвээ эрхэмлэнэ. Ирж буй сорилтыг давна. Эрх чөлөөг хадгалж, Эвийн хүчээр урагшлах болно” хэмээн хэлсэн үгс хэвлэл мэдээллээр “давалгааллаа”.
Эх орондоо эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын сайд асан Бадамжунайг монголын эрх баригчдын хүсэлтээр Себу мужийн Мактан хотоос Солонгосын агаарын тээврийн онгоцоор албадан гаргалаа. 67 настай түүнийг Монголын цагдаагийн газартай хамтран өнгөрсөн мягмар гарагт Монголд авчирсан юм.
Түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорих болсныг өнөөдөр буюу энэ баасан гарагт мэдээллээ.
Д.Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөрвөн өдөр хэлэлцэж 04 сарын 6-ны өдөр шийдвэрлэлээ. Шүүхээс тэднийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан шийдвэр гаргасан байна.
Гэрээсээ 7.3 тэрбум төгрөгтэй баригдсан УБ төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн цагдан хорих хугацааг сунгасан байна.
Харин хамгийн сүүлд буюу 04.06-ны өдөр Лайвчин залуу Мөнх-Эрдэнэд анхан шатны шүүхээс 3 жил 10 сар хорих ял оноож, 2,7 сая төгрөгийн мөнгөн торгууль ногдуулсан. Түүнийг санал бодлоо энгийнээр илэрхийлэхэд хэн ч сонсоогүй. Харин хагас галзуу мэт авирлахад хэдэн зуун мянгаараа сонссонд учир байгаа юм. Тэр үүндээ нэг ёсондоо донтсон. Тэр хэлэх үгээ чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлсэн. Харин эрхээ хэтрүүлсэн байхыг үгүйсгэхгүй.
Бид өмнө нь “Улаан чулуутын хогийн цэг дээрх иргэдийн амьдрал”, “Хөгжлийн банк тойрсон өр зээлийн асуудал”, “Чингис бонд юунд зарцуулагдсан”, “Хувьчлагдсан циркийн хувьгүй заяа”-ны талаар мэдээлэл бэлтгэн хүргэсэн бол энэ удаад “Эзэнгүй хот” хэмээн нэвтрүүлгээ нэрлэлээ.
Утаа, агаарын бохирдолтой тэмцэх тухай үг, өгүүлбэр хэдийнэ уриа, лоозонгийн шинжтэй болоод удаж байна. Ярих тусам, цэцэрхэх тусам жилээс жилд гашуун утаа үхлийн тунгаар нэмэгдсээр байна. Ард иргэд утаа, хотын түгжрэл, үнийн өсөлт, чанаргүй зам, халтиргаа гулгаа, хог шороондоо дарагдсан нийслэлдээ гундуухан хоног төөрүүлж байна.
Бид өөрсдийгөө, үр хүүхдээ хамгаалахын тулд амны хаалт, агаар цэвэршүүлэгч төдийхөнд найдаж сууна. Агаарын бохирдол, утаагаа ярьсаар гурван улирал дамнаж эцэстээ жинхэнэ улиглана гээч болж байна. Өнөөдөр бид амь тэмцүүлсэн гашуун утаатай эвлэрээд сууж байна.
Жингийн цуваа явж л байдаг, Замын ноход хуцаж л байдаг гээд ардын зүйр үг бий. Бид хамаагүй замын ноход болъё, харин энэ байдлаараа жингийн цуваа хол явахгүйг анхааруулъя.
Та бүхэнтэй сэтгүүлч Ч.Нандинцэцэг байлаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...