МОНГОЛ УЛСЫН ЭРЭН ХАЙХ АВРАХ БАГТ ХОЁР ҮНЭРЧ НОХОЙ БАГТСАН БАЙНА
- schedule 2023 оны 2 сарын 8
- chat_bubble 0
Туркийн зүүн өмнөд болон Сирийн хойд хэсгийн нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 6-ны өдөр орон нутгийн цагаар 04:17 цаг орчимд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтөөр нас барсан хүний тоо сүүлийн байдлаар 7800 давжээ. Аврагчид нурангийг зайлуулсаар байгаа тул энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байна гэж мэдээллээ.
Монгол Улсаас ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан эрэн хайх, аврах баг болон эмч нарын бүрэлдэхүүн өнөөдөр /2023.02.08/ үүрээр Турк улсыг зорисон байна..Аврагчдын бүрэлдэхүүнд Марта болон Балу нэртэй гурав, дөрвөн настай үнэрч хоёр нохой багтсан байна.
Монгол Улсын Засгийн газар Турк, Сири улс руу тусламж илгээх, тус бүс нутгуудад оршин сууж буй монголчуудын нөхцөл байдлын талаар хуралджээ. Шадар сайд С.Амарсайхан болон гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар мэдээлэл хийсэн юм.
Шадар сайд С.Амарсайхан: “Газар хөдлөлтөд өртсөн улсуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ. Тэнд цаг агаар хүйтэн байгаа учир дулаан хувцас хунар, майхан сав, хөнжил гудас, хоол хүнс, лаа гэрэл гэрэлтүүлэг хэрэгтэй гэж холбогдох байгууллага мэдээлсэн. Тиймээс зохих шийдвэрийг гаргаж, мах махан бүтээгдэхүүн, бараа бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэхээр шийдлээ. Сирид улсад бараа бүтээгдэхүүн мөн хүргүүлнэ. Тэнд байгаа хоёр иргэнтэй холбогдсон гэсэн. Хоргодох байранд ямар нэгэн эрсдэлгүй байна. Тусламжийн бараагаа аваад 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, аврах баг явна. Сири улсад бид хүн хүчний тусламж үзүүлэх боломжгүй учир бараа, бүтээгдэхүүний тусламж үзүүлнэ” гэв.
С.Батцэцэг сайд “Зургаан мянган монгол Турк улсад ажиллаж амьдарч байна. Газар хөдлөлт болсон бүс нутагт монголчууд оршин суудаггүй. Турк иргэнтэй гэр бүл болсон хоёр иргэн бий. Холбогдсон. Нэг иргэний зардлыг нь даагаад Истанбул руу нүүлгэхээр болсон” гэлээ.
Газар хөдлөлттэй холбоотойгоор Турк улсыг чиглэсэн олон улсын нислэгүүд цуцлагдах вий гэсэн болгоомжлол байсан. Тэгвэл ихэнхи авиа компаниуд Турк руу нислэг үйлдсэн хэвээр байна. Тус улсын гол нисэх онгоцны буудал болох Истанбулын олон улсын буудал хэвийн ажиллаж байгаа аж. Харин “Turkish Airlines”-ийн зүгээс газар хөдлөлтөд өртсөн, өртөх эрсдэлтэй Самсун, Адъяаман, Сийрт зэрэг бүс нутаг руу үйлдэх нислэгүүдээ цуцалжээ. Тус компанийн мэдэгдэлд, “Одоогоор аврах баг, шинжээчдийн баг, тусламжийн материал, шаардлагатай тоног төхөөрөмжийг бүс нутагт хүргэхийн тулд үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчиллөө” гэжээ. “Turkish Airlines”-ийн ачааны онгоцууд улс орон даяар аврах, онцгой байдлын хүчнийхэн, шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа гэнэ.
Турк дэх зарим дотоодын нисэх онгоцны буудлууд үйл ажиллагаагаа зогсоожээ. Тухайлбал, Газиантеп Огузели, Антакья, Искендерун руу зорчиж буй аялагчдын төв болох Хатай нисэх онгоцны буудал, Өмнөд Адана мужийн Адана Сакирпаса онгоцны буудал багтаад байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...