ЭЕШ-ЫН ЦАХИМ БҮРТГЭЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ
- schedule 2023 оны 2 сарын 6
- chat_bubble 0
БШУ-ны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” болон 2022 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/47 дугаар тушаалын дагуу ЭЕШ-ын бүртгэл 2023 оны хоёрдугаар сарын 06-ны 10.00 цагт эхлэх ба 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний 18 цагт дуусна.
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 18 цагт дуусна.
Шалгуулагч нь Боловсролын үнэлгээний төвийн https://eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Үүнд:
- Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /
- Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
- Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
- Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.
Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй бөгөөд ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ.
- Өргөдөл
- Эмчийн магадалгаа
- Сургуулийн тодорхойлолт
ЭЕШ-ын зохион байгуулалтын хувьд улс орон даяар нийт 49 шалгалтын байранд зохион байгуулах бөгөөд хөдөө орон нутагт 23, Улаанбаатар хотод 26 шалгалтын төв байна. Шалгуулагч бүртгэлээ баталгаажуулсны дараа Боловсролын үнэлгээний төвөөс тухайн үед зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа www.eec.mn , www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
Суудлын хуваарь хэвлэн авах хугацааг хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон www.eec.mn, Боловсролын үнэлгээний төвийн пэйж хуудсаар зарлана.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...