”УХААЛАГ ЗАСАГ-1”, ”УХААЛАГ ЗАСАГ 2” ХЭРЭГЖСЭНЭЭР..?
- schedule 2023 оны 1 сарын 19
- chat_bubble 0
УИХ-ын үдээс өмнөх хуралдаан Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаглал 2" төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэжилсэн юм. Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар илтгэлийг Улсын Их Хурлын гишүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав.
Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг засаг 2" төслийн Зээлийн хэлэлцээрт 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр гарын үсэг зураад байгаа юм байна. НҮБ-аас гаргадаг “Иргэдийн цахим оролцооны индекс”-ээр Монгол Улс 2022 оны байдлаар 74 дүгээрт, “Дижитал өрсөлдөх чадварын индекс”-ээр 62 дугаарт, Олон Улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг кибер аюулгүй байдлын индексээр 120 дугаар байрт тус тус орсон байгаа нь манай улсын хувьд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж авлигыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байгааг Н.Учрал сайд танилцууллаа.
Тус төслийн нэгдүгээр үе шат болох “Ухаалаг засаг 1” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд төрийн үйлчилгээний нэгдсэн платформ системд төрийн 62 байгууллагын 816 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1,016 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, Ухаалаг газрын харилцааны системийг идэвхжүүлэн 103 мянга гаруй иргэнд үйлчилгээг хүргүүлсэн. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас 342 мянган иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхэд суулгаж, олгосон байна.
Цаашид төрийн цахим үйлчилгээний суурь зөөлөн дэд бүтэц болох үндсэн болон дэмжих системийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчлэн, хэрэглээг нэмэгдүүлж, төрийн байгууллагын цахим албан бичиг солилцоог хурдасгах зорилгоор “Ухаалаг засаг 2” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас авч ашиглах 29.5 сая зээлжих тусгай эрхийн эх үүсвэр нь жилийн тогтмол 2 хувийн хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй бөгөөд Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах шаардлагатай юм байна.
Засгийн газраас Улсын Их Хурлаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг 2” төслийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасныг үндэслэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, 81.8 хувийн саналаар соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” хэмээн заасны дагуу маргааш (2023.01.20) санал хураалт явуулна хэмээн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. Ийнхүү Улсын Их Хурлын чуулганы хуралдаан үргэлжилж, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...