ЭНЭ САРЫН 29-НД БҮХ НИЙТЭЭР АМАРНА
- schedule 2021 оны 12 сарын 3
- chat_bubble 0
"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д заасны дагуу арванхоёрдугаар сарын 29-ний лхагва гаригт бүх нийтээр амарна. Тодруулбал, энэ өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ой тохиож байгаа юм.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах түүхт үйл явдал билээ. Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан түүхтэй.
Энэхүү түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2021 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр Их Монгол Улсын нийслэл Хархорум хот оршиж байсан Өвөрхангай аймгийн Хархорин суманд зарлан хуралдуулах гэж байна.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хүндэтгэлийн хуралдааныг хязгаарлагдмал хүрээнд хийж гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг цахимаар оролцуулах юм. УИХ-ын гишүүд хүндэтгэлийн чуулганаас гадна Монгол нутагт оршин байсан үе үеийн эзэнт гүрний нийслэл хотууд төвлөрч, өрнө дорныг холбосон худалдаа, зам харилцаа, соёл, эдийн засгийн төв болж байсан Орхоны хөндийн хөгжлийн асуудлаарх хэлэлцүүлэгт оролцоно.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...