ОЛОН УЛСЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ
- schedule 2021 оны 9 сарын 8
- chat_bubble 0
Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлтийн ёслолын ажиллагаа 9 дүгээр сарын 6-нд эхэллээ. Энэхүү сургуулилт БНХАУ-ын Хэнань мужийн Жумадиан хотод байрлах Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Цэргийн төв тойргийн “Куесан” сургалтын баазад энэ сарын 15-ныг дуустал болж өндөрлөх юм. Сургуулилалтад Хятад, Монгол, Пакистан, Тайланд улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид оролцож байгаа юм байна.
Олон улсын энэхүү сургуулилалт нь үүссэн цагийн байдалд энгийн иргэдийг хамгаалах, хүний эрхийн зөрчлийг шалган тогтоох, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, гал зогсоох гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үндсэн мандатаар хүлээсэн үүрэг гүйцэтгэх сэдвийн дор зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр оролцогчид салааны бүрэлдэхүүнээр эрэн хайх, бүслэн нэгжих ажиллагаа, цувааны хамгаалалт, энгийн иргэдийг хамгаалах, алан хядах ажиллагааны эсрэг сөрөг тусгай ажиллагааны арга тактик, эмнэлгийн татан гаргалт, цар тахлын дэглэм тогтоох, хяналт тавих зэрэг чиглэлээр хэсэгчилсэн болон нэгдсэн сургалт, дадлагад хамрагдах юм.
Энэхүү олон улсын сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Д.Эрдэнэбилэгээр удирдуулсан 28 цэргийн алба хаагч халдвар хамгааллын дэглэмийг чанд сахисны үндсэн дээр амжилттай оролцож байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...