ШУУД: Шүүхээс Ж.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцож 6 жил хорих ял оноолоо
- schedule 2020 оны 7 сарын 6
- chat_bubble 0
Гурван өдөр үргэлжилсэн Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр шийдвэрээ танилцууллаа.
Нийслэлийн прокурорын газраас Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлсэн юм.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсон байна.
Ийнхүү Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шүүхийн тогтоолд заажээ.
Харин Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял тус тус оногдуулсан байна. С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...