Банкууд харилцагчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүллээ
- schedule 2020 оны 3 сарын 31
- chat_bubble 0
Монголбанкнаас мэдээлснээр давхардсан тоогоор 26 мянган зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсчээ. Үүнээс 65.1 хувь нь буюу хоёр их наяд төгрөг нь аж ахуйн нэгжид, 35 хувь нь буюу 545 тэрбум төгрөг нь иргэнд хамаарч байна. Мөн хуваарийн дагуу хийгдэх ёстой нийт өрийн үйлчилгээнээс 195 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 72 тэрбум төгрөгийн хүү төлөгдөөгүй байгаа аж.
Иймд Засгийн газар, Монголбанкнаас арилжааны банкууд зээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулахыг хүсч байгаа юм. Энэ дагуу арилжааны банкууд Монголбанкнаас гаргасан багц шийдвэрийн дагуу холбогдох дотоод журам, дүрэмдээ өөрчлөлт оруулан харилцагчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлээд байна.
Дэлхий дахинд коронавирусын халдварт өвчин (COVID-19) тархаж байгаатай холбоотой үүсээд буй аюултай нөхцөл байдлаас шалтгаалан харилцагчдаа санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, онцгой үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Худалдаа, хөгжлийн банк зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах үйлчилгээний шимтгэл болон хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог нэмэгдүүлсэн хүүг авахгүй байх шийдвэр гаргалаа.
Энэхүү шийдвэр нь иргэдийн бүх төрлийн ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН хувьд хамааралтай бөгөөд 2020 оны 7-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжинэ.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан эрхэм харилцагч Таны орлого буурч, зээлээ төлөхөд хүндрэл үүссэн бол зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ ЭНД дарж өгөөрэй. Худалдаа, хөгжлийн банк нь харилцагчийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүднээс зөвхөн тухайн харилцагчтай харилцаж зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх тул гуравдагч этгээдэд хандахгүй байж, мэдээллийн нууцлалаа хадгалж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...