ГАНЦААР ЗАХИРАХ ДЭГЛЭМИЙН ОРЧИН ҮЕИЙН ХУВИЛБАР
- schedule 2019 оны 11 сарын 14
- chat_bubble 0
Эрх баригч олигархи бүлэглээс сугаран ганцаар захирагч болдог орчин үеийн үзэгдэл хэдийнээ аргачлал болон өөрийн дүрэм журам, логик, дэс дараатай болжээ.
Нийгмийг бужигнуулж цочирдуулсан үйл явдлыг далдаас санаатайгаар зохион байгуулж үймээн самуун үүсгэчихээд араас нь өчигдрийн нууц холбоотнуудаа шийтгэх, шоронд хийх, алж хядах арга хэмжээ аван энх амгалан тогтоогчийн дүр эсгэж олон түмнээс дэмжлэг аван манддаг нь ганцаар захирагч болох замаа засах хамгийн шалгарсан арга юм.
Олон мянганы туршид ганцаар захирах дэглэмийн төлөөх өрсөлдөөн зөвхөн язгууртан, ихэд дээдсийн хүрээнд болдог байжээ. Түрэгийн тайж нар хаан ширээг ганцаар эзэмшихийн тулд төрсөн ах дүү нараа хуйгаар нь алдаг байв. Энэ явдал бараг ХХ зуун хүртэл үргэлжилсэн. Канси хаан 4-р хүүдээ хаан ширээгээ үлдээхээр гэрээслэл бичсэн атал 14-р хүү нь бичгийг засаж өөрөө хаан болоод ахыгаа гянданд хорьсон гэдэг. Гэхдээ дайн тулалдаан язгууртан биш нэгнийг хааны титэм өмсүүлэх тохиолдол бий. Юань улсыг унагасан хүн нь бослого толгойлсон лам нэгэн байв. Түүний удмынхан шинэ язгууртнууд болж хувираад Хятадыг бараг гурван зуун жил захирсан. Мин улсыг нэгэн дээрэмчин унагасан, даанч ширээнд удаан тогтож чадаагүй. Гадны гүрэн нутаг орныг нь эзэлсний дараа тухайн орныг вассалаа болгоод хэн нэг урвагчийг хаанд томилон хүүхэлдэйгээ болгодог ёс байна. Египтэд хаант засаг унахад хаан ширээнд нь Түрэгээс томилогдсон албани үндэстэн сууж байсан. Зөвлөлт засаг тогтож байсан үедээ хараат орныхоо удирдагчдыг томилдог байв. Чехословакийн Готвальд, Польшийн Бэйрут, Болгарын Дмитров, Хойд Солонгосын Ким Ир Сэн гэх мэт. Тэд бүгд Москвагаас томилогдсон. Энэ заншил 1956 онд төгсгөл болсон. Харин Монголд мөн л тэндээс томилолтоор ирсэн Чойбалсан, Цэдэнбалын үргэлжилсэн дэглэм хамаагүй урт насалсан юм.
АНУ тусгаар тогтнож, дараахан нь Францын хувьсгал болсноор төрийг ганцаар захирах тэмцэлд гагцхүү язгууртнууд төдийгүй хар борчууд, хашааны банхарууд идэвхитэй оролцох болжээ. Нэрт философич Хоссэ Ортэга и Гассэт “Түмний түрлэг” зохиолдоо анхааруулахдаа: хичнээн дарангуйлагч байсан ч язгууртнууд, удам залгагчид бага наснаасаа төр барих урлагт суралцан хүмүүжсэн боловсролтой бэлтгэлтэй хүмүүс байсан бол сайхан ярьдаг ч ямар ч бэлтгэлгүй, бичиг үсэг тааруутай, хоосон амлагч популистуудыг ардчилсан тогтолцоо ард түмний тэргүүнд залдаг болжээ гэсэн. Гэхдээ дандаа тийм байгаагүй л дээ. АНУ-ын түүхэн дахь хамгийн аугаа удирдагч гэгддэг Линкольн ердөө л бага боловсролтой нэгэн байв. Дайны дараах Японы гадаад бодлогыг үндсэнд нь эерүүлж чадсан Ерөнхий сайд Танака сургууль номоор огт яваагүй нэгэн. Ийм жишээ хаанаас л бол хаанаас. Жаахан муйхар болохоос Монгол улсынхаа бие даасан бодлогыг хамгаалж амь насаа золиосолсон Ерөнхий сайд Гэндэн бараг л бичиггүй хүн дээ.
Орчин үеийн ертөнц нь ардчилсан ч бай ардчилаагүй ч бай, үнэн ч бай, худал ч бай юутай ч төр улсыг хамт олон захирдаг олигархи тогтолцоотой харагддаг. Ганцаар захирах авторитар дэглэм ч байсан тэгэж харагдахыг хүсдэггүй учир улс орныг бие хүмүүсийн хамтлаг удирддаг маягтай харагдахыг чармайдаг. Юу юугүй “төр гэдэг бол би” гэж улаан цагаангүй зарлахгүй. Тунисыг олон жил дарангуйлсан нэгэн өвгөрсөн хойноо “Тунис төрийн ямар системтэй вэ?” гэсэн асуултад “Тэр систем нь би өөрөө байна” гэж хариулаад удалгүй унасан нь саяхны жишээ. Зайлуул зөнөглөөд, ямар эринд амьдарч байгаагаа ойлгохоо болио биз.
Эрх баригч олигархи бүлэглээс сугаран ганцаар захирагч болдог орчин үеийн үзэгдэл хэдийнээ аргачлал болон өөрийн дүрэм журам, логик, дэс дараатай болжээ. Нийгмийг бужигнуулж цочирдуулсан үйл явдлыг далдаас санаатайгаар зохион байгуулж үймээн самуун үүсгэчихээд араас нь өчигдрийн нууц холбоотнуудаа шийтгэх, шоронд хийх, алж хядах арга хэмжээ аван энх амгалан тогтоогчийн дүр эсгэж олон түмнээс дэмжлэг аван манддаг нь ганцаар захирагч болох замаа засах хамгийн шалгарсан арга юм. Тун ойрын жишээ гэвэл Түрэгийн хүндэт Ерөнхийлөгч Эрдоган байна. Түрэгийг орчин үежүүлсэн хүн бол Ататүрк. Тэгэж байж энэ улсыг лалаас салгаж европжуулж, орчин үежүүлсэн. Шашныг тас хориглоогүй боловч төрөөс салгасан. Төр болон олон нийтийн ажилтан хүн лал маягаар хувцаслах, эмэгтэйчүүд нь гивлүүр зүүхийг ч хориглож орхисон. Ататүркт дургүй түрэгүүд зөндөө бий л дээ. Голдуу шашны утгаар. Эрдоган мэдээж Ататүркийн талын хүн, гэхдээ лалын шашинд ам сайтай. Өөрийн хамтран зүтгэгч Гюлэнтэй нийлэн сэм сэмээр лалжуулах ажиллагаа хийх болжээ. Энэ нь Ататүркт дургүйчүүдийн дэмжлэгийг авсаар нэг мэдэхэд Стамбул хотын мээр болж орхив. Тэрээр дараа нь Ерөнхий сайд болсон. Ататүркийг хамаагүй муучлаад байж болохгүй учир бурууг Гюлэн руугаа чихэн түүнийг Түрэг улсын дайснаар зарлав.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...