Монгол-Япон сургалтын эмнэлэг аравдугаар сарын 1-нээс иргэдэд үйлчилнэ
- schedule 2019 оны 6 сарын 17
- chat_bubble 0
Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлт ёслол төгөлдөр боллоо. Эмнэлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Япон улсын Гадаад хэргийн сайд, ноён Коно Таро, хүндэт зочид төлөөлөгчид, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, доктор, профессорууд, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл, оюутан залуус уригдан оролцов.
АШУҮИС-ийн харьяа уг эмнэлэг эрүүл мэндийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн 90 гаруй хувийг сургаж төгсгөдөг билээ.
АШУҮИС-ийн энэ эмнэлэгт мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг нийт 17 чиглэлийн төрөлжсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Мөн түүнчлэн Япон улсын буцалтгүй тусламжаар 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж байгаагийн дотор хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий MRI, КТ зэрэг дүрс оношилгооны тоног төхөөрөмж, судсан дотуурх оношилгооны иж бүрдэл, лабораторийн бүрэн автомат анализатор болон бусад тоног төхөөрөмжтэй орчин үеийн шинэ техник технологи бүхий дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг болж байгаа юм.
Уг сургалтын эмнэлэгт Баянзүрх дүүргийн зарим хорооны иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг, улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн тусламж, үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байгаа юм.
Эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрсний дараа аравдугаар сарын 1-нээс иргэдэд үйлчилж эхэлэх гэнэ. Харин эмнэлгийн менежментийг Япон улс таван жилийн турш хариуцах юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...