Ван Ли Хуа: Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон чухал арга хэмжээ зохион байгуулж байна
- schedule 2019 оны 6 сарын 14
- chat_bubble 0
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хоёр тал цуврал олон арга хэмжээ зохион байгуулж байна. Төр, засгийн түвшний өндөр дээд хэмжээний айлчлал, уулзалт хийх, гэрээ, хэлэлцээ байгуулахаас эхлээд хил залгаа бүс нутгийн засаг захиргаа, иргэдийн хооронд ч их ажил өрнөж байна.
Эдгээр ажлын хүрээнд БНХАУ-ын Эрээн хотод зургаадугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот, Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийн хооронд бүтэн сар гаруйн туршид үргэлжлэх биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний нээлтийн ажиллагаа амжилттай боллоо. Нээлтийн үеэр гар бөмбөг, хийн дасгал зэрэг олон төрлөөр хөрш зэргэлдээ хот, сумын иргэд, оюутан, сурагчид өрсөлдсөн юм. Мөн бүх Өвөрмонолын Үндэсний сурын харвааны тэмцээний нээлт боллоо.
Энэ үеэр Эрээн хотын Соёл, спорт, аялал жуулчлал, радио телевизийн газрын ХКН-ын дарга хатагтай Ван Ли Хуатай уулзаж ярилцлаа.
-Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ 2019 онд тохиож байна. Тус ойд зориулсан олон ажил өрнөж байгаагийн нэг нь энэхүү урадаан, тэмцээн юм. Энэ талаар та сэтгэгдлээ хэлнэ үү?
-Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэхүү ойд зориулж манай Эрээн хотынхон соёл, спорт, аялал жуулчлал, боловсрол зэрэг олон салбарын хүрээнд Монгол Улсын Замын-Үүд сумтай хамтран ажиллах төсөл, хөтөлбөр гарган үйл ажиллагаа өрнүүлж байгаа.
Өнөөдрийн хувьд “Өвөрмонголын баясгалант тал нутаг: Эрүүл энх Өвөрмонгол” сэдвээр бүх иргэдийн бие чийрэгжүүлэх арга хэмжээг 11 дэх удаагаа зохион байгуулан явуулж байна. Мөн бүх Өвөрмонголын хэмжээд болж буй сурын харвааны төрөл зүйлийн тэмцээн Эрээн хотод эхэлж байна.
Үүний зэрэгцээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот, Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийн хооронд биеийн тамир, спортын өдөрлөгийг зохион явуулж байгаа юм. Энэ өдөрлөг мөн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд багтаж байгаагаараа онцлог. Ийм хоёр үйл явдал өнөөдөр нэгэн зэрэг нээлтээ хийж байна.
Энэхүү арга хэмжээнд хоёр талаас нийт 1800 гаруй хүн, баг тамирчид оролцож байгаа.
-Хоёр улс дипломат харилцааны 70 жилийн ойн хүрээнд өөр ямар томоохон арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ?
-Хөрш зэргэлдээ оршдог Хятадын Эрээн хот, Монгол Улсын Замын-Үүд сумын бүх иргэдийн хамтарсан спорт, соёлын өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулж байна.
Энэ удаагийн тэмцээн, уралдаанд спортын найман төрлөөр өрсөлдөнө. Сагсан бөмбөг, хөлбөмбөгийн тэмцээн, гар бөмбөг, ширээний теннис, агаарын теннис, хийн дасгал, бүжиг зэрэг найман төрлийг хамарч байна. Эдгээр уралдаан тэмцээн ирэх долоодугаар сарын сүүл хүртэл үргэлжлэх юм. Хаалтын ажиллагаа нь Монгол Улсын Замын-Үүд суманд болно.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар биеийн тамир спортоор дамжуулан хил залгаа хөрш хот, сумын иргэд харилцан нөхөрлөлөө зузаатгах, жирийн иргэд найрамдлын хамтын ажиллагаанд оролцох, уралдаан тэмцээнээс баяр баясгалан, урам зориг авч цаашид харилцаагаа улам хөгжүүлэх зорилготой юм.
Эдгээр арга хэмжээг зохион байгуулж байгаагийн гол зорилго нь Монгол Улс, БНХАУ бол уул усаар холбогдсон удаан жилийн зузаан найрамдалтай найрсаг хөршүүд. Хөрш хоёр орны хамтын ажиллагааг цаашид улам ахиулж, нөхөрлөлөө батжуулах үүднээс зохион байгуулж байгаа юм.
-Олон улсын чанартай өөр бусад арга хэмжээ болох уу?
-Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан өөр томоохон хоёр үйл ажиллагаа бас болно.
Удахгүй ирэх наймдугаар сард Хятадын төв телевиз ССТV-ээс Эрээн хотод “Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хүүхдүүд гар гараасаа хөтлөлцье” гэсэн сэдвийн дор олон улсын хүүхдийн нэвтрүүлэг бэлтгэхээр төлөвлөөд байна. Дипломат харилцааны 70 жил, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хүүхдүүд нөхөрлөлөө улам бататгаж, гар гараасаа хөтлөлцөн найрамдах нэгэн чухал арга хэмжээ хүүхдийн урлагийн наадам болох гэж байна. Энэ наадам ирэх наймдугаар сарын дундуур Эрээн хотод болно.
Мөн наймдугаар сард Эрээн хотод Цайны зам дагуух бүс нутгуудын аялал жуулчлалын арга хэмжээ болно. Түүнд Монгол Улсын соёл, урлагийн байгууллагын төлөөлөгчид оролцож уран сайхны тоглолт үзүүлнэ. Цайны зам дагуух бүс нутгуудын аялал жуулчлалын арга хэмжээ нь Монгол Улсын иргэдийн харж хүлээх наадмын нэг болох байх. Учир нь энэ үеэр Эрээн хотын олон улсын аялал жуулчлалын хоёр дахь удаагийн наадам давхцан зохион байгуулна.
-Танд баярлалаа.
-Баярлалаа.
Д.ОЮУН
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...