Халаа, сэлгээ хийгдэж байна
- schedule 2019 оны 4 сарын 30
- chat_bubble 0
Халаа, сэлгээ хийгдэж байна. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж гүйцэтгэх захирал Ч.Саранжавыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Тус компанийн ТУЗ өнгөрсөн аравдугаар сард хуралдаж, түүнийг гүйцэтгэх захирлаар томилж байлаа.
Гэсэн ч зургаан сарын дараа буюу өнөөдөр дахин хуралдаж албан тушаалаас чөлөөлсөн нь энэ. Ч.Саранжав нь энэ албанд томилогдохоосоо өмнө нь “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын даргаар ажиллаж байжээ.
Өмнө нь Түлш эрчим хүчний яамны Түлш, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, “УБЦТС” төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байсан нэгэн.
Харин “Гашуун сухайт Авто зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, гүйцэтгэх захирал Ц.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Б.Баяндэлгэрийг томиллоо. Б.Баяндэлгэр нь санхүүч мэргэжилтэй бөгөөд улсад 32 жил ажилласан. Тэрбээр Налайх дүүргийн ЗДТГ-ын дарга, Засаг дарга, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар түүнд тамгыг хүлээлгэн өгөхдөө “Стратегийн чухал ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах чиглэлд онцгой ач холбогдол өгч, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна” хэмээв.
“Гашуун Сухайт Авто Зам” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай 239 км авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Өнгөрсөн онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар 18.2 сая тонн нүүрс тээвэрлэж, тус компани 71.7 тэрбум төгрөгийн орлого олж, зам засвар, арчлалтын ажилд 22 орчим тэрбум төгрөг зарцуулсан юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...