Э.Болор-Уянга: Хэлтэй бол хөлтэй
- schedule 2018 оны 11 сарын 23
- chat_bubble 0
Дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дууг шинэчилж өөрийн болгон дуулсан Э.Болор-Уянгын “Чамайгаа оллоо” зэрэг уран бүтээлүүдийг нь сонсогчид андахгүй сайн мэддэг. Гэхдээ түүнийг Хятад улсад сурч байсан тухай мэдэх хүн цөөхөн. Бид дуучин Э.Болор-Уянгын Хятад улсад сурч, судалж байсан түүхтэй нь танилцахаар энэ дугаартаа урин оролцууллаа.
- Танд энэ өдрийн сайхан мэндийг хүргэе. Тантай танилцъя?
Сайн, сайн байна уу? Намайг Э.Болор-Уянга гэдэг. 2001 оны үер БНХАУ-ын Ардын Их Сургуулийн Олон улсын харилцааны мэргэжлээр бакалавр сурч байсан. Одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч багаасаа дуучин болох хүсэлтэй байсан учир дуучны ажлаа түлхүү хийж байна. Миний хувьд Д.Эрдэнэцэцэгийн “Учралын эгшиг”, “Чамайгаа оллоо”, “Зүрхэн чулуу”, “Намуун байгаль” зэрэг 4 дууны албан ёсны зөвшөөрлийг аваад дахин сэргээн дуулж, Монголын ард түмэндээ танигдсан гэж хэлж болно. 2016 онд шинээр дуулсан дуунуудаар “Энэ миний огторгуйд” гэх цомгоо гаргасан. Сүүлийн үед МУГЖ Б.Сарантуяагийн сүүлийн үеийн бүх тоглолтуудад оролцож, сүүлийн 5 жилд туслах дуучнаар ажиллаж яваа. Үүнээс гадна МУГЖ, хөгжмийн зохиолч Д.Бэхбаттай хамтран ажиллаж өөрийнхөө шинэ дууг үргэлжлүүлэн бэлдэж байна. Шинээр бэлдэж байгаа уран бүтээлийн дотор бас Өвөр Монголд зориулан дуулагдах, говийн тухай, ботгоны тухай дуу бий. Мөн сүүлийн 5 жилд Солонго мэдээллийн төвтэй нягт нямбай хамтран ажиллаж байгаа бөгөөд намайг маш их дэмжиж байгаа та бүхэндээ баярлаж байгаагаа илэрхийлье.
- Та яагаад Хятад улсад сурах болсон бэ? Хятадыг зорьсон шалтгаан?
1999 онд Хятадын Чуулгат хаалга хотын Соёлын газраас Монгол Улсын дуу, бүжгийн тоглолтын нэвтрүүлэг хийх хүсэлт тавьсан. Энэ оны хавар тухайн үед Соёл Урлагийн Их Сургуулийн Бүжгийн тахимын эрхлэгч, бүжгийн багш агсан н.Алтанцэцэг бидний 30-аад хүний бүрэлдэхүүнтэй багийг дагуулан Чуулгат хаалга хотыг хамарсан Хятадын умард бүс нутгийн муж хотуудаар нэг сарын хугацаатай аялан тоглолт хийж явсан. Тэр үед Хятад улс надад их сонирхолтой санагдаж байлаа. Ингээд дараа жил нь буюу 2001 оны үер Хятадын өмнө бүс нутгаар гурван сарын хугацаагаар тоглох завшаан олдсон. Тэр үед Хятад хэл огт мэдэхгүй мөртөө зарим нэг хятад дуунуудыг сураад аялан тоглолтоор Хятадын ард түмэнд дуулж өгч байсан юм. Тус аялан тоглолт дууссаны дараа нутаг буцаад Хятадад сурах боломж болон арга замаа хайж эхэлсэн. Тухайн үед үеэл охин Ардын Их Сургуульд сурч байсан. Тэгээд л тус сургуульд очих болсон учиртай. Гэхдээ тэр үед сурлагын төлбөрөө өөрөө төлөх учир мөнгө цуглуулах шаардлагатай болсон юм.
Ингэж байтал Япон улсад ажиллах боломж гарсан. NHK телевиз тухайн үед Азийн орнуудад зориулсан дуу хөгжмийн нэвтрүүлэг хийж байсан. Монголд хийсэн нэвтрүүлгээ би өөрөө хөтөлж, Монгол, Япон хоёр улсын хооронд хоёр жил ажиллаад Хятад явах мөнгөө цуглуулан Хятадыг зорьсон.
- Анх хятад хэлийг сурахад ямар байв? Хэцүү санагдаж байсан уу?
Маш хэцүү байсан. Анх Бээжинд очоод ийш тийш явахад ханз үсгийг хараад ойлгохгүй хэцүү байсан. Бээжин хотоор аялахдаа эхлээд хятад хэлтэй оюутнуудаар автобусны буудлын хаягийг бичүүлээд ханз үсгийг нь тулгаж үзээд өөрийн очих гэсэн газартаа хүрч байлаа. Гэсэн хэдий ч заримдаа бас л замаа олохгүй төөрч бачимдахдаа уйлж байсан тохиолдол бий.
Хятад хэл сураад хүмүүсийн ярихыг ойлгох болж, өөрөө ч хятад хэлээр хүмүүстэй харилцаж чадах боллоо. Хятадад хувийн зардлаар сурч байсан болохоор сурахаас гадна ажил хийж мөнгө олох шаардлагатай. Хятад хэлний түвшин сайжраад ирэхэд өөртөө бага ч гэсэн итгэлтэй болж, Бээжин хотод байгаа Өвөр Монголчуудын нээсэн хоолны газар, бааранд дуулж байсан. Мөн Монголын оюутнууддаа үйлчилж ам хэл нь болж байсан түүхтэй. Тухайн үед ингэж хятад хэл сурч, амьдарлаа эвлүүлж байснаа одоо эргэцүүлээд бодоход их сайхан санагддаг. Хятад хэлний ярианы чадвар дээшлэхэд их дэмжлэг болсон гэж боддог.
Нутаг буцаж ирсний дараа ажил дээр хятад хэлээр ярихгүй, амьдралд ч хятад хэл хэрэглэхгүй байсаар хятад хэлээ мартах хэмжээд хүрсэн байна. 2013 оны 01-р сард дахин Бээжин яваад ирэхэд хятад хэл сурч байгаагүй юм шиг л болсон байсан. Харин сүүлийн жилүүдэд ажлаар Хятад улсаар хэд хэдэн удаа явж, Бээжингийн нэгэн CD-ны үйлдвэртэй хамтран ажилласнаар хятад хэл дахин сэргэж эхэлсэн. Хоёр талын хамтын ажиллагаанд орчуулга хийх, холбоо барих ажлыг нь гүйцэтгэдэг.
- Хятад улсын юу нь танд гүн сэтгэгдэл үлдээсэн бэ?
Оюутан болж явсан юм чинь боловсрол, сурагч хүмүүжүүлэх талаас нь эхлээд яримаар байна. Хятад улсын хүмүүс их хатуу чанга дүрмийг дагадаг. Хичээлээ хийх, шалгалт өгөх үйл ажиллагаанд бүр хатуу чанга дүрэмтэй байдаг. Энэ нь анх хэцүү санагдаж байсан ч сүүлдээ дасчихсан. Мөн энэ дүрмийн дагуу гол нь хувь хүний хичээл зүтгэл ямар байх нь их чухал байдаг. Монгол Улсын багш нар их сайн, харин оюутнууд арай л чөлөөтэй байна. Энэ талаар бидний суралцах зүйл бий гэж үзэж байна. Үүнээс гадна Хятадын хүмүүс их ажилсаг санагдсан. Хятадууд ажлаа эрт зохицуулан, эрт эхлүүлээд эрт дуусгадаг нь сайхан байсан.
- Бээжинд сурсны давуу тал нь юу гэж бодож байна? Дахин Хятадад сурах хүсэлтэй байгаа юу?
Бээжин хот Хятадын нийслэл учир аливаа шинэ сонин зүйлийг хүлээн авах талаар давуу талтай, соёл түүхийн талд ч Хятадыг ойлгох боломж ихтэй. Үүнээс гадна зам тээврийн хэрэгслийн хөгжил сайн. Онгоц, галт тэрэг, хурдны галт тэрэг зэрэг олон төрлийн сонголттой тул Хятадын бусад муж хотуудад шууд аялах боломжтой.
Би аялах их дуртай хүн. Хятадад сурч байхдаа тоглолтоор, өвөл, зуны амралтаар бараг Хятадын бүх нутгаар аялсан. Учир нь миний бодлоор шинэ газраар аялах нь олон шинэ зүйлтэй танилцах, мэдэх, шинэ энерги цуглуулах гэх мэт олон давуу талтай. 2010 онд байгууллагын шугамаар Хөххотод сурах завшаан байсан. Бие давхар байсны улмаас явж чадаагүй. Одоо сурахад оройтоогүй, хэрэв дахин боломж олдвол Хятадад магистраар суралцахыг хүсэж байна.
- Та Хятадын дуу хөгжмийг сонсох дуртай юу? Хятадын дуучдаас танд хэн нь илүү таалагддаг вэ?
Хятадын дуу хөгжмийг маш их сонирхдог. Сүүлийн үеийн Хятадын залуучууд ямар шинэ дууг сонирхож байгаа талд анхаарал хандуулдаг. Мөн Хятадын хуучин дуунууд надад их таалагддаг. Хятадын Хань Хун гэдэг мэргэжлийн дуучин байдаг. Түүний дуулсан “Төвдийн өндөрлөг” их сайхан мэдрэмж төрүүлэг. Дуучин Хань Хун дуулах мэргэжилдээ тун их мэргэшсэн дуучин гэж боддог. Би ийм мэргэжлийн түвшинд хүрсэн дуу дуулахыг хүсэж явдаг.
- Нууц биш бол таны мөрөөдөл?
Миний хүсэл мөрөөдөл олон. МУГЖ, дуучин Б.Сарантуяагийн 1995 онд тоглогдож байсан театрчилсан тоглолт “Инээмтгий хүн” тун удахгүй дахин сэргээн тоглогдох гэж байна. Энэ том тоглолтод оролцохоор бэлдэж байгаа. Энэ нь мөн миний нэр хүнд өсөх асуудалд холбогдоно. Иймээс энэхүү тоглолт минь амжилттай болоосой гэж хүсэж байна.
Мэдээж дуучин хүн үргэлж өөрийн дуу болон өөрийгөө илүү олон хүнд таниулан, илүү олон хүний таашаалыг хүлээхийг хүсдэг. Хятадын хүн ам олон, зах зээл өргөн. Би олон хүнд таашаагдсан шинэ дууг дуулахаас цаашлаад өөрийн дуунуудаа хятад хэлээр орчуулан дуулахаар бэлдээд байна. Эдгээр дуу маань тун удахгүй та бүхэнтэйгээ золгоно гэж бодож байна. Мөн энэ зун Өвөр Монголд өөрийн тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Өвөр Монголд тоглолтоо хийх нь миний хүсэж мөрөөдөж байсан зүйлийн нэг байсан. Иймээс тоглолт маань төлөвлөгөөний дагуу биелэгдээсэй гэж их хүсэж байгаа. Тоглолтоор олон Өвөр Монгол хүнтэй танилцан, дууны мэргэжлийн тал дээр туршлага солилцох хүсэлтэй байна.
2012 оноос хүмүүнлэгийн ажилд анхаарал хандуулдаг болсон. Гол төлөв өрх толгойлсон эмэгтэйчүүдийг сургалтад хамруулах, ажил олгоход нь туслах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гэрт нь очиж хичээл заах, эмнэлэгт хандахад дэмжлэг үзүүлэх ажил бас бий. Энэ хүмүүст илүү дэмжлэг үзүүлж, хүүхдүүддээ зориулан цэцэрлэг, сургууль байгуулахыг хүсэж байна.
- Хятадыг зорьж байгаа Монголын оюутны тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Дүү нартаа хандан захих зүйл юу байна?
Өөрийгөө заавал шаардах хэрэгтэй байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл сурахаар Хятадыг зорьсон бол зорилгодоо хүрч сайн суралцах, “Хэлтэй бол хөлтэй” гэдэг хятад хэлээ сайн эзэмших хэрэгтэй. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдгээр богинохон 4, 5 жилийг маш үр дүнтэй өнгөрүүлэхийг л захимаар байна. Соёл боловсролтой болоод Монголдоо буцаж ирэн өөрийн улс орноо хөгжүүлээрэй.
Оюутнууд зөвхөн суралцаад байж бас болохгүй. Боломжтой бол өөрөө мөнгө хуримтлуулаад өөрийн амьдарч байгаа хотоос бусад Хятадын нутгуудаар аялах хэрэгтэй. Хятадын нутаг өргөн уудам, хүн ам олонтой учир хятад хэлний аялга ч маш их ялгаатай байдаг. Нэг жил бид Хай Нань мужид дадлагаар явахдаа тухайн газрынхаа хүмүүстэй хэл нэвтрэхгүй хэмжээнд хүрч байсан. Хятадын олон муж орнуудаар аялж, хотуудын онцгой соёл, шинэ найз нөхөдтэй болж мэдлэгээ тэлж, нүдээ нээх нь тун чухал. Энэ бүхнийг сургууль, ном дэвтрээс сурч чадахгүй гэж бодож байна.
- Цаг зав гарган бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсэж байна.
Баярлалаа. Та бүхэн мөн ажлын амжилт хүсэж байна.
Ярилцсан: Б.Ариухан, Ч.Цэлмүүн
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...