Д.Ончинсүрэн: Улаанбаатар, Бээжин хотын Худалдааны танхимын хамтын ажиллагаа өргөжих үүд хаалга нээгдлээ
- schedule 2018 оны 11 сарын 15
- chat_bubble 0
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын Бээжин хотод хийсэн албан ёсны айлчлалын үеэр Улаанбаатар, Бээжин хотуудын бизнесийн салбарынхны анхдугаар уулзалт боллоо. Энэ талаар Улаанбаатар хотын Худалдааны танхимын захирал Д.Ончинсүрэнтэй товч ярилцлаа.
-Ирэх 2019 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотын хооронд ах дүүгийн харилцааны Санамж бичиг байгуулсны 5 жилийн ой тохиох гэж байна. Энэ хүрээнд Улаанбаатар, Бээжин хотуудын бизнесийн салбарынхны анхдугаар уулзалт Бээжин хотод боллоо. Энэ талаар танилцуулна уу?
-Улаанбаатар хотын Худалдааны танхим 2015 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэр цагаас хойш манай олон гишүүдийг төлөөлж Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт татах, Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдэд ажиллах орчныг нь сайжруулах талаар олон ажил хийж байна. Үүний нэг томоохон арга хэмжээ нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын Бээжин хотод хийсэн албан ёсны айлчлалтай уялдуулан Улаанбаатар, Бээжин хотуудын бизнес эрхлэгчдийн дунд ах удаа форум зохион байгууллаа.
Энэ форумд барилга, санхүү, сэргээгдэх эрчим хүч, хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн төлөөллүүд төсөл, хөтөлбөрөө танилцууллаа. Хоёр талаас нийтдээ 100 гаруй төлөөлөл оролцож, сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсэн. Хоёр хотын бизнесийн төлөөлөл харилцан танилцаж, үйл ажиллагааны түншээ олоход энэ уулзалт чухал түлхэц болсон гэж үзэж байгаа. Үр дүн нь харагдана гэж итгэж байна.
-Бээжин хотын худалдааны танхимтай өмнө нь харилцаж байсан уу?
-Манай танхим Бээжин хотын худалдааны танхимтай анх удаа бизнес уулзалт зохион байгууллаа. Үүгээр хоёр танхимын цаашдын хамтын ажиллагаа, хоёр хотын хамтын ажиллагаа өргөжих үүд хаалга нээгдлээ гэж бодож байна. Цаашдаа байнга хамтран ажиллах болно.
Д.Оюунцэцэг
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...