Д.Ганхуяг: Хоёр орон, хоёр хотын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ихээхэн боломж байна
- schedule 2018 оны 11 сарын 15
- chat_bubble 0
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягтай хоёр орны харилцааны талаар ярилцлаа.
-Ирэх 2019 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиох гэж байна. Хоёр орны өнөөгийн харилцааг та хэрхэн үнэлж байна вэ?
-Хоёр орны харилцааг ерөнхийд нь дүгнэж хэлэхэд сүүлийн олон жилийн туршид тогтвортой сайн хөгжиж байна. Өндөр дээд хэмжээний айлчлалууд тогтмолжиж байна. Энэ оны хувьд гэхэд л Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар хоёр удаа уулзлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Салбарын сайд нар мөн айлчиллаа. Сая Улаанбаатар хотын дарга албан ёсны айлчлал амжилттай хийлээ.
Хоёр орны хувьд улс төрийн харилцааг тогтмолжуулах, харилцан айлчлалуудыг идэвхжүүлэх, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх талд голллон анхаарч тодорхой ажлууд хийж байна.
Саяхан хоёр орны Засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын хуралдаан болж, холбогдох асуудлуудыг хэлэлцлээ. Энэ оны эхээр хоёр орны хооронд хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх анхны хуралдааныг хийсэн.
Манай Элчин сайдын яамны зүгээс тавьж байгаа нэг том зорилт бол Улаанбаатар хотыг БНХАУ-ын нийслэл Бээжин хоттой холбох, хамтын ажиллагааг нь хөгжүүлэх тал дээр анхаарч ажилласан. Яагаад гэвэл Монгол Улсын хүн амын 50 илүү хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Хамтын ажиллагаагаар шийдвэрлэх ёстой асуудлууд ч байгаа.
Тухайлбал, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр хийх ажлууд бий.
Дөнгөж сая, 10 дугаар сарын сүүлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бээжин хотод албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Бээжин хотын дарга Чэнь Жинингтэй амжилттай хэлэлцээ хийж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар шинэ дэвшил гаргалаа гэж Элчин сайдын зүгээс үзэж байгаа. Хоёр нийслэл хотын хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч хөгжих боломж бүрдлээ гэж энэ айлчлалыг харж байна.
Энэ хүрээнд анх удаа Улаанбаатар, Бээжин хотын бизнесийн салбарынхны чуулга уулзалтыг зохион байгууллаа. Үүгээр бизнесийн чиглэлийн хүмүүс, аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаа хөгжүүлэх тодорхой арга зам, гарцуудаа олно гэж үзэж байгаа.
Ирэх 2019 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ хүрээнд ч хоёр хот хамтарч тодорхой ажлуудыг хийх талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Бээжин хотын дарга Чэнь Жининг нар уулзахдаа тодорхой саналуудыг ярьсан. Энэ чиглэлээр тодорхой, бодитой ажлууд зохион байгуулна гэж бодож байгаа.
-Хоёр орны харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн ч эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар аль ч шатны айлчлалын үеэр хөндөгддөг. Эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар томоохон ямар ажил хийх вэ?
-Хоёр талын эдийн засгийн харилцааг аваад үзвэл энэ жил тавьсан гол зорилго бол Хятадын талаас Монгол Улсад үзүүлж байгаа буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн ашиглалтыг сайжруулах талаар зорилт тавьж ажилласан. Бүх чиглэлийн төлөвлөгдсөн ажлууд энэ ондоо багтаж эхэлнэ гэж бодож байгаа.
Мөн “Нэг бүс, нэг зам” гэсэн бодлогыг Хятадын тал санаачилсан. Үүнтэй уялдуулж хоёр орон, хоёр хотын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ихээхэн боломж байна.
Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагаа хөгжиж байна. Гурван талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр олон төсөл яригдаж байгаа. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр хоёр талын төдийгүй, гурван талын эдийн засгйин хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
-БНХАУ бол Монгол Улсад визийн хөнгөлөлт үзүүлсэн анхны орнуудын нэг. Гэхдээ БНХАУ-д суралцах монгол оюутнуудын визийн асуудал хүндрэлтэй байдаг. Энэ намар БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны өмнө их хэмжээний дугаарлалт үүсч байсан. Үүнийг яаж шийдвэрлэх нь зүйтэй бол?
-Монгол Улсын иргэд БНХАУ-д 30 хоногоос дээш удаан хугацаагаар зорчихдоо виз авдаг. БНХАУ-ын иргэд Монгол Улсад визтэй зорчдог. Улаанбаатарт суугаа БНХАУ-ын ЭСЯ-ны өмнө үүсч байгаа энэ дугаарлалт юунаас үүсдэг вэ гэхээр оюутнууд 30 хоногоос дээш хугацаагаар БНХАУ-д суралцах тохиолдолд виз авах шаардлага үүсдэг. Энэ бол түр хугацааны, намрын улиралд л тохиолддог асуудал. Хэрэв Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчих бүртээ виз авдаг байсан бол байнгын ийм асуудал үүсэх байсан.
Монгол оюутнуудын хувьд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг авч байна, мужуудын тэтгэлэг авч, сургуулиудаас тэтгэлэг авч байна. Нийтдээ Монголоос БНХАУ-д 8000 орчим оюутан сурч байгаа. Энэ тоо жилд 200-300-гаар нэмэгддэг. Визийн асуудал бол найм, есдүгээр сард л үүсдэг түр хугацааны асуудал юм. Үүнийг бодолцох учиртай.
Д.Оюун
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...