Сэтгүүлчид шагналаа гардан авлаа
- schedule 2018 оны 10 сарын 23
- chat_bubble 0
"Хятадын соёлын өдрүүд” өнгөрөгч есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан өндөрлөсөн билээ. Арга хэмжээг БСШУСЯ, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэдээлэл сурталчилгааны чиглэлээр дэмжин оролцсон юм.
“Хятад орныг танин мэдэх” уриатайгаар дөрвөн өдрийн турш үргэлжилсэн Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд Монголын телевиз, сонин сэтгүүл, сайт, радиогийн нийт уран бүтээлчдийн дунд зохион байгуулагчдын зүгээс шилдэг, мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарласан билээ. МСНЭ-ээс тус уралдаанд байр эзэлсэн шилдгүүдэд шагналыг нь гардуулан өглөө.
Уралдааны гол агуулга нь хоёр орны найрамдалт харилцаа, соёлын үнэт зүйлийг тод томруунаар товойлгон дүрсэлж, “Хятадын соёлын өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний ач холбогдол, онцлогийг олон нийтэд таниулан сурталчилж, сонирхолтой, хүртээмжтэйгээр мэдээлэн сурвалжлахад оршиж байсан юм.
Тодотгоход, “Хятадын соёлын өдрүүд” арга хэмжээнд ӨМӨЗО-ы муж, хотуудын уран хатгамалчид, уран дархан нарын үзэсгэлэн, урлаг уран сайхны тоглолт, кино өдөрлөг, хоёр улсын эмч нарын үнэгүй үзлэг оношлогоо, тэмцээн уралдаан зэрэг өргөн цар хүрээг хамарсан гурван хэсгээс бүрдэж, 11 цогц арга хэмжээ зохион байгуулагджээ.
Уралдааны шүүгчээр МУИС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, профессор М.Зулкафиль, МСНЭ-ийн Сургалт, судалгаа хариуцсан Дэд eрөнхийлөгч сэтгүүлзүйн доктор, профессор Ж.Батбаатар, МУСГЗ, доктор Б.Галаарид нар ажиллажээ. БНХАУ, ӨМӨЗО-ы соёл, зан заншил, үнэт зүйлсийн талаар хөндөж 35 сэтгүүлч 240 бүтээлээ ирүүлсэн байна.
Үүнээс телевизийн 55, сонины 14, сайтын 165, радиогийн 6 бүтээлийг 10 хүртэлх оноогоор үнэлж дүгнэн, 15 сэтгүүлчийг байр эзлүүлжээ. Шилдэг бүтээлийг шалгаруулахдаа уралдааны удирдамж, тавигдах шаардлагыг баримталж, телевиз, сонин, сайт, радиогийн жигд оролцоог эрхэмлэсэн гэдгээ уралдааны шүүгчид онцолсон юм. Мөн эдгээр шалгарсан бүтээлүүд нь сэтгүүл зүйн бүтээлд хамгийн дөхөж очих, мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл гаргасан бүтээлүүд гэж үзжээ. Уралдааны шилдгүүдэд МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Э.Болортулга шагналыг нь гардууллаа. Энэ дашрамд дурдахад нэгдүгээр байр БНХАУ-д 14 хоногийн сургалтад хамрагдах эрх /5 хүн/, хоёрдугаар байр "Lenovo" брэндийн нөүтбүүк /5 хүн/, гуравдугаар байр "Huawei" брэндийн сүүлийн үеийн загварын P20 гар утас /5 хүн/-аар шагнуулж байгаа юм. Ингээд шагналтнуудаа танилцуулъя.
Нэгдүгээр байр
Х.Жавзмаа- UBS телевиз
М.Ариунжаргал- TV5 телевиз
Б.Мөнхзул- “Үндэсний шуудан” сонин
Л.Сайнбаяр- 24tsag.mn
А.Акерке- Assa.mn
Хоёрдугаар байр
Ш.Адъяамаа- News.mn
Б.Ганчимэг- VTV телевиз
Б.Бундхорол- “Монголын мэдээ” сонин
Д.Баяржаргал- МҮОНР-ийн “Хурд” агентлаг
О.Сайханцэцэг- Olloo.mn
Гуравдугаар байр
Г.Цэнд-Аюуш- NTN телевиз
З.Энхбаяр- Star телевиз
М.Мөнхтунгалаг- “Үндэсний шуудан” сонин
Д.Атарцэцэг- Zindaa.mn
Х.Уянга- “Өнөөдөр” сонин.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...