Г.Баярмаа: Шүүхийн шийдвэрийг сонсоод үнэхээр их баярласан
- schedule 2018 оны 8 сарын 21
- chat_bubble 0
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн Б.Тэмүүлэнгийн ээж Гомбосүрэн овогтой Баярмаатай ярилцлаа.
- Таны хүү ямар гэмт хэрэгт холбогдсон юм бэ?
- Миний хүү Б.Тэмүүлэн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өөрийн нагац ах Г.Ганбатын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм. Г.Ганбат согтуу манайд ирж мотоциклийн түлхүүр авах гэж Б.Тэмүүлэнтэй маргалдсанаас ийм хэрэг гарсан. Хүүгийн маань энэ үйлдэлд Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2.4 гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад прокурорт шилжүүлсэн. Аймгийн прокурорын газраас дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн юм.
- Та ямар шалтгаанаар бидэнд хандах болсон бэ?
- Юуны өмнө танай шүүхэд баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Би хүүтэйгээ хоёулаа амьдардаг. Хүүгээ хэрэгт холбогдсоноос хойш ганцаараа олон хоног сэтгэл санааны хямралд орж, олон ч шөнө нойргүй хоносон. Харин өмгөөлөгч В.Энхболдын давж заалдах гомдлоор хэрэг давж заалдах шатны шүүхэд шилжиж шүүх хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр болсон юм. Шүүх миний хүү Б.Тэмүүлэнг сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдаж, өөрийгөө удирдан жолоодох чадвар суларсан, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж 2 жилийн хорих ялаас чөлөөлсөнд миний бие туйлын их баяртай байна.
Б.Тэмүүлэн маань Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургуульд суралцдаг. Хүүгийнхээ ирээдүйг бодож сургалтын төлбөрийг нь олох гэж олон газар ажил хөдөлмөр хийж явлаа. Одоо сэтгэл уужраад сайхан байна. Өөрийнхөө амьдралыг дөнгөж зохиох гэж байгаа залуу хүнд үнэхээр том сургамж ухаарлыг өглөө гэж бодож байна. Шүүх гэдэг чинь хүмүүсийг ялладаг, айлгадаг, шоронд хийдэг байгууллага гэж бодож айж байсан. Гэтэл хэргийг олон талаас нь харж хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа хүүд маань ухаарах боломж олгож, үнэхээр шударга шийдвэр гаргасанд баярлаж байна.
- Шүүхийн шийдвэрийг сонсоод танд хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?
- Үгээр хэлэхийн аргагүй байсан. Хүүгээ шууд тэврээд л үнссэн. Миний хүү ахиж ийм буруу зүйл хийхгүй зөвөөр амьдарна гэдэгт би итгэж байгаа.
- Ярилцлагын төгсгөлд танд хэлэх зүйл байна уу?
- Би шүүхийн шийдвэрт чин сэтгэлээсээ маш их баярлаж байна. Мөн давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өөрийн өмгөөлөгч В.Энхболд, Н.Тэрбиш нарт мөн адил маш их талархаж байна. Та нарын ажилд улам их амжилтыг хүсье.
Хөвсгөл аймаг дахь Нисэх буудалд галын бүлгийн ахлагч ажилтай Д.Тайванбаяртай ярилцлаа. Тэрбээр ажлаасаа халагдаж 9 сарын хугацаанд ажилгүй явжээ. Эцэст нь гурван шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа орсон байна.
-Та Хөвсгөл аймаг дахь Нисэх буудалд хэдэн оноос хойш ажилласан бэ?
- Миний бие 2014.07.01-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар Хатгал нисэх буудлын онгоцны техникчээр анх томилогдон ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр галын бүлгийн ахлагчийн орон тоон дээр шинээр томилогдон ажилласан.
-Таныг ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн юм бэ?
- Иргэний Нисэхийн Ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/20 дугаартай тушаалаар цомхтгол хийсэн. 12 хүн энэ цомхтголд орсон. Энэ байдлыг ашиглаж намайг галын бүлгийн ахлагчийн ажлын байранд тавигдах шаардлага үл ханган туршилтын хугацаанд ажиллахдаа мэргэжлийн сургалтад хамрагдаж, гэрчилгээ аваагүй, мөн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр шалтаглан хууль бусаар ажлаас халсан юм. Миний бие галын бүлгийн ахлагчийн ажилд томилогдон ажиллах хугацаандаа мэргэжлийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байсан.
-Шүүх ямар шийдвэр гаргасан бэ?
- Намайг галын бүлгийн ахлагчаар томилсон ажил олгогчийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн тушаалд түр хугацаагаар авч ажиллуулах талаар огт дурдаагүй атлаа "туршилтын болон түр хугацаагаар байгуулах хөдөлмөрийн гэрээ” -г ажилтантай байгуулсан нь ойлгомжгүй. Нөгөө талаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа байнгын ажлын байранд 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн гэж анхан шатны шүүх үзсэн. Мөн миний ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцож олгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж цалинг гаргуулан шийдсэн. Үүнийг ажил олгогч буюу хариуцагч тал хүлээн зөвшөөрөөгүй давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд мөн л үүнийг хүлээн зөвшөөрөөгүй хяналтын журмаар гомдол гаргаж улмаар дээд шүүх давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж ажилд нь томилох тухай шийдвэр гаргасанд баяртай байна.
-Гурван шатны шүүхийн шийдвэр гарчээ. Таныг ажилд буцааж авсан уу?
- Тэгсэн. Шүүхийн шийдвэрээр эргээд ажилдаа орж, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж авсандаа баяртай байгаа. Шүүхийн байгууллага хэрэг маргааныг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж, иргэний эрхийг хамгаалж өгдөг буянтай газар гэдгийг ойлгосон.
-Шүүхээр үйлчлүүлэхэд танд ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгарч байсан уу?
- Өмнө нь шүүхээр үйлчлүүлж байсангүй. Шүүх дээр анх очиход үүдэнд суудаг мэдээлэл, лавлагааны ажилтнаас авахуулаад бүгд надтай сайхан харьцаж байсан. Ер нь бол хүндрэл бэрхшээл гэхээсээ илүү хууль эрх зүйн мэдлэг тааруухан болохоор эхэндээ сэтгэл тавгүй бүтэх болов уу, яах бол гэсэн бодолтой байсан.
Хүний харьцаа гэдэг маш чухал зүйл гэж боддог. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс нь ч зан харьцаа сайтай, иргэд биднийг ялгаварлаж үздэггүй, хурдан шуурхай үйлчилж зорьж ирсэн ажлыг маань бүтээж өгсөн шүүхэд маш их баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлмээр байна. Та бүхний ажил амьдрал улам дэгжин дээшилж, ард иргэд биднийхээ зөрчигдсөн эрхийг хамгаалж байгаа ажил үйлсэд нь улам их амжилт хүсэн ерөөе. Та бүгдийг төрийн сүлд ивээж байх болтугай.
- Ярилцсанд баярлалаа.
Ярилцлага бэлтгэсэн: Н.Дагидандорж
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...