Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
- schedule 2018 оны 4 сарын 19
- chat_bubble 0
УИХ-ын нэгдсэн хуралдааны төгсгөлд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Байнгын хороо 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Содбилэг, С.Бямбацогт, Н.Учрал, О.Баасанхүү, Д.Дамба-Очир, М.Билэгт, Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлсэнтэй холбоотой гэмт хэргийн тоо, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага, манай улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын жагсаалтын тусгай ажиглах хэсэгт орсон шалтгааныг лавлаж байлаа.
Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаяр, Монгол Улс мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх (ФАТФ) байгууллагын гишүүн орон. Өнгөрсөн оны 07 дугаар сард Шри-Ланк улсад болсон Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 20 дугаар хуралд оролцсон. Олон улсын байгууллагын зүгээс Монгол Улсад Улс мөнгө угаах гэмт хэргээр ял шийтгүүлсэн тоо бага байна.
Энэ чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хангалтгүй гэж үзсэн учраас жагсаалтын эрчимтэй хяналт гэсэн хэсэгт оруулаад байгаа. Түүнчлэн Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, эрх зүйн орчинг ФАТФ-ын 40 дүгээр зөвлөмжинд нийцүүлэхийг зөвлөсөн гэж хариулав. Мөн тэрбээр, Монгол Улсад мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотойгоор МИАТ, ИНЕГ-ын удирдлагуудын шүүхээр шийтгүүлсэн хоёр тохиолдол байгаа гэсэн бол Ажлын хэсгийн зүгээс, терроризмыг санхүүжүүлсэнтэй холбоотой гэмт хэрэг Монгол Улсад бүртгэгдээгүй гэж байв.
Ингээд УИХ-ын чуулганы хуралдаан завсарласан бөгөөд үдээс хойших нэгдсэн хуралдаан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёоллын санал хураалтаар үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...