Залуус эрхийнхээ төлөө тэмцэж дуу хоолойгоо нэгтгэн жагслаа
- schedule 2018 оны 3 сарын 9
- chat_bubble 1
Гуравдугаар сарын 8-ны өдөр. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр ихэнх бүсгүйчүүд маань баярлаж өнгөрүүллээ. Харин зарим нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гэж, нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлүүлэх гэж жагсаал хийсэн юм.
Монголын залуучуудын холбоо (МЗХ) “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаалыг зохион байгууллаа. энэ байгууллага дөрөв дэх жилдээ ийнхүү жагса байгаа юм. Тэд нийгэмд тулгамдаад байгаа хүчирхийлэл, авлига, хулгай зэрэг олон төрлийн асуудлыг зөвхөн шүүмжлэхээс бус шийдвэрлэх зам мөрийг эрэлхийлж, эерэг талаас нь олон нийтэд хүргэх зорилготой гэдгийг жагсаал зохион байгуулагчид онцолж байв. Мөн зөвхөн гуравдугаар сарын 08-нд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар ярьдаг бус жилийн 365 хоногт тэдний төлөө эв санаа нэгтэйгээр ажиллахыг нийт Монголчууддаа хандан уриаллаа. Тайван жагсаал 11.00 цагт МЗХ-ны төв байр- Энхтайвны гүүр- Сүхбаатарын талбай-МЗХ-ны төв байр гэсэн чиглэлээр боллоо.
Энэ өдөр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх “Ээжүүдийн холбоо” ТББ, Худалдаачдын холбоо хамтран “Бидэнд баярлах шалтгаан байхгүй” уриан дор эсэргүүцлээ илэрхийлэв. Үүнд найман эмэгтэй хагас нүцгэлж эсэргүүцлээ илэрхийллээ.
Жагсагчид "Хулгайч дарга нар боль", "Оффшорчдыг зайлуул" гэх мэт уриа барьсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хүнд хөдөлмөр эрхлэлт, мөнгө хүүлэлт зэргийг таслан зогсоохыг төр засаг болон холбогдох байгууллагуудаас шаардаж буй юм. Монгол улсад, ажилгүйдэл, ядуурал газар авч байгаа энэ цаг үед эмэгтэйчүүдэд баярлах шалтгаан байхгүй хэмээн цуглаанд оролцогчид дурьдаж байлаа. Гэр бүлийн хүчирхийллийг зогоож, ажилгүйдэл, ядуурлыг арилгах хүртэл энэхүү цуглааныг жил бүр зохион байгуулах аж.
Мөн цуглааны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амиа алдсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийн гэгээн дурсгалд зориулж Сүхбаатарын талбайд зул өргөх ёслол зохион байгууллаа.
“Нэг тэрбумаараа тэмцье” олон улсын эсэргүүцлийн арга хэмжээг “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ынхан зохион байгуулав. Тэд Сүхбаатарын талбай тойрон алхаж орон даяар 21 аймагт "Хохирогчид Ээлтэй үйлчилгээ" хэлэлцүүлэг, зохион байгуулсан байна.
Залуус маань "Хамтдаа бид хүчтэй. Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалж чадна. Бидэнд хүний эрхэд суурилсан төрийн бодлого, үйлчилгээ чухал. Олон хүүхэд, эмэгтэйчүүд нүдэндээ нулимсгүй, зүрхэндээ шаналал, шархгүй байхын төлөө хамтдаа бид урагшлах болно." гэв. Тус төрийн бус байгууллагад амьдралын түүхээ бичиж ирүүлсэн эмэгтэйчүүд их байдаг гэнэ. Эдгээрээс зөвхөн хоёрыг нь олон нийтэд уншиж танилцуулсан юм. Дэлхийн долоон тэрбум хүний нэг тэрбум хүн буюу гурван эмэгтэйн нэг нь амьдралынхаа аль нэг үед хүчирхийлэл, дарамт, ялгаварлан гадуурхалтад өртдөг гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа гарчээ. Иймд бүсгүйчүүд "Нэг тэрбумаараа тэмцье" гэсэн уриан дор нэгдэж, улаан малгайгаар ижилслээ.
Дээрх хүний эрхийн болон жагсаалд оролцож буй иргэд хамтран Сүхбаатарын талбайг тойрч алхан дуу хоолойгоо нэгтгэж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...