Дуулдаг зам
- schedule 2018 оны 2 сарын 20
- chat_bubble 0
Орчин үеийн жолооч нарыг ямар нэг юмаар гайхуулах амаргүй ч хар зам дээр зурсан өнгө өнгийн нотууд тэднийг тээнэгэлзэн эргэлзэхэд хүргэж байна.
Машинд нь гэнэтхэн хөгжим хангинах нь гайхахаас гадна айлгаж ч болох талтай.Үнэндээ гайхаад, айгаад байх зүйл энд огтхон ч үгүй юм байна.
Ийм зугаатай зүйлийг Европт хөгжимтэй зам, дуулдаг зам гэх зэргээр нэрлэдэг байна.
Дизайнер Жейкоб Фрейд-Магнус, Стина Краруп Женсен нар 1995 онд Дани улсын нэгэн зам дээр “Асфальтофон” нэртэй төсөл хэрэгжүүлснээр уг зам нь дэлхийн анхны акустик засмал болжээ.
Одоо 20 гаруй ер бусын дуулдаг замтай Япон улс энэ салбарыг тэргүүлж байна. Хэрэв та авто машинаар Фүжияма хотыг зорих бол тээврийн хэрэгслийнхээ дугуйны дороос энэ хотын сүлд дууг сонсох нь баараггүй.
Өмнөд Солонгост ч бас дуулдаг замыг барьж байгуулж байна. Гэхдээ зугаа болгохоос илүүтэй жолооч нарыг унтуулахгүй байлгах зорилготой аж.
Харин АНУ-д байдаг дуулдаг зам нь Россинигийн “Вильгельм Телль” дуурийг тоглодог байна.
Энэ гайхалтай шинэ зүйлийг Хонда корпораци ээлжит зар сурталчилгаагаа явуулахдаа ашиглажээ.Ингэхдээ энэ ер бусын рекламыг бүтээхийн тулд л Калифорни муж улсын Ланкастерт энэ акустик харгуйг барьж байгуулжээ.Харин дараа нь орон нутгийн оршин суугчдын санал гомдлоос болоод энэхүү дуулдаг замыг удалгүй шилжүүлсэн удаатай.
Хөгжим дуугардаг замыг хэрхэн бүтээдэг вэ?
Математикийн нарийн тооцоо, хөгжмийн мэдлэг хоёр л эгшигт-замыг бүтээх үндэс болдог байна. Гайхалтай нь түүнийг хийхэд зам хучих материал онцгой бүтэцтэй байх, хучилтыг гүйцэтгэх тусгай технологитой байхын аль аль нь өчүүхэн ч шаардлагагүй.
Урьдчилан тооцоолсон бүдүүвч зургийн дагуу зам хөндөлдүүлэн гаргасан нимгэн ухаас бүхий онцгой зурвас хэсэгт л зам дуулдаг байна. Өргөн (8-24 мм), гүн нь (3-6 мм) янз янзын хэмжээтэй ухаас дээгүүр тээврийн хэрэгсэл давхих үед өндөр, нам давтамжууд үүсдэг.Авто машины марк, хийц, өнгө, чанараас үл хамаарах ээлжилсэн давтамжуудаар үүсгэгдсэн аялгуу машин дотор сонсогддог байна.Харин машины хурд багагүй ач холбогдолтой.
Хөгжимтэй зам бүр зөвхөн яг тодорхой хурдан дээр л хөгжмийн аялгууг сонсох боломжтойгоор бүтээгдсэн байдаг аж. Жишээ нь Анян (Өмнөд Солонгос) руу явах замд “Мэрид хурга байсан юм” хэмээх нийтэд танил болсон хүүхдийн дууг 100 км/цагийн хурдан дээр сонсох боломжтой байхад, “Вильгельм Телль” дуурийн төгсгөлийн хэсгийг сонсохын тулд цагт 50 миллийн (80км/цаг) хурдтай явах хэрэгтэй болдог байна.
Ийм замууд нь тухайн орны эдийн засгийн ололт амжилтууд болоод зогсохгүй, замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөхөд нэмэлт урамшуулал болдог байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...