Ураг ямар үед халдвар авдаг вэ?
- schedule 2018 оны 2 сарын 20
- chat_bubble 0
Хөл хүндтэй эхчүүд аль болох халдварт өвчин тусахгүй байхыг хичээдэг. Тэр дундаа нянгийн халдвар.Жирэмсний явц дахь нянгийн халдвар нь үүсгэгчийн хоруу чанараас хамааран хөнгөн, хүнд хэлбэрийн нөлөөлөлтэй.Заримдаа шинж тэмдэггүй байх тохиолдол байх ч халдварын шинж тэмдэг нэлээн сүүлд нь илрэх тохиолдол ч байдаг. Жирэмсэн эх B бүлгийн стрептококк, тэмбүү, хламид, уреаплазм, микоплазм, заг хүйтэн, шээс ялгаруулах замын бусад халдвар, нянгийн гаралтай үтрээний үрэвсэл, листериоз, хумхаа зэрэг нян болон шимэгчийн халдвартай байх нь урагт ямар нэгэн байдлаар нөлөөүзүүлдэг.Энэ удаад урагт эхийн B бүлгийн стрептококк (GBS)-н халдвар ямар нөлөөтэйг дурдахаар бэлтгэлээ.
GBS нь хэвийн үед эмэгтэйчүүдийн 25% -д үтрээнд, 30%-д нь шулуун гэдэс, амны хөндийд байдаг ба нийт эмэгтэйчүүдийн 10-30% тээгч байдаг гэсэн судалгааны дүн байна.Хэвийн үед ямар нэгэн шинж тэмдэггүй байх ба даарч хөрөх, ядарч сульдах, бусад халдвар авах эрсдэл бүхий ажилбар хийлгэх, жирэмслэх үед эмэгтэйн биед өөрчлөлт явагдан энэхүү халдвар нь эмгэг байдалд шилжин өсөн үржиж эхэлдэг байна.
Жирэмсэн эхэд GBS-н халдварын шалтгаантай цистит, амнионит, эндометрит, ураг амьгүй болох, эндокардит, менингит үүсэх эрсдэл байдаг бол төрсний дараа шээс ялгаруулах замын халдвар, бага аарцгийн эрхтэний буглаа үүсгэж болдог.
Халдвартай эхээс ураг болон нярайд халдвар дамжихад эрт болон хожуу үеийн өөрчлөлт урагт үүснэ. Эрт үеийн өөрчлөлт нь шинээр төрсөн нярайн амьдралын эхний 7 хоног ( дундаж нь 12 цаг) дотор үжил халдвар, менингит, уушгины хатгалгаа үүсч болдог байна. Хожуу үеийн өөрчлөлт нь 7-89 хоног (дунджаар 36 хоног)-т бактереми, менингит илүү болон эндэх тохиолдол их байдаг. Амьд үлдсэн нярайд сонсгол болон харааны алдагдал, бие эрхтний гажиг, мэдрэлийн эмгэгүүдийн үлдэцтэй болон үлддэг байна.
Ийм хоруу чанартай нянгийн халдварыг нярайд халдаахгүйн тулд олон улсын өвчин судлалын төвөөс 2002 онд гаргасан удирдамжинд бүх жирэмсэн эхэд 35-37 долоо хоногтойд нь үтрээ шулуун гэдэсний арчдас авч өсгөвөр хийн GBS илрүүлэх скрининг хийх хэрэгтэй гэсэн байдаг. Хэрэв шинжилгээний хариу эерэг гарсан бол эхийг төрөх үед нь антибиотикийн урьдчилан сэргийлэх тунг авах нь 90-95% халдвараас сэргийлнэ.Бусад хөгжингүй орнуудад энэ аргыг хэрэглэснээс хойш халдвар жилээс жилд буурч байгаа ба судалгаагаар 86-89% -н ач холбогдолтой гэсэн тооцоо байдаг.
Төрөх үед шинжилгээний хариу тодорхойгүй эсвэл шинжилгээ өгөөгүй бол тухайн эхийн эрсдэлийг үнэлэн шийдвэр гаргадаг.Эрсдэлийг доорх зүйлсийг харгалзан үнэлж гаргадаг байна.
• Өмнөх жирэмслэлт нь GBS /+/ буюу B бүлгийн стрептококк илэрч байсан
• Одоогийн жирэмслэлт нь шээсэнд B бүлгийн стрептококк илэрсэн
• 37 долоо хоногоос өмнө төрж байгаа
• Ургийн ус гараад 18 цагаас дээш болж байгаа
• Төрөх үед эх нь халуунтай байх
Гэтэл энэ халдварыг илрүүлээгүйгээс үүдэн шинээр төрөх нярайн халдвар авах эрсдэлийг огт үнэлэхгүйгээр төрүүлж байгаа гэсэн үгтэй адил юм.
Тиймээс эх болох гэж байгаа болон жирэмсэн эхчүүд B бүлгийн стрептококк илрүүлэх шинжилгээг хийлгэж хэвших нь зүйтэй байна.Энэхүү халдварын талаар Монголд судалсан судалгааны дүн хараахан байхгүй байгаа ч оношлогооны аргыг нэвтрүүлэн судалгааны түвшиндөө явж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...