“Өдөр тутмын сонины холбоо” МСНЭ-ээс өрх тусгаараллаа
- schedule 2018 оны 2 сарын 9
- chat_bubble 0
МСНЭ-ийн XVII дугаар их хурал өчигдөр болж өндөрлөлөө. Энэ хурлын талаар тоймтой мэдээлэл цацагдсангүй. Их хурлын 253 төлөөлөгч орооцож хурлын дундаас 40 гаруй нь хурлыг орхин гарлаа. Сэтгүүлчид ерөнхийдөө хуваагдав. Тэд хурлыг яагаад орхин гарах болсон талаараа С1 телевизид ярилцлага өгснийг та бүхэн мэдэх байх. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрмийг үлдсэн 201 төлөөлөгч хэлэлцэж Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар нам бус байх ёстой гэсэн дүрмийн заалтыг хэвээр үлдээлээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгчид "Зиндаа" сэтгүүл, "Зиндаа" сайтын эрхлэгч Х.Мандахбаяр, заалнаас МҮОНРТ-ын Ерөнхий захирал Л.Нинжжамц, ТВ2 телевизийн захирал Д.Энхтуяа, Монголын сайтын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ нарын нэрийг дэвшүүлэв. Л.Нинжжамц нэрээ татаж, Д.Энхтуяа, Д.Оюун-Эрдэнэ нар дэвшиж сэтгүүлчдийн асуултад хариулав. Ингээд санал хураалтаар Мандахбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдож, сонин сэтгүүл, сайт, телевиз, радиогийн, сургалт судалгааны мэргэжлийн 6 төв хуралдан 9 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн төвөө байгуулав.
МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгч хоёр дэд ерөнхиийлөгчөө өөрөө сонгодог дүрэмтэй. Энэ дагуу МСНЭ-ийн Ес зүй хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр Ү.Хүрэлбаатарын хүү Х.Батхишигийг, Ү.Хүрэлбаатарыг тусгай квотоороо Бага хуралд оруулав.
МСНЭ-ийн XVII дугаар их хурлыг орхин гарсан сэтгүүлчид өөрсдийн байр сууриа өнөөдөрхэвлэлийн бага хурал зарлаж илэрхийллээ.
“Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Заяабат “МСНЭ-ийн XVII дугаар их хуралд төлөөлөгчийг хэрхэн сонгох процессыг тодорхой болгоогүй байсан тул хурлыг орхисон. Нэг төлөөлөгч хичнээн сэтгүүлчийг төлөөлөх, хэрхэн сонгох зэргийг тодорхой заагаагүй. Тиймээс зориудаар тохиролцсон хүн сонгогдох зам нээлттэй болсон. Төлөөлөгч нь хэвлэл мэдээллийн аль нэг байгууллагад заавал харьяалагдах ёстой гэж шаардсан байгаа. Үүнд татвараа төлдөг, СНЭ-ийн үйл ажиллагаанд оролцдог, гишүүд нь хурлын үйл ажиллагаанд оролцолгүй, орхигдож байна. Үүнийг бид хүлээн авах боломжгүй зүйл гэж үзсэн. Мөн энэ их хуралд дүрмийн бус шаардлага тавьсан. Тухайлбал, 2018 оны татвараа төлсөн байх ёстой гэсэн. Гэтэл 2018 он гараад дөнгөж хоёр сар болж байна. Татвараа төлж амжаагүй байгууллагууд бий. Үнийг далимдуулж МСНЭ-д оролцох эрхийг хааж болохгүй. Мөн их хуралд оролцогчдын 3/2-оор шийдвэр гарах ёстой. Гэтэл биднийг хурлыг орхиод явсны дараа 181 хүний бүрэлдэхүүнтэй хуралджээ. Энэ нь хурлыг, хурлаас гарсан шийдвэрийг хүчин төгөлдөр бус болгож байгаа юм ” гэлээ.
Харин МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч, “Өдөр тутмын сонины холбоо”-ны ерөнхийлөгч Э.Долгион:
-Өчигдөр “Өдөр тутмын сонины холбоо”-ныхон хурлыг орхин гарсан. Энэ нь амар шийдвэр байгаагүй. Тэнд маш олон ахмад сэтгүүлч байсан. Юуны өмнө ахмад сэтгүүлчдээсээ уучлал хүсье. Гэхдээ ингэхээс өөр арга байсангүй. Маш олон шударга бус зүйл болж, үүнийг тэвчихийн арга байсангүй. Хурал нээлттэй болоогүй. Сэтгүүлчид бүгд оролцох ёстой. Мөн татварын өндөр босго тавьсан. Хоёрт, дүрмийн төсөл авчиран унших боломж олголгүй яаруу батлах гээд байсан. Төрийн бус байгууллагын тухай хуульд ямар нэгэн дүрмийн өөрчлөлтийг батлуулахдаа доод тал нь тав хоногийн өмнө танилцуулсан байх ёстой. Гэтэл төлөөлөгчид өчигдөр өглөө ирээд төсөлтэй танилцсан. Есөн хуудас, найман зүйлтэй, 203 дэд хэсэгтэй төсөл байсан. Нэг дэд хэсэгт нэг минут зарцуулахад гурван цаг шаардаж байсан. Гэтэл өчигдөр тэр төслийг гурван цаг хүрэхгүй хугацаанд баталсан. “Яагаад ийм хуумгай хандаж байгаа юм бэ” гэж асуумаар байна. Уншаагүй зүйлийг батлахыг шаардсан. Мөн тэр дотор нь логик уялдаагүй, бие биенээ үгүйсгэсэн заалтууд байсан. Тиймээс “Өдөр тутмын сонины холбоо”-ныхон хурлыг орхин гарахаар өөр алга байгаагүй. Гадуур МСНЭ-ийн удирдлагад өрсөлдөх гээд, ялалт байгуулж чадахгүйдээ орхиод явсан мэтээр ойлгож байна. Энэ тийм биш шүү. Бид сонгуулийн санал хураалт эхлээгүй байхад хурлыг орхисон. Дөрвөн нэр дэвшигчийн гурав нь хурлыг орхисон. Яагаад гэвэл энэ нь тухайн байгууллагыг хэн удирдах вэ гэдгээс маш том асуудал байсан юм. Нэгдүгээрт МСНЭ-ийг дүрмийн төсөлд нэг намын харьяалалд аваачих ийм л зүйл байсан. Сэтгүүлчдийн төв байгууллагыг аль нэг намын харьяанд аваачиж, хашаанд нь түгжиж байна гэдэг нь шударга бус үйлдэл. Өнөөдрийн бидний хийж буй хурлыг өчигдрийн хурлаас салгаж ойлгоорой. Биднийг ойлгуулахыг хүссэн гол зүйл нь энэ дүрэм хэзээ батлагдсан, баталсан хүн нь уншсан уу гэдэг. Дүрмийн төсөл дээр МСНЭ-ийн үнэт зүйл гэдэг дээр орлогыг оруулсан байсан. Өнөөдөр сэтгүүлзүй сул, буруу явж байж болно. Гэвч үнэт зүйл дээр орлогыг оруулах дээрээ тулаагүй шүү. “Өдөр тутмын сонины холбоо” өнөөдөр хуралдсан. Хурлаар Монголын өдөр тутмын бүх сонин МСНЭ-ээс тусдаа, бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулахаар болсон гэсэн юм. “Өдөр тутмын сонины холбоо” ТББ-д,
- Өдрийн сонин
- Өнөөдөр сонин
- Засгийн газрын мэдээ сонин
- Зууны мэдээ сонин
- Үндэсний шуудан сонин
- Өглөөнийн сонин
- Монголын үнэн сонин
- Монголын мэдээ сонин
- Улстөрийн тойм сонин
- Нийгмийн шуудан сонин
"Монголын залуу сэтгүүлчдийн холбоо" ТББ
"Тэргүүлэгч сайтуудын холбоо" ТББ
"Гэрэл зурагчдын холбоо" ТББ
"Үндэсний сайтын хөгжлийн холбоо" ТББ
"Орон нутгийн сэтгүүлчдийн холбоо" ТББ
Ахмад сэтгүүлчдийн төлөөлөл
TV-9 телевиз
Eagle News телевиз
C1 телевиз
NTV телевиз багтаж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...