МАН-ын XXVIII Их хурлын эхний өдрийн хуралдаан завсарлав
- schedule 2017 оны 11 сарын 20
- chat_bubble 0
МАН-ын XXVIII Их хурлын эхний өдрийн хуралдаан түр завсарлаад байна. Хуралдаанд нийт 1309 төлөөлөгч оролцсон байна.
Өнөөдөр 09.00 цагаас СТӨ-нд эхэлсэн Их хурлын үдээс өмнөх хуралдаанд МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлийг сонсов.
Нэг цаг, 30 минут үргэлжлэх илтгэлд МАН-ын даргын албыг хоёр удаа хашиж ажилласан тайлан, 2012-2016 онд цөөнх болж, сөрөг хүчнээр ажилласан болон 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалт, Ерөнхийлөгчийн сонгуульд гурван удаа дараалан ялагдсан зэргийг тэрбээр илтгэлдээ онцолж байв. Мөн намын ялалт, ялагдлын шалтгаан, цаашид баримтлах бодлогын талаар дэлгэрэнгүй тайлагнаж байгаа юм.
Тэрбээр “Нэгэн зууны түүхтэй МАН-ын 28 дахь их хурал эхэлж байна. Манай намын Их хурал болгон Монгол орны шинэ ирээдүйд тэмүүлсэн түүхийн тод хуудас, хөгжил дэвшлийг тодорхойлогч түлхүүр хүчин зүйл болж ирсэн юм. Энэ агуулгаар XXVIII их хурлаас ч гэсэн Монголын ард түмэн ихийг хүсэн хүлээж байгаа. Улс орны хийгээд намын амьдралын тулгамдсан олон асуудалд нэг мөр хариулт өгсөн, зорих зам, хандах зүгээ зөв тодорхойлсон түүхэн ач холбогдолтой хурал болно гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, намынхаа улс төрийн бодлого, үйл ажиллагааг шинэчлэн тодорхойлох, нийгмийг шинэ тэмүүлэлд сэрээн дуудах эрхэм зорилгод тань амжилт хүсье” гээд “Улс төрийн намын хүчтэй байх, зорилгодоо хүрэх, бусдыг араасаа дагуулах чадавхийг ард түмэнтэйгээ ямагт хамт, тэдний дунд байх, зөвлөлдөн ярилцаж санаа бодлыг нь сонсох, бодлого үйл ажиллагааны хэрэгжилтээ тэдэнтэйгээ хэлэлцэх, тэднээр дүгнүүлэх арга барил бүрдүүлж өгдөгийн баталгааг 2016 оны УИХ-ын сонгуульд бидний олсон амжилт харуулсан юм” гэлээ.
Намын даргын илтгэлээс эхлэн хаалттай горимд шилжсэн тус хурал завсарлан, Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, дурсгалын зураг татуулж байгаа юм.
Харин үдээс хойшхи хуралдаан салбар хуралдаанаар үргэлжилж, “МАН-ын дүрмийн шинэчлэл”, “МАН-ын Хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэл” гэсэн хоёр сэдвийн хүрээнд хэлэлцэх аж. Дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх салбар хуралдаан Соёлын төв өргөөнд, Мөрийн хөтөлбөрийн шинэчлэлийг хэлэлцэх салбар хуралдаан Тусгаар тогтнолын ордны Их танхимд хаалттай болно.
Салбар хуралдааны төгсгөлд “XXVIII Их хурлаас гарах уриалга”-ыг хэлэлцэж, мөрийн хөтөлбөр, дүрмээ батлахаар төлөвлөөд байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...