Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээлийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрчээ
- schedule 2017 оны 11 сарын 20
- chat_bubble 0
Үндэсний Статистикийн хорооноос сар бүр Монгол улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын түүвэр судалгааг гаргадаг. Тодруулбал, улсын нэгдсэн төсөв, мөнгө, зээл, үнэт цаасны зах зээл, хэрэглээний үнийн индекс, барилгын гол нэрийн материалын Улаанбаатар хотын дундаж үнэ, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, үйлчилгээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, ажилгүйчүүд, өрхийн орлого, зарлага, дотоодын нийт бүтээгдэхүүн, эрүүл мэнд, гэмт хэрэг,цаг уурын бохирдол, аюулт үзэгдэл, осол, гамшиг зэрэг салбарт хийсэн судалгааны талаар олон нийтэд тайлагнадаг юм. Энэ дундаас мөнгө, зээл, үнэт цаасны салбарт хийсэн судалгааг танилцуулж байна.
ГАДААД ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ БУУРЧЭЭ
Mөнгөний нийлүүлэлт 10 дугаар сарын эцэст 14.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 214.3 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр өсчээ. Мөнгөний нийлүүлэлт 214.3 тэрбум төгрөгөөр буурахад төгрөгийн харилцах 122.4 тэрбум төгрөг, валютын хадгаламж 112.8 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 10 дугаар сарын эцэст 832.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 46.8 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 25.6 тэрбум төгрөгөөр өсчээ.
ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 969.1 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА
ААН, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 10 дугаар сарын эцэст 13.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 34.8 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 820.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 10 дугаар сарын эцэст 969.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 142.1 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 78.4 тэрбум төгрөгөөр өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.2 хувийг эзэлж, өмнөх сараас 1.0 пункт, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр өсчээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 10 дугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 4.3 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 33.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурчээ.
ОНЫ ЭХНИЙ 10 САРД 70.6 САЯ ШИРХЭГ ҮНЭТ ЦААС АРИЛЖЖЭЭ
Үнэт цаасны арилжаагаар энэ оны эхний 10 сард 1.4 их наяд төгрөгийн гүйлгээ хийж, 70.6 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 1.1 их наяд төгрөгөөр өсчээ. Арилжсан үнэт цаас өмнөх оны мөн үеэс 15.0 сая ширхгээр өссөн байна.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар энэ оны эхний 10 сард 721.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеэс 640.6 (8.9 дахин) тэрбум төгрөгөөр өсчээ.
Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2017 оны 10 дугаар сард 20164.6 нэгж болж, өмнөх сараас 2919.8 нэгж, өмнөх оны мөн үеэс 8938.5 нэгжээр өссөн байна.
ТӨГРӨГИЙН ЮАНЬТАЙ ХАРЬЦАХ ХАНШ 0.7 ХУВИАР ЧАНГАРЛАА
Төгрөгийн америк доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2017 оны 10 дугаар сард 2458.69 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 150.89 төгрөг, өмнөх сараас 0.2 хувиар суларчээ.
Харин юаньтай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2371.05 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 27.93 төгрөгөөр суларч, өмнөх сараас 0.7 хувиар чангарсан байна.
Төгрөгийн рубльтэй харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 42.61 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.74 төгрөг, өмнөх сараас 0.2 хувиар суларчээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...