“Шилдэг оюуны өмч бүтээгч”-ийг шалгаруулна
- schedule 2017 оны 10 сарын 23
- chat_bubble 0
Өнөө үед дэлхийн аль ч улс орны хувьд мэдлэгийн хүч, бүтээх чадвар нь тухайн улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсноор барахгүй мэдлэгийг бүтээх, олж авах, эзэмших, дамжуулах, хэрэглэх, хөгжүүлэх нөхцөл боломж, чадавхийг бүрдүүлэхэд тухайн улс орны иргэн бүрийн зайлшгүй анхаарч үзэх чухал асуудал болж байна.
Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог бий болгосноор хүчирхэг, мэдлэгийн эдийн засагтай улс орон болоход чиглэж байна. Уг зорилгын хүрээнд “Монгол улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”, “Инновацийн тухай хууль”, “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Технологи дамжуулах тухай хууль”, “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам”, “Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг өмчлүүлэх, эзэмшүүлэх журам” болон бусад холбогдох хууль тогтоомж, баримт бичиг, үндэсний хөтөлбөрүүдийг батлан гаргаж, цаашид шаардлагатай эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах, бодит үр дүнд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан “Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги”-д тус стратегийн зорилго нь «Иргэдийн бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжиж, оюуны өмчийг хамгаалах эрхзүйн орчныг боловсронгуй болгон оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэх замаар мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох, дэлхийн эдийн засагт эзлэх Монгол Улсын байр суурийг нэмэгдүүлэхэд оршино» гэжээ.
МУИС нь 2011 оны есдүгээр сарын 30-ны өдөр “МУИС-ийн Оюуны өмчийн талаар баримтлах бодлого” батлагдаж МУИС-ийн оюуны өмчийг бүтээх, хамгаалах, аж үйлдвэрт шилжүүлэх, олон нийтийн хүртээл болгоход баримтлах бодлогыг тодорхойлсон. Мөн “МУИС-ийн Технологи дамжуулах журам”-д заагдсаны дагуу МУИС-ийн хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнд шинээр бүтээсэн, сайжруулан хөгжүүлсэн технологийг эзэмших эрх эдлэх, түүнийг зах зээлд нэвтрүүлэх, түүнээс орох ашгийг хуваарилахтай холбогдсон харилцаа зохицуулагдаж байна.
2017 оны 11 дүгээр сард болох Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан манай сургуулийн эрдэмтэн, судлаачдын оюуны өмчийн бүтээлийг бүртгэлжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжих, оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Шилдэг оюуны өмч бүтээгч”-ийг шалгаруулах гэнэ.
Шалгаруулалтыг шинжээчдийн комисс томилж хэлэлцүүлэх ба шалгарсан судлаачдыг цом, мөнгөн шагналаар урамшуулах юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...