Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
- schedule 2017 оны 10 сарын 23
- chat_bubble 0
"Дархлаажуулалтын 10 хоног" эхэлж байгаа болон улирлын томуугийн вакцин хийж эхэлж байгаатай холбогдуулан өнөөдөр ХӨСҮТ-д хэвлэлийн бага хурал боллоо.
Хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ ”Манай эмнэлэгийн харьяа Томуугийн үндэсний төв нь Монгол улсын хэмжээнд томуу, томуу-төст өвчиний тархвар судлалын болон вирүс судлалын тандалтыг зохион байгуулан хэрэгжүүлж, томуу, томуу төст өвчний тахалт болон цартахалт тархалтаас сэргийлэх, таслан зогсооход шаардагдах нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлзүйн арга хэмжээний үндэслэл, арга зүйг боловсруулан авч хэрэгжүүлдэг байгууллага юм.
Манай төв 2004 оноос эхлэн АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвтэй хамтран ажиллаж томуугийн тандалтын тогтолцоог өргөжүүлэн бэхжүүлж, тандалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, бусад олон улсын томоохон байгууллагуудад өндөр түвшинд үнэлэгдэж ирсэн. Иймээс 2015 оны 10 дугаар сард АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн хамтын үйл ажиллагааны хүрээнд “Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллага”-ын “Вакцины тэгш хүртээмжтэй асуудлыг хариуцах” төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Томуугийн вакциныг нэвтрүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа 7 дахь орон болсон юм.
2016/2017 оны томуугийн улиралд 45,000 хүн тун вакциныг үнэ төлбөргүй хүлээн авч томуугийн хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг эрүүл мэндийн байгууллагын ажилчид, цэрэг, цагдаа зэрэг онцгой нөхцөл байдалд ажилладаг хүмүүсийг дархлаажуулсан билээ.
Энэ жилийн томуугийн улиралд дахин 175,000 хүн тун улирлын томуугийн вакциныг хүлээн авахаар Халдварт өвчин судлалын үндэсний төв, Томуугийн үндэсний төв “Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллага”-ын “Вакцины тэгш хүртээмжтэй асуудлыг хариуцах” төвтэй ахин гэрээ байгуулж эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулахаар бэлтгэл ажлыг хангасан, дархлаажуулалтын үйл ажиллагааг эхлэхэд бэлэн болоод байна.
2017 оны аравдугаар сарын 13-ны өдөр эхний ээлжийн 50,000 хүн тун вакциныг АНУ-ын Протейн сайнс корпорациас хүлээн авсан бөгөөд, вакциныг түгээх үйл ажиллагаа эхлээд байна. Бид энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй олон хүн тун вакцин хүлээн авч байгаа хэдий ч эрсдэлт бүлгийн тодорхой хувийг эхний ээлжинд дархлаажуулахаар төлөвлөөд байна” гэв.
Дараа нь ХӨСҮТ-ийн дэд захирал Б.Цацралт-Од хэлэхдээ “Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллага нь төрийн бус, ашгийн төлөө бус байгууллага ба бага дунд орлоготой улс орнуудын эрүүл мэндийн асуудлыг сайжруулах эрүүл мэндийн орчныг сайжруулах, хөгжүүлэх чиглэлээр үндсэн 8 чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг. Эдгээр үйл ажиллагааны нэг нь Томуугийн вакциныг нэвтрүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөр юм.
Тус хөтөлбөрийн үндсэн зорилго нь бага ба дунд орлоготой улс орнуудад томуугийн дархлаажуулалтын тогтвортой хөтөлбөрийг хэрэгжүүлэх ба ингэснээр дэлхийн хэмжээнд томуугаас шалтгаалсан өвчний дарамтыг бууруулж, болзошгүй цартахлын эсрэг хариу арга хэмжээ aвах чадавхийг нэмэгдүүлэх явдал юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд эхний 3-5 жилд хөтөбөр хэрэгжиж буй орнуудад болзошгүй цартахлын үеийн дархлаажуулалтанд шаардлагатай дархлаажуулалтын хөтөлбөрийг боловсруулах, 200 мянга хүртэлх вакциныг үнэ төлбөргүй олгох юм.
Өчигдөр буюу аравдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн 100 гаруй мэргэжилтнийг цуглуулж АНУ-ын ӨХСТ болон Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын мэргэжилтнүүдийг байлцуулан энэхүү хэрэгжиж байгаа хөтөлбөр болон хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа вакцин, ямар эрсдэлт бүлгийг дархлаажуулах талаар дэлгэрэнгүй мэдээллэл өгсөн сургалтыг зохион байгууллаа” гэв.
Хэвлэлийн хурал дээр Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа хэлэхдээ “ДЭМБ-ын Дархлаажуулалтын асуудлаархи стратегийн зөвлөлдөх хорооноос улирлын томуугийн вакцинаар нэн тэргүүнд дархлаажуулах чухал 5 бүлгийг тодорхойлон гаргасан байдаг. Үүнд: жирэмсэн эмэгтэйчүүд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, <5 насны хүүхдүүд (үүн дотроо 6-23 сартай), ахмад настнууд, архаг хуучтай хүмүүсийг тодорхойлсон байгаа.
Олон жилийн судалгаа шинжилгээгээр жирэмсэн эмэгтэйчүүд нь томуугийн шалтгаант хүндрэл (амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлтийн жин буурах гэх мэт), нас баралтад өртөх хамгийн өндөр эрсдэлтэй байдаг болохыг судлан тогтоосон байна.
Улирлын томуугийн идэвхгүйжүүлсэн вакцин нь жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугаас хамгаалах, халдвар авсан ч хүндрэх эрсдэлийг бууруулдаг ба жирэмсний аль ч хугацаанд хийж болох бөгөөд ямар нэг сөрөг нөлөөгүй. 6 хүртэлх сартай нярай хүүхдүүд бусад насны бүлгийн хүүхдүүтэй харьцуулахад томуугийн шалтгаантай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өндөр эрсдэлтэй байдаг. Эхээс авсан дархлаа нь хэвлийд байгаа ургийг томуугийн шалтгаант хүндрэлээс хамгаалж, төрсний дараа 6 сарын хугацаанд томуугийн халдвараас хамгаалдаг” гэв.
Хэвлэлийн хурал дээр Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн 3-5% ТТӨ-тэй гэж оношлогдон, өмнөх долоо хоногтой харьцуулахад бага зэрэг нэмэгдэж байна.
Өвчлөгсдийн 80%-ийг 15 хүртэлх, 70%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.Уушгины үрэвсэл, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт хэвтэгсэдийн дотор 10 орчим хувийг эзэлж, өмнөх долоо хоногоос бага зэрэг нэмэгдсэн байна.
2010/11 оны томуугийн улирлаас эхлэн ХӨСҮТ-ийн вирүс судлалын лаборатори ТХТН-үүдээс ирүүлсэн сорьцонд мультиплекс полимеразийн гинжин урвалын аргаар томуугийн вирүсийг тодорхойлж эхэлсэн. Өнөөгийн байдлаар томуугийн вирүс хүн амын дунд эргэлтэнд ороогүй, томуу төст өвчнийг үүсгэгч иж томуу, риновирүс, бокавирүс эргэлтэнд байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...