Монголын нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдалд үнэлгээ өглөө
- schedule 2017 оны 9 сарын 20
- chat_bubble 0
Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төвийн урилгаар есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Олон улсын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэг (ОУНЭМХН)-ийн үнэлгээний багийнхан Монголын нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдал, үйл ажиллагаанд үнэлгээ, дэмжлэгт зөвлөгөө өглөө.
Үнэлгээний багт дэлхийн хэмжээнд томд тооцогддог АНУ, БНХАУ, Франц, Японы Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн удирдлагууд ирсэн нь өндөр ач холбогдолтой байлаа.
АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн дарга асан, ОУНЭМХН-ийг үүсгэн байгуулагч Жеффри Коплан “Хөгжиж буй орны хувьд нийгмийн эрүүл мэндийн тал дээр Монгол Улс маш дэвшилттэй ажиллаж байгааг хараад НЭМҮТ-ийн хамт олонд талархал илэрхийлье” гэж хэллээ.
Манай улсын нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог ийнхүү анх удаа олон улсын шинжээчид томоор нь үнэлэн дүгнэж, цаашдын үйл ажиллагаа, чанар хүртээмж, үр өгөөж, хүний нөөцийг чадавхижуулахад чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой үнэлгээ өгсөнд НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Б.Цогтбаатар талархалаа илэрхийлж, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн дарга асан, Жеффри Коплан, тус нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Жон Клоуд Дезэнклос нарыг НЭМҮТ-ийн Хүндэт тэмдгээр шагнасныг гардуулж баяр хүргэлээ.
Үнэлгээний нэгдсэн тайлан ирэх аравдугаар сард гарна.
НЭМҮТ нь хүн амын эрүүл мэндийн байдал, тэдгээрийн шалтгаан үр дагаврыг судлах, тандах, хянах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн мэргэжил арга зүйн тусламж, үйлчилгээг явуулж байна.
Тус төв энэ жилийн хувьд “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгаа, "Хотжилтоос үүдсэн эрүүл мэндийн нөлөөлөл ба гэр хорооллын хүн амын эрүүл мэндийн судалгаа", "Өмнөговь аймгийн зарим сумдын уул уурхайн бүс нутагт оршин суух хүн амын эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ",“Тахианы тэжээлийг селенээр баяжуулах замаар өндөгний селений агууламжийг нэмэгдүүлэх нь” зэрэг туршилт судалгааг хийж гүйцэтгээд байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...