Монголоо гэсэн сэтгэл нь байвал аяндаа хүний хүндэтгэл таашаалыг олж чадна
- schedule 2017 оны 7 сарын 26
- chat_bubble 4
Монголын өдөр тутмын мэдээллийн MGLNEWS.MN сайт, Өвөр Монголын Солонго мэдээллийн төвийн Монгол Улс дахь редакцид Бээжингийн Төвийн Үндэстэний их сургуулийн Монгол хэл-утга зохиолын ангийн таван оюутан дадлага хийхээр ирэв.
Тус сургуулийн 3-р дамжааны оюутан А.Давалгааны Монголд ирээд бичсэн нийтлэлийг хүргэе.
-Ордосын жирийн нэгэн малчин айлын нэг өдөр-
Би бол Өвөрмонголын Ордост нутагтай Давалгаан байна. Та нарт өөрийн гэрийн бодит байдлаа танилцуулахаар Ордосын нэгэн малчин айлын ердийн амьдралыг өгүүлье гэсэн юм.
Ордост долоон хошуутай. Би энэ нутгийн өмнөд Отог хошууных. Манай гэр хошуунаас гучин газар /15 км/ зайтай. Машинаар бол 20 минут яваад хүрчихдэг.
Би аав, ээж, ахтайгаа дөрвүүлээ амьдардаг. Аав минь 51-н настай харин ээж 46-тай. Ах минь одоо 25 нас хүрч байна. Би ахаасаа гурван насаар дүү. Аав минь эхээс олуулаа. Ах дүү арваннэгүүлээ. Ээж минь таван хүүхэдтэй айлын охин.
Манай энэ үед хүүхэд төрөхийг хязгаарласнаас айл болгон бараг нэг хоёрхон хүүхэдтэй.
Манайх хашаа байшинд амьдардаг. 6 000 гаруй мү /1мү=666,67 м2/ бэлчээр газартай. Бэлчээр маань голдуу балар /дов толгод/, манх, цайдам тал газар. Тэнд шаваг, зүлэг, аагь, довон, дэрс, буя, улиас, харгана, таана, саагай зэрэг олон зүйлийн ургамал ургадаг.
Манай тэндхийн айл болгон өөрийн гэсэн бэлчээр газартай. Бэлчээрээ төмөр тороор ихэвчлэн хашдаг. Хүүхэд нь том болох цагт бэлчээрээ хүүхдүүддээ хувааж өгөх нь элбэг. Ингэж хувааснаар нэг хүнд ногдох газар нь багасах нь мэдээж.
Аав ээжийг минь бага байхад гаднаас олон хятад хүн хөдөө нутагт ирж суурьшсан гэдэг. Ингээд манай аймагт олон хятад айл суурьшин амьдрах болсон. Тэдгээрийн бэлчээр нь бага, мал нь цөөн харагддаг. Тэд голдуу эрдэнэ шишийн тариалан эрхэлдэг.
Манайх 200 илүү хонь, 40-өөд ямаа, арав гаруй үхэр, туулай, нэг хар муур, нэг “Баавгай” нэртэй хар нохойтой.
Өглөө болгон цай уухад ширээн дээр аам /болсон будаа/, шар тос, шүүмэл, цай байдаг. Мах, айраг, цагаан тос, өрөм, боорцог зэрэг нь өдөр болгон байх биш дээ. Би арвайн гурилыг сүүтэй цай, шар тос, чихэр, өрөмтэй зуураад идэх дуртай. Өдөр болгон идээд ч уйдахгүй. Үддээ бол хуурсан будаа, гурил, мах, ногоо гээд олон зүйлээр хооллодог. Оройдоо ихэвчлэн хөнгөхөн цай уугаад л болчихно.
Миний өглөөний ажил гэрээ цэвэрлэхээс эхэлдэг дээ. Цайгаа чанана. Аав, ээж минь малаа бэлчээсний дараа ирж, бид хамтдаа цайгаа уудаг. Дараа нь малаа услана, гэрийн аар саар ажлаа хийсээр нэг өдрийг өнгөрүүлдэг дээ.
Манайх хоёр үнээтэй. Ээж минь өдөрт хоёр удаа үнээгээ саадаг болохоор бид хангалттай цагаан идээ иддэг.
Хавартаа манай тэнд салхи ихтэй. Манайх 20 гаруй мү газартаа тариа тарьдаг. Хүний хүчээр тарьдаг байснаа одоо дан машинаар тарих болсон. Газартаа шийгээ цацаж, тариагаа тарьж дууссанаар хаврын их ажил дуусна. Зуны эхэнд ямаагаа самнаж, хониныхоо ноосыг хяргана. Бас сайн үнэ тохирвол хэдэн төлөг борлуулна. Намартаа тариагаа хураана. Өвөлдөө мал төллөнө, малаа өвсөөр тэжээнэ.
Бидний тэмдэглэдэг хамгийн том баяр бол шинэ жил. Өөлжин сар /цагаан сарын өмнөх сар/ болсоор бид шинэ жилдээ бэлтгээгээд эхэлчихнэ. Өөлжин сарын 23, 24-нд галаа тахиж, галын будаа иддэг. Галын будаагаа шинийн 1-н хүртэл идвэл сайн гэдэг болохоор их хэмжээгээр чанадаг. Битүүний шөнө бууз идэж, дээдэсдээ түлш түлнэ /өөд бологсоддоо идээ будааныхаа дээжийг өргөж, шатаах/.
Шинийн 1-ний өглөө эртлэн босч, пуужин тавьж шинэ жилээ угтдаг. Тэнгэр гэгээрсний дараа аав ээжтэйгээ хадаг барин мэндчилж, айл аймагтаа айлчилдаг.
Хэдийгээр бид дундад улсад амьдардаг монголчууд боловч бид хоорондоо олон талаараа өөр. Яриа нь хүртэл нэлээд их аман аялгуун зөрөөтэй байдаг. Гэвч бидний монголоо гэх сэтгэл нь нэг, хоорондоо эх хэлээрээ ярилцахад саадгүй, дотно санагддаг.
Би өмнө нь зуны амралтаараа Тунлио, Улаанхадаар явсан. Тэнд монголчууд олноороо байдаг болохоор сайхан санагддаг. Одоо Бээжинд сургуульд сурч байгаа болохоор Хөх хотод очих дуртай. Тэнд монголчууд ихтэй.
Улаанбаатарт ирээд 10 гаруй хонож байна. Эндэхийн юм бүхэн нь монгол. Хүн нь монгол, хувцас нь монгол, идээ ундаа нь монгол, монгол, гэр нь монгол. Зээл дээр яваа хүн бүхэн, хоолны газрын үйлчлэгч, асар, гудамж цэвэрлэгч, хог түүж яваа хүн бүхэн нь монгол. Ажлын байр суурь, юм бүхэн нь ялгаагүй, адилхан эрх тэгш үзэгддэг.
Хэдийгээр зарим халхчууд дундад улсад байгаа монголчуудыг хүлээн зөвшөөдөггүй ч бидний хэл, бичиг, соёл бүгд ижил. Монголоо гэсэн сэтгэл нь байвал аяндаа хүний хүндэтгэл таашаалыг олж чадна.
Ордост Чингисийн онгон бий. Та нар минь манай нутгаар жуулчлахаар ирээрэй!
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...