Б.Содномдаржаа нар хэрэг хийгээд Н.Энхбаярын маргаан
- schedule 2017 оны 6 сарын 28
- chat_bubble 0
Олон нийтийн дунд чамгүй маргаан дэгдээж байсан Б.Содномдаржаа нарын гэж нэрлэгдээд байгаа төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн өнөөдөр буюу зургадугаар сарын 28-нд Дээд шүүхэд хянан хэлэлцэх байсан ч дахин хойшиллоо. Өмнө нь буюу зургадугаар сарын 16-ны өдөр энэ хэргийг Дээд шүүхээр хэлэлцэх байсан ч яллагдагч Т.Чимгээгийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулсан юм. Өнөөдөр мөн л Т.Чимгээгийн өмгөөлөгч гадаадад байгаа гэх шалтгаанаар шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлтийг ирүүлж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсан байна.
Ийн 18 жилийн турш илрээгүй гэгдэж байсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдаад байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ Ц.Амгаланбаатар нарын хэргийг хэлэлцэх хурал хойшилсоор байна.
Сануулахад С.Зориг болон нэг гэр бүлийн дөрвөн хүнийг хэргээ далдлах зорилгоор амь насыг нь хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ Ц.Амгаланбаатар нарт шүүхээс 22-24 жил хорих ял оноогоод байсан юм.
Дээр дурдсанаар анхан шатны шүүх хурлын үеэр маш их маргаан дэгдээж байсан энэ хэрэг Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулианд нэлээд бүдгэрсэн бололтой. Тэгвэл энэ өдөр мөн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой нэгэн маргаан буюу Н.Энхбаярын гомдлыг хянан хэлэлцэх гэж байна.
Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтийг нь Сонгуулийн ерөнхий хороо хүлээн аваагүйг эсэргүүцэж гомдол гаргасан бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож байсан юм. Өнөөдөр Дээд шүүхээс ямар шийдвэр гарах нь тодорхойгүй ч энэ оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж байгаа хуулийн дагуу түүний ялтай байдалд тооцох тухай маргаантай асуудал мөн өөрчлөгдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл долдугаар сарын 1-нээс тэрээр сонгуульд өрсөлдөх эрхтэй болно гэсэн тайлбар бий. Энэ талаар өнөөдөр Дээд шүүхээс албан ёсны тайлбар гарах бололтой.
А.Ану
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...