Даанч дээ. Монголбанк нийтдээ гурван их наяд төгрөгийн алдагдалд оржээ
- schedule 2017 оны 5 сарын 24
- chat_bubble 0
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийсэн юм. Шалгалтаар 0.85 хувийн хүүтэй зээлийг нэлээд хэдэн аж ахуйн нэгжид олгосон зөрчил илэрчээ. Үүнээс гадна Монголбанк нийтдээ гурван их наяд төгрөгийн алдагдалд оржээ. Төвбанк долоон тэрбум ам.долларын валютын интервенц хийж валютын нөөцийг багасгасан. Үүний зэрэгцээ зах зээл дээр байгаа мөнгийг татахын тулд үнэт цаас гаргаж, хүүгийн алдагдал хүлээсэн байна.
Дүгнэлтийг танилцуулсан ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан “Нийгмийн хөгжлийн санд нийтдээ 10 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байжээ. Энэ мөнгөөр Монголбанк ажилтнууддаа орон сууцны дэмжлэг болон их хэмжээний мөнгөн шагнал олгодог байсан зөрчил илэрсэн. Тухайлбал 2012-2016 оны хооронд дөрвөн удаа цалингийн нэмэгдэл хийж, 15-30 хувиар нэмэгдүүлсэн байна” гэлээ.
Шалгалтын дүнг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд тодруулга, асуулт авч буй юм.
УИХ-ын гишүүн Л.Болд: Төв банкинд өнгөрсөн хугацаанд гарсан зөрчлүүдийг сонслоо. Үүнд одоогийн Монголбанкны удирдлагууд ямар байр суурьтай байна вэ?
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Аливаа төрийн байгууллагын жишиг байх ёстой. Тайлбар авах ёстой юм. Монголбанкинд гадна дотнын байгууллага хөндлөнгийн аудит хийсэн. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гарч ажилласан ажлын хэсэг бидэнтэй яриагүй. Энэ мэдээллийг манай хоёр дэд ерөнхийлөгч анх удаа сонсч байна. Би өнгөрсөн даваа гарагийн бүлгийн хурал дээр анх удаа шалгалтын дүнг сонссон. Тиймээс одоо яригдсан дүгнэлттэй холбоотой асуудал бүрийг нэгбүрчлэн ярихад төвэгтэй байна. Энэ дүгнэлтийг албан ёсоор авч танилцсаны дараа саналаа хэлмээр байгаа юм. Аль ч улсын Төвбанк хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, Төвбанкны ерөнхийлөгчийн бүрэн эрх, банкны статус гэж бий. Энэ бүхнийг харгалзан үзэж Эдийн засгийн байнгын хороо шийдвэрээ гаргахыг хүсч байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монголбанкны одоогийнх нь удирдлагууд дүгнэлттэй танилцаагүй гэж байна. Энэ хүмүүс танилцаагүй байхад үүнийг одоо ярих хэрэг байна уу.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 2012-2016 онд их хэмжээний мөнгө салхинд хийсгэсэн гэх яриа яваад байдаг. Энэ үнэн үү, худал уу гэдгийг тогтоохын тулд шалгасан. Улс орны эдийн засгийг ноцтой байдалд оруулсан ийм зүйл дээр танай, манай нам гэж талцах ёсгүй. 2012-2016 онд Монголбанкны явуулж байсан үйл ажиллагаа нь Төвбанкны үйл ажиллагаанаас гадуур зүйл байсан. Тэрбум ам.долларыг Монголбанкны удирдлагууд жил бүр салхинд хийсгэсэн байна. Энэ нь өөрөө Н.Золжаргалд хариуцлага тооцох маш том жишээ юм. Интервенц хийлээ гээд валютын ханш буугаагүй, харин ч төгрөгийн ханш 83 хувиар суларсан. Энэ хариуцлагыг өмнөх удирдлага Н.Золжаргалаар төлүүлэх ёстой. 0.89 хувийн хүүтэй зээл олгож байсан жишээ Монголбанкинд байна. Гэтэл зах зээл дээр зээлийн хүү 22-23 хувь байсан. Үүнийг улстөржүүлж болохгүй. Улс орны эдийн засгаар ингэж тоглож болохгүй гэдэг үүднээс энэ мэдээллийг өгч байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Өнөөгийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал юунаас болов. Үүнд хариулт өгөөч гэдэг ард түмэн. Тэгвэл 2012-2016 онд Монголбанкыг удирдаж байсан хүмүүс өөрийн эрх мэдлээ хэтрүүлж ашиглажээ. Валют арилжаанаас үүссэн алдагдлыг Төвбанкны ерөнхийлөгч хариуцах ёстой. Аливаа зүйлийг хаалттай, нууцын зэрэглэлтэй, цөөхөн хэмжээний банкыг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байсан. Валютын ханш яаж өслөө дөө. Үүнийг дагаад үнийн өсөлт маш ихээр нэмэгдсэн.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ноцтой зөрчил илэрсэн байна. Үүнийг ажлын хэсэг гаргаж ирсэнд талархал илэрхийлье. Гаргаж ирсэн мэдээллийг харахад надад хэлэх үг олдохгүй байна. Даанч дээ. Улс орны өнөөгийн байдал ийм хүнд болчихоод бид гаднаас бадарчлаад гаднын компанийн шахалтад ороод явж байна шүү дээ. Золжаргал гэдэг нөхөр ийм будлиан хийчихээд зугатаагаад явчихдаг. Дөрвөн жилийн дараа ирээд дарга болчихдог байж болохгүй. Үүнд нь хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Шоронд суулгана гэж байгаа юм биш. Энэ бүхнээ ирээд яриад сууж байх хэрэгтэй шүү дээ. Монгол төрд гэмт хэрэг хийсэн хүн бол зугатаагаад алга болдог, хөрөнгөө гадагшаа дотогшоо зувчуулдаг байж болохгүй. Бид улстөржөөгүй. Улс орны эрх ашгийн төлөө буруу зөрүү алдаатай зүйлийг гаргаж ирээд ярьж байна. Ийм хэдэн “хулгайч”, эдийн засгийн “алуурчидтай”-гаа тэмцэх цаг болсон юм биш үү. Би энэ мэдээллийг сонссоныхоо дараа “Та нараас айх зүйл байхгүй шүү. Хорлох гээд үзээрэй” гэж хэлмээр санагдаж байна.
Гэмт хэрэгтэн болгон зугатааж чадаж байна. Монголчууд нэгдэж эдийн засгийн эрх ашгийн төлөө шударга явмаар байгаа шүү. Улс орон гэж байгаа юм бол ярих цаг нь болсон. Би ОУВС бидэнд баяр хүргэх байх гэж бодож байна. Гишүүд битгий зугт. ОУВС-д Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэхийн төлөө ажиллаж байна гэж утасдаж хэлэх хэрэгтэй. Яагаад ийм зүйл ярьж болдоггүй юм. Т.Аюурсайхан гишүүн цаашид төрийн ажилд анхаарах зүйл байна. Ялангуяа дүгнэлтээ Монголбанкны удирлагуудад танилцуулах ёстой. Энэ хүмүүст ажлаа тайлагнаж байгаа юм биш, ийм зүйл болсон байна гэж танилцуулж, мэдээлэлтэй болгох хэрэгтэй юм. Яагаад гэвэл эд нар УИХ-ын чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед гишүүдэд “байцаагдана” шүү дээ.
Ийн гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дахин хэлэлцэхээр болсон юм. Энэ хүртэл Монголбанкны удирдлагууд ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах юм байна.
Энэ зөрчлийг үндэслэн ажлын хэсгээс дараах саналуудыг гаргалаа. Үүнд, Монголбанкны Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг хуулиар зааглах, өөрчлөлт хийх, Монголбанкны алдагдлыг бууруулах чиглэлийг бууруулах арга хэмжээ авахыг даалгах, Хуримтлагдсан алдагдлыг барагдуулж дуусах хүртэл Монголбанкны удирдлага, ажилтнуудын цалинг нэмэхгүй байх, Нийгмийн хөгжлийн сангаас орон сууцны дэмжлэг, шагнал урамшуулал өгөхгүй байх, шахатууны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хууль зөрчиж хэрэгжүүлсэн учир 488.4 тэрбум төгрөгийг буруутай этгээд буюу тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Золжаргалаар нөхөн төлүүлж, хуулийн хариуцлага тооцуулах зэрэг саналыг гаргажээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...