Элэгний сорвижил болон хатуурлын эмгэг жам, оношилгоо, эмчилгээний тухай цухасхан өгүүлье!
- schedule 2017 оны 4 сарын 28
- chat_bubble 0
АУ-ы докторант Ч.Гансүх
Элэгний сорвижил нь цочмог болон архаг элэгний гэмтлийн хариу урвал болсон шарх эдгэрэлтийн процесс юм. Арьсан дээр үүссэн шарх эдгэхдээ сорвиждогийн адилаар элэгний цочмог болон архаг гэмтэл нь элэгний сорвижилд хүргэдэг. Элэгний сорвижил болон хатуурал нь дэлхийн хүн амын үхлийн шалтгааны нэлээдгүй хувийг эзлэх бөгөөд монгол орны хувьд элэгний хатуурал болон элэгний эсийн хавдраас үүсэлтэй нас баралт нь хүндхэн асуудлуудын нэг болчихоод байгаа тухай бид сайн мэдэх билээ. Иймээс энэхүү өгүүлэлдээ элэгний сорвижил болон хатуурлын эмгэг жам, оношилгоо, эмчилгээний тухай цухасхан өгүүлэхийг хичээлээ.
Зураг 1.
Элэгний архаг үрэвсэлт өвчнүүд (элэгний В, C, D вирусын халдвар, архагшилт), архины бус шалтгаант элэгний өөхлөлт (NAFLD), архины бус шалтгаант элэгний өөхлөлт үрэвсэл (NASH), архины шалтгаант элэгний үрэвсэл, аутоиммун элэгний өвчин нь элэгний сорвижилтийн үндсэн шалтгаанд ордог.
Одоохондоо элэгний хатуурлын цорын ганц эмчилгээ нь элэг шилжүүлэн суулгах учраас бид элэгний сорвижилтын үе шатанд нь аль болох удаан барих, сорвижилтын үндсэн шалтгааныг арилгах, сорвижилтыг эргүүлэх эмчилгээний бодлого баримталж ажиллах хэрэгтэй. Элэгний биопси нь элэгний хатуурал, сорвижилтын зэргийг үнэлэх алтан стандарт юм. Хэдийгээр оношилгооны мэдээлэл сайн боловч энэ нь инвазив арга бөгөөд хаанаас эдээ авснаас хамааран шинжилгээний хариу янз бүрээр гардаг. Иймд өвчтөнд зовиургүйгээр элэгний сорвижил, хатуурлын зэргийг тогтоож чадах оношилгооны арга болон цусны биомаркер тест хэрэгтэй байгаа билээ. Энэ тал дээр хэдийгээр төгс биш боловч нэлээдгүй дэвшил сүүлийн 10 жилд гарчээ.
Transient elastography (FibroScan) нь сүүлийн үед хамгийн түгээмлээр хэрэглэгдэх болсон элэгний сорвижилт, хатуурлын зэргийг тогтоодог инвазив бус арга юм. Энэ нь пульс ультра дууг ашиглан элэгний хатуурлын зэргийг тогтоодог. Энэхүү аргын дутагдалтай тал нь хавирга хоорондын зай багатай болон тарган хүмүүст оношилгоо явуулахад бэрх байдаг. Элэгний үрэвсэл явагдаж байгаа өвчтөнд элэгний хатуурал, элэгний үрэвсэл, хавагналтыг ялгаж таних боломжгүй байдаг зэрэг юм.
Цусны биомаркерууд
Хэд хэдэн цусны биомаркеруудыг элэгний сорвижилт, хатуурлын зэргийг тогтооход хэрэглэдэг. Эдгээрээс хамгийн хийхэд амархан, мэдээлэл сайтай арга нь APRI юм. Мөн бусад хэрэгтэй аргуудаас Fibrometer, ELF panel, Fibrospect II, Fibroindex орно. Хэд хэдэн аргыг хавсарсан байдлаар хийвэл илүү үр дүнтэй. Ялангуяа Transient elastography-г цусны 1 юм уу 2 маркертай хамтруулан үзвэл илүү үр дүнтэй. Миний бодлоор Transient elastography, APRI, ELF panel гэсэн гурвал мэдээлэл их өгнө, мөн үнэ хөлсний хувьд харьцангуй боломжтой юм. Transient elastography-гаар элэгний хатуурлын талаар ультра дууны тусламжтай мэдээлэл авна. APRI-ын хувьд АСАТ, болон ялтас эсийн тоог л ашиглан хамгийн хямдхан амархан хийж болох тест.
Зураг 2.
Харин ELF panel нь фиброзын эмгэг жамтай холбоотой фиброз болж байгаа эдээс цусны урсгалд урсан орсон факторууд болох коллаген III, гиалуроны хүчил, TIMP-1-ыг тодорхойлдог тест юм.
Хэдий одоогоор батлагдсан сорвижилтын эсрэг найдвартай эм байхгүй байгаа ч эмчилгээний стратегийн хувьд юуны өмнө сорвижилтын шалтгааны эсрэг эмчилгээ хийх хэрэгтэй. Үүнд элэгний С вирусын эсрэг эмчилгээ, элэгний В болон D вирусын эсрэг эмчилгээнүүд хамгийн эхний эгнээнд орно. Элэгний сорвижилтын эсрэг эмчилгээ дараах чиглэлүүдээр байж болно.
1. Элэгний эсийн гэмтэл, элэгний үрэвслийн үндсэн шалтгааныг арилгах
2. Үрэвсэл болон дархлааны хариу урвалыг тогтворжуулах
3. Элэгний сорвижилтын эмгэг жамд чухал үүрэгтэй уургийг өвөрмөцөөр өдөөх эсвэл саатуулах
4. Фиброгенезыг саатуулж, эсийн гаднах матриксын нийлэгжилтийг хориглох
5. Сорвижилтыг эргүүлэх эмчилгээ. Үүнд сорвижсон эдийг задлах, идэвхижсэн одлог эсийн апоптозыг өдөөх, элэгний эс шилжүүлэн суулгах
Дууссан клиникийн триалуудаас дүгнэхэд Pentoxifylline (Трентал) нь богино хугацаанд элэгний хатуурлын эмчилгээнд үр дүнгүй боловч элэгний хатуурлын хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй, Pioglitazone (диабетын эмчилгээнд хэрэглэгддэг) эмчилгээ нь плацеботой харьцуулахад фиброзын эсрэг үйлдэлтэй, Витамин Е эмчилгээ нь фиброзын эсрэг илэрхий үйлдэлтэй байгаа нь харагдсан байна. Одоо клиникийн триалд Витамин Е болон Pentoxifylline-ны хавсарсан эмчилгээ, Витамин Е болон Pioglitazone хавсарсан эмчилгээ, Tocopherol эмчилгээ, Lovaza, аутологи мезенхимийн үүдэл эсийн шилжүүлэн суулгах эмчилгээ, Candesartan (ангиотензин рецептор хориглогч), Losartan (ангиотензин рецептор хориглогч), Irbesartan (ангиотензин рецептор хориглогч), FG-3019 (холбогч эдийн өсөлтийн гормоны эсрэг үүссэн эсрэг бие) гэх зэрэг эмчилгээнүүд явж байна. Сонирхолтой нь фиброзын эсрэг хэрэглээнд нэвтрүүлэх гэж байгаа эмүүд нь ихэвчлэн клиникийн практикд урьд нь нэвтэрсэн эмүүд байгаа юм. Судасны гаралтай тэнэгрэлийн үед мөн тархины судасны бичил цусны эргэлтийг сайжруулах зорилгоор хэрэглэдэг Pentoxifylline (Трентал) нь TNF alpha –ын эсрэг үйлдэлтэй бөгөөд энэхүү үйлдлийг нь элэгний сорвижилтын эсрэг ашиглаж байгаа хэрэг юм. Харин Pioglitazone эмийн хувьд диабетын эмчилгээнд өргөн ашиглагддаг бөгөөд PPAR gamma-г идэвхижүүлэх нөлөөтэй ажээ. Эмгэг жамын хэсэгт дурьдсан ёсоор PPAR gamma идэвхижсэнээр элэгний одлог эс тайван байдалдаа эргэн ордог байна. Энд бичигдсэн эмүүдийн ихэнхийнх нь клиникийн триал дуусаагүй байгаа бөгөөд FDA албан ёсоор эмчилгээнд хэрэглэхийг батлаагүй болохыг анхааруулж байна.
Innovation Анагаахын Шинжлэх Ухааны сэтгүүл.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...