Испани улсын Ерөнхий сайд авлигын хэрэгт гэрчээр оролцоно
- schedule 2017 оны 4 сарын 21
- chat_bubble 0
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, вэб сайтад энэ дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тоймыг АТГ-аас нийтэлсэн байна.
Энэхүү нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.
Испаний Ерөнхий сайд авлигын хэрэгт гэрчээр оролцоно
Испани улсын Ард түмний намтай холбоотой авлигын хэрэгт тус улсын Ерөнхий сайд Мариано Рихой-г гэрчээр оролцуулахоор болсон байна.
Ийнхүү түүнийг оролцуулах шийдвэрийг шүүх гаргажээ. Учир нь, Испани улсын хуулиар тухайн хүн нь ерөнхий сайд эсэхээс үл хамааран, шаардлагатай гэж үзвэл шүүх ажиллагаанд хэнийг ч гэрчээр оролцуулж, мэдүүлэг авч болдог юм байна.
“Гуртэл” гэж нэрлэгдсэн хэрэг нь Испани улсад гарч буй хамгийн том авлигын хэрэг ажээ. Мөрдөн байцаалтаар Испаний Ард түмний нам 18 жилийн турш давхар данс хөтөлж байсан нь тогтоожээ. Тухайлбал, 1990-2008 оны хугацаанд албан бүртгэлээс гадна хэд хэдэн зарлагын бүртгэлийн данстай байсан байна.
Уг хэрэгт Ард түмний намын нягтлан бодогч Луис Барсенас буруутгагдаж байгаа бөгөөд тэрээр өмнө нь 2013 онд хэрэгт холбогдон баривчлагдаад 2015 онд батлан даалтаар гарсан юм байна.
Барсенас өгсөн мэдүүлэгтээ намын удирдлага хоёр данс хөтөлдөг байсныг нь мэдэж байсан бөгөөд тэр данснаас шагнал урамшуулал авдаг байсан тухайгаа дурджээ.
Уг асуудалтай холбогдуулан тус улсын сөрөг хүчний нам ерөнхий сайдыг огцрохыг шаардсан бөгөөд түүнийг дэмжсэн олон нийтийн жагсаал цуглаан одоо болж байгаа ажээ.
Эх сурвалж: https://ria.ru/world/20170418/1492495372.html
ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка хуулийн этгээдтэй холбоотой авлигын асуудлыг мэдээлсэн хүнийг хариуцлагаас чөлөөлж байх саналыг дэвшүүлжээ
Хуулийн этгээдтэй холбоотой хахуулийн асуудлыг мэдээлсэн хүнийг хариуцлагаас чөлөөлж байх тухай саналыг ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка дэвшүүлсэн байна.
Хуулийн этгээдтэй холбоотой авлигын гэмт үйлдэлд хүлээлгэх олон төрлийн хариуцлагын арга хэмжээний тухай хуульд заасан байдаг боловч энэ нь нийгэмд төдийлөн сайн нөлөөлж чаддаггүй учир Ерөнхий прокурорын дэвшүүлсэн энэ саналыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Авлигатай тэмцэх газар дэмжсэн гэж тус байгууллагын тамгын газрын дарга Валерий Волков Риа новости-т мэдээлжээ.
Мөн тэрээр прокурорын байгууллга захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хахуулийн хэргээ сайн дураар илчилсэн хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх асуудлыг идэвхтэй зохион байгуулан ажиллаж байгаа талаар дурдсан байна.
ОХУ-ын Ерөнхий прокурорын дэвшүүлсэн саналыг тус улсын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев, Мөрдөн шалгах хорооны дарга Александр Бастрыкин, Холбооны аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников нар өмнө нь дэмжиж байсан гэнэ.
Дашрамд сонирхуулахад, ОХУ-ын Засгийн газар авлигатай тэмцэх эрх зүйн шинэ санаачилга боловсруулахаар ажиллаж байгаа талаар Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн ажилтан Дмитрий Песков мэдээлжээ.
Эх сурвалж: https://russian.rt.com/russia/news/379887-chaika-predlozhenie-korrupciya
Египетийн Ерөнхийлөгч асан Мубаракийн Засгийн газрын Дотоод хэргийн сайдад улсын хөрөнгийг завшсан хэрэгт ял оногдуулжээ
Өнгөрсөн бямба гарагт Египет Улсын Ерөнхийлөгч асан Мубаракийн Засгийн газрын Дотоод хэргийн сайдаар 1997-2011 онд ажиллаж асан Хабиб Эл-Алди-г улсын хөрөнгөөс 110 сая ам.доллар завшсан гэж буруутган, 7 жилийн хорих ял оногдуулсан байна.
Дотоод хэргийн яамны төсвөөс мөнгө завшсан хэрэгт тус яамны сайд асан энэ Хабиб Эл-Алди-гээс гадна өөр 10 сайд холбогдон, шийтгэгджээ.
2011 онд Египет улсын Засгийн газрын 100 орчим албан тушаалтан шалгагдаж байсны нэг нь энэхүү Хабиб Эл-Алди гэгч байжээ.
Шүүх тэдний авлига, мөнгө угаасан хэрэгт 12 хүртэл жилийн хорих ял, 2,5 сая ам.долларын торгууль оногдуулж, харин бослого гаргагч нарыг алж хядсан хэрэгтнүүдэд насан туршид нь хорих ялаар шийтгэсэн байна.
Эх сурвалж: https://www.occrp.org/ru/daily/6334-mubarak-s-enforcer-sentenced-for-stealing-110m-in-public-funds
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...