Гаалийн хяналтыг боловсронгуй болгох талаар санал солилцлоо
- schedule 2017 оны 3 сарын 28
- chat_bubble 0
ИНЕГ-аас Буянт-Ухаа дахь Гаалийн газартай хамтран гаалийн хяналтыг боловсронгуй болгох чиглэлээр агаарын тээвэрлэгчид болон холбогдох бусад байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгууллаа.
Сүүлийн жилүүдэд гааль болон бизнесийн харилцаанд ихээхэн өөрчлөлт орж, гааль, бизнестэй ойр дотно байснаар түүний хэрэгцээ шаардлага, аюулгүй байдлыг ханган, худалдааг хөнгөвчилж, зардлыг багасгаж чадна гэж үзэх болжээ. Дэлхийн Гаалийн байгууллагаас ч гишүүн орнуудын гаалийн байгууллагад хандаж гаргасан зөвлөмждөө “эдийн засгийн өсөлтийг хангахад гаалийн байгууллага нь гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн хяналтанд эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлэх, гааль-бизнесийн түншлэлийг хөгжүүлэх, хилийн зохицуулалттай менежментийг нэвтрүүлэх” нь чухал гэдгийг онцлон дурдсан байна.
Өнөөдрийн байдлаар манай улсын хил, хяналтын байгууллагууд зорчигч болон бараа, тээврийн хэрэгслийг дахин дахин шалгадаг, шалтгаангүйгээр ачаа бараа саатуулдаг, эрсдэл тооцдоггүй, эрсдэлийн тухай мэпээллийг хоорондоо солилцдоггүй, бараанд хэт анхаарал хандуулдаг, мэдээллийн технологи, хяналтын хэрэгслийн ашиглалт хязгаардлагдмал, биет үзлэг их хийдэг, байгууллага болгон өөрийн эрх ашгийн үүднээс асуудалд ханддаг. Тиймээс агаарын хилийн боомтод ажиллаж буй хил, гаалийн хяналтын байгууллагуудын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, мэдээллээ харилцан солилцон, хяналтын тоног төхөөрөмжүүдийг дундаа ашиглаж, нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлснээр зорчигч бараа, тээврийн хэрэгслийн урсгалыг шуурхай, найдвартай нэвтрүүлэх боломжтой гэдгийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрынхан мэдээлэлдээ онцоллоо.
Зорчигч урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажил зохион байгуулж байгаа болон Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орох ойртож байгаа энэ үед хил, гаалийн хяналтыг боловсронгуй болгох талаар холбогдох байгууллагуудыг оролцуулсан уулзалтыг олон удаа зохион байгуулна гэдгийг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом мэдэгдлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...