Ардчилсан нам бизнесийн байгууллага уу?
- schedule 2017 оны 3 сарын 14
- chat_bubble 0
Ардчилсан Нам шинэ даргатай болоод удаагүй байна. Магадгүй энэ намын гишүүд С.Эрдэнэ даргаас дэндүү их ярьсан эрс шинэчлэлтийг хүссэн байх.
Гэтэл шинэ даргын эрс шинэчлэлийн эхний ажил нь АН-ын гишүүдийн татвар, хураамжийг нэмэгдүүлэх байжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийнхүү дотоод сонгууль явуулж намын нөхдөө хооронд нь талцуулж, хүчээ, мөнгөө барсан ажил хийж буйг намын гишүүд нь эсэргүүцэж буй бололтой. Юу л болоод байна даа.
Ардчилсан намын Дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх бүртгэлийн ажиллагаа өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-ны өдрийн 16:00 цагаар дуусгавар болох байв.
Гэвч нийтээр тэмдэглэх баярын өдөр, амралтын өдрүүд бүртгэлийн үйл явцтай давхцаж таарсан нь зарим нэр дэвшигчийг бичиг баримтын бүрдлээ хангах, дэнчин, хураамжаа төлөхөд хүндрэл учруулсан талаар Дотоод сонгуулийн хороонд санал, хүсэлт иржээ. Үүнтэй холбоотойгоор нэр дэвшигчдийг бүртгэх хугацааг энэ сарын 15 буюу ирэх лхагва гариг хүртэл сунгахаар албан ёсны тогтоол шийдвэр гарсан байна.
Түүнчлэн энэ сарын 13-ны өдрийн 15:00 цагийн байдлаар авсан мэдээллээр Ардчилсан намын Хууль дүрмийн бодлогын газрын Гишүүнчлэл бүртгэлийн албанаас Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөөр 620 хүн лавлагаа авчээ. Эдгээр хүмүүсээс материалаа бүрдүүлж татвараа төлсөн буюу нэр дэвших эрхээ авсан 374 хүн байгаа юм байна.
Түүнчлэн Аймаг, дүүргийн намын хорооны даргын 25 суудалд өрсөлдөхөөр 38 хүн бүртгүүлж, дэнчин, хураамжаа төлжээ. Харин Нийслэлийн намын хорооны даргад өрсөлдөхөөр Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны дарга С.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар бүртгүүлээд байгаа юм байна.
Ардчилсан намын Дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа энэ сарын 15-ны өдрийн 00:00 цаг хүртэл үргэлжлэх бол ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр АН-ын бүх гишүүд Дотоод сонгуульдаа оролцож саналаа өгөх юм. Дашрамд дурдахад, нэр дэвшигчдийн төлөх дэнчин, хураамжийн хувь хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...